Академийн шагнал буюу Оскарын шагнал нь жил бүр зохион байгуулдаг, киноны уран бүтээлчдийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг анх Метро Голдвин Мэйр студийн дарга Луис Б.Мэйр сэджээ. 1927, 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны тавдугаар сарын 16-нд Х Рузвельт зочид буудалд зохиогдож байв. Анхны ёслол 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байжээ. Түүнээс хойш жил бүр зохион байгуулагдсан бөгөөд шинэ шинэ номинаци нэмсээр байгаа билээ. Шилдэг туслах дүрийн шагналыг хожуу буюу 1936 онд нэмсэн юм. 1942 оноос өмнө дэлхийн II дайны жилүүдэд тус наадмыг цом болох алтадсан баримлыг жирийн баримлаар хийдэг байжээ.
1945 онд жүжигчин Бари Физгэралд шилдэг эрэгтэй гол ба туслах дүрд зэрэг нэр дэвшиж байжээ. Үүний дараахан номинациудын журамд өөрчлөлт оруулж ийм явдал дахин давтагдаагүй байна. Түүнээс хойш 1948 онд шилдэг гадаад хэл дээрх кино номинаци нэмэгдэж, анхны гадаад хэлээр гардаг киноны шагналыг Италийн “Shoe-Shine” авсан байна. “Оскар”-ын ёслолын ажиллагааг анх 1953 онд телевизээр цацаж эхэлжээ. “Ben-Hur” 1959 онд хийсэн киногоор 1960 онд “Оскар”-ын түүхэнд дээд амжилт тогтоож 12 номинацид өрсөлдөж, 11-ийг нь авсан удаатай.
1973 онд шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн жүжигчин Марлон Брандо Америкийн индиан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эсэргүүцэл илэрхийлэн шагналаа авахаас татгалзжээ. Ёслолын ажиллагааны үеэр тайзан дээр түүний өмнөөс индиан бүсгүй гарч, индианчуудын эрх ашгийг хамгаалахыг уриалж байв.
1998 оны ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнээс гадна тухайн кино тэр жилийн гадаад хэл дээрх шилдэг кино болсон юм. Тэрээр нэг үдшийн дотор хоёр шагналын эзэн болсон байна. Энэ кино одоо америкчуудын дурлан үздэг киноны нэг болжээ.
2001 оны улаан хивсний ёслолын үеэр Исландын дуучин Бжоркийн өмссөн хунг дүрсэлсэн загвартай цагаан даашинз “Оскар”-ын түүхэн дэх хамгийн өвөрмөц даашинзны нэг болсон.
1949 онд шилдэг хувцасны дизайнер номинаци нэмэгдсэн бөгөөд хар цагаан, өнгөт кино гэсэн хоёр шагналтай байж. Тус шинэхэн шагналын анхныхыг “Joan of Arc“ киноны дизайнер Дороти жэкинс, Барбара каринска нар авсан бол, хар цагаан төрөлд “Hamlet”-ын хувцсаар дизайнер Рожэр К.Фюрс шалгарчээ. 1968 оноос эхлэн хар цагаан киноны шагнал хасагдаж дан өнгөт киноны шилдэг хувцасны шагнал гардуулдаг болжээ.
1940 оны ёслолын үеэр “Gone with the wind” кино нийт найман номинацид нэр дэвшин өрсөлджээ. Киноны туслах дүрд тоглосон хар арьст жүжигчин Хэти Мак Даниел энэхүү наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнээр анхны хар арьст жүжигчин болсон юм. Оскарын шагнал хүртсэн анхны ази жүжигчин 1958 онд Японы жүжигчин Миёоши Үмэски “Sayonara” киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж “Оскар”-ын шагналтай анхны Азийн жүжигчин болсон түүхтэй.
“Оскар”-ын шагналд нэр дэвшиж буй бүтээлүүдийн шилдгийг санал хураалтаар тодруулдаг журамтай байсан ч 1945 оноос эхлэн мөрдөж ирсэн уг дүрэмд өөрчлөлт оржээ. Нэг хүн нэг кинонд санал өгөхөө больж, кино бүрийг 1-10 гэсэн оноогоор үнэлэх болсон байна. Ингэснээр хамгийн их үнэлгээтэй кино тодруулж болох тухай шагнал гардуулах академийн захирал Том Шэрак ярьж байсан удаатай.
Энэ жил зохиогдох 88 дахь удаагийн Оскарын шагналын нэр дэвшигчид хэдийнэ тодроод байгаа юм. Өнөө жилийн Оскарын шагнал хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Долби театрт болох юм. Энэ удаагийн ёслолыг алдарт инээдмийн жүжигчин Коис Рок хөтөлнө. Тэрээр 2005 онд 77 дахь удаагийн наадмыг хөтөлж байсан юм.
Энэ жилийн шагнал гардуулах ёслол бусад жилээс илүү сонирхолтой болох хандлагатай байгаа. Үүний том шалтгаан бол жүжигчин Леонардо Ди Каприо “The Revenant” уран бүтээлээрээ шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байгаа явдал. Өдгөө 42 нас хүрч байгаа жүжигчин Каприо “Оскарын шагналтан” хэмээх алдар хүндийг авч үзээгүй юм. Харин хэдхэн хоногийн өмнө болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “The Revenant” бүтээлээрээ хүртсэн юм.
Энэ удаагийн наадамд хамгийн олон төрөлд өрсөлдөж байгаа уран бүтээлээр найруулагч Алехандро Г.Инарритугийн “The Revenant” 12 төрөлд өрсөлдөж байгаа бол найруулагч Жеорж Миллерийн бүтээл “Mad Max” арван төрөлд өрсөлдөж байна. Мөн бидний сайн мэдэх “Оддын дайн” цуврал уран бүтээлийн сүүлчийн анги болох “Star Wars: The Force Awakens” Оскарын шагналд нэр дэвшиж байгаа нь кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.