2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна гэж мэдээллээ. Энэ талаар ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн “Цагдаагийн байгууллагад орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн” гэлээ.