Өнгөрөгч мягмар гарагийн өглөө ОХУ-ын алс Дорнод дахь хүүхдийн зуслан шатаж, дөрвөн хүүхэд амь үрэгджээ.
Москва хотоос зүүншээ 6000 км-ийн зайтай Хабаровск мужид байрлах энэхүү хувийн зуслан нь асар хэлбэрийн сууцуудтай. Тухайн үед зусланд 189 хүүхэд амарч байснаас гал гарах үед 61 нь асар дотор байжээ. Уг гал түймрийн улмаас гурван охин, нэг эрэгтэй хүүхэд амь үрэгдэж, 20 асар шатсан байна. Амиа алдсан хүүхдүүд 11-13 насныхан байсан бөгөөд газар дээрээ нас барсан охин тэр өдөр 11 нас хүрж байжээ. Бусад гурван хүүхэд нь эмнэлэгт очоод шархаа даалгүй өнгөрсөн байна. Гал гарах үеэр 11 настай Александр хэмээх хүү өөрөө түлэгдэж, гэмтэн байж олон хүүхдийг галаас аварч, чирч гаргаж байсан гэнэ. Харамсалтай нь, хүү эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа дийлэлгүй нас баржээ.
Зуслангийн захирлыг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Бүс нутгийн захирагч Сергей Фурал нь энэ хэргийн талаар нэлээн сүүлд мэдсэн бөгөөд үүнийг нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев буруушаасан байна. Харин захирагч “Хувийн зуслан байсан болохоор тэнд үйл ажиллагаа явуулдаг ийм зуслан байдаг гэдгийг нь хэн ч мэдээгүй” хэмээн тайлбар хийжээ. Уг харамсалтай хэргийн улмаас Хабаровск муж даяар гурав хоногийн гашуудал зарлаад байгаа аж.
А.МӨНХЗУЛ