Categories
мэдээ нийгэм

Оросын түүхч 1932 оны бослогын талаарх номын дээжээ өргөн барив

Түүхч С.Л.Кузьмин, Ж.Оюунчимэг нарын бичсэн “Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого” хэмээх номын нээлт болон энэ асуудлаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Зохиогчид 1932 оны зэвсэгт бослого юунаас болж яагаад гарах болсон нөхцөл байдал, босогчид хэнийг түшиглэсэн, бослого яагаад дарагдсан зэрэг асуултад өмнө нь хаалттай, хэвлэгдэж байгаагүй оросын архивын материалуудыг түшиглэн хариулахыг хичээжээ.

Тэд архивын олон эх сурвалж, баримт бичгүүдийг шүүн тунгааснаар үнэн хэрэгтээ энэ бослого гарах болсон шалтгаан нь түвд, япон буюу монголын дээд лам нар, феодалууд биш байжээ.Түүний дотоод шалтгаан нь тухайн үед МАХН-аас хэрэгжүүлсэн “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь ЗСБНХУ-д БХК/б/Н-ын хэрэгжүүлж байсан социализмыг Монголд экспортлосон явдал байв гэж дүгнэсэн байна.

1922-1932 оны хооронд Монголд хуйвалдаан ба бослого 20 удаа гарч тэдгээр нь лам феодалуудын эсрэг биш, харин шинэ засгийн газрын эсрэг чиглэсэн бослогууд байсан байна. Эдгээрээс хамгийн өргөн хүрээтэй бослого 1932 онд гарсан бөгөөд түүнд үрэгдсэн босогчдын тоо 1915 хүн, засгийн газрын отрядуудаас 409 хүн алагдсан байна.

Зохиогчид номондоо, ОХУ, Монгол Улсын архивын 90 гаруй баримт, эх сурвалж, газрын зураг, гэрэл зургуудыг хавсаргажээ.

Энэ номыг хянан тохиолдуулсан О.Батсайхан нь 1932 онд Монголд болсон түүхэн үйл явдлын талаарх дотоод, гадаадын мэдээ, баримт бичгүүдийг харьцуулан үзэж, уг бослого гарахын өмнөх үйл явц, бослого гарах үеийн нөхцөл байдал, бослогын үйл явц, түүний үр дагавар, зорилго, арга, талуудын хүчний харьцаа зэргийг нягтлан үзэх оролдлого хийсэн нь сайшаалтай гэжээ.

Номын нээлтийн арга хэмжээ, хэлэлцүүлэгт номыг зохиогч С.Л.Кузьмин, Ж.Оюунчимэг болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөлөл оролцов.

Энэ номыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ивээн тэтгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *