-“Боинг” унах агшинд тэр цэгт цэргийн онгоц байжээ-
Malaysia Airlines компанийн «Боинга-777» унах агшинд тэр цэгт Украины байлдааны Су-25 байсан ба хоёр онгоцны хоорондын зай 3-4 километрээс хэтрээгүй байв. Энэ тухай Malaysia Airlines компанийн «Боинг-777» онгоцыг 2014 оны долдугаар сарын 17-нд устгасантай холбоотой хэргийн талаарх Оросын Батлан хамгаалах яамны тусгай брифинг дээр мэдэгдсэн байв. Тусгай хэвлэлийн бага хурлыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оперативын төв газрын дарга дэслэгч генерал Андрей Картаполов долдугаар сарын 22-нд хийлгэсэн байна.
Тэр тэмдэглэхдээ, Су-25 онгоц нь маш богино хугацаанд 10 мянган метрийн өндрийг авах чадвартай гэв. “ Мөн 12 км-ийн алсын байг барин сөнөөх чадвартай “агаар-агаар” ангиллын “Р-60” пуужингууд байгаа. Байг сөнөөх баталгаатай тусгал нь таван км-ын дотор” гэж генерал мэдэгдэв. Энэ үеэр Цэргийн нисэх хүчний штабын дарга дэслэгч генерал Игорь Макушев үг нэмэн “ Украины албаны хүмүүс тэр өдөр Украины байлдааны онгоцнууд онгоцны ослын районд байгаагүй хэмээн мэдэгдэж байсан” гэж сануулав.
Үүнээс гадна Боинг задран унах үеийн 17:21 цагт мөн тэр цэгт байлдааны онгоц байж магадгүй бас нэг нисэх аппаратыг дөрвөн минутын турш Оросын нутаг дэвсгэр дэх Усть-Донецк ба Бутурино дахь радиолокацийн постууд ажигласан. Өмнө нь тэр онгоцыг нислэгийнх нь өндрөөс болон илрүүлж чадаагүй байв. Тэр бүсийн агаарын орон зайг хянах жижүүрийн төхөөрөмжүүд нь агаарын орон зайг 5000 метрийн өндрөөс эхлэн хянаж чаддаг ажээ.
Оросын Батлан хамгаалах яам, Малайзийн онгоц 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр сүйрсэн районы хиймэл дагуулын болон радиотехникийн хяналтын зургуудыг танилцуулсан байна. Районд Украины зэвсэгт хүчний зенитийн пуужингийн “Бук” цогцолборын (ЗПЦ) гурваас доошгүй дивизионыг байрлуулсан байв. Бодит хяналтын хэрэгслүүдээр 17-ны өдөр зенитийн пуужингийн “Бук” цогцолборын радиолокацийн 9С18 «Купол» станцуудын ажиллагааны идэвхжилийг бүртгэсэн байлаа. Нийтдээ есөн станц ажиллаж байжээ. Харин 15 ба 16-ны өдөр тус бүр 7 ба 8 радар 9С18, 18-наас эхлэн 2-3 энэ төрлийн станцууд ажиллаж байсан байна.
Оросын Батлан хамгаалах яам АНУ-ын Цэргийн яаманд хандан хиймэл дагуулын тагнуулын зургуудаа танилцуулахыг хүслээ. Андрей Карталовын мэдээлснээр, Малайзийн онгоц сүйрэх үеэр районы дээгүүр пуужингийн харвалтыг бүртгэн хянах зориултын АНУ-ын Зэвсэгт хүчний тагнуулын хиймэл дагуул нисч байсан байна.
Ослын ба өмнөх өдрүүдийн Украины зенитийн пуужингийн “Бук” цогцолборын байрлалыг харуулсан Оросын цэргийн хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургуудыг танилцууллаа. Эхний гурван зураг нь долдугаар сарын 14-ны өдрийнх гэдгийг Картаполов тайлбарлав. “Эхний зурагт, “Бук” ЗПЦ-ын харвах төхөөрөмжүүд Луганскаас баруун хойд зүгт 8 км-ийн зайд байрласан байгаа. Зурагт та бүгд өөрөө явагч төхөөрөмж мөн хоёр цэнэглэн харвагч машинуудыг харж байна. Дараагийн зурагт нь, Донецкийн ойролцоох радиолокацийн станцуудыг үзүүлсэн байгаа” гэж генерал хэлэв.
Донецкийн район дахь Агаараас хамгаалах техникийн байрлалыг гурав дахь зурагт үзүүлсэн ба тэнд өөрөө явагч галын төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийн 60 орчим нэгж сайн харагдана гэж генерал хэлэв. “Эдгээр районуудын зургийг 17-ны өдөр авсан байгаа. Тэнд пуужин харвах төхөөрөмж харагдахаа больжээ. Тав дахь зурагт, тэр өдрийн өглөө Донецкаас баруун тийш 50 км-т, Шахтерсскаас найман км-ын зайтай Зарощинское суурины ойролцоо “Бук” ЗПЦ-ын батарей байгаа нь харагдаж байна” хэмээн генерал тайлбарлав.
“Эмгэнэлт хэрэг гарахын өмнөхөн сайн дурын цэргийнхний хяналтын бүсийн орчим яагаад тэр батарейг байрлуулав? гэсэн асуудал үүсч байна. Энэ районы зургийг 18-ны өдөр авахад батарей эзэлж байсан байрлалаа орхисон байлаа хэмээн Картаполов тэмдэглэв.
Порошенко Украины дайрагч онгоц “Боингийн” осолд хамаатайг үгүйсгэлээ
Малайзийн “Боинг”-тай нэг цэгт Украины дайрагч Су-25 онгоц онгоц зэрэгцэн ниссэн гэх Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдлийг Украины ерөнхийлөгч Петр Порошенко худлаа гэж үгүйсгэсэн тухай ИТАР-ТАСС дамжууллаа. Донбассын тэнгэрт агаарын хөлөг сүйрсний нөхцөл байдлын талаарх асуултад хариулах баримтууд Киевт байгаа гэж Порошенко мэдэгдэв.
Тэрээр америкийн CNN телевизид ярилцлага өгөхдөө, Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдлийг “Энэ бол худлаа” гэж Украины ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн тэрээр “хэзээ, хаана, хэн гэдэг асуултад хариу өгөх гэрчлэх баримт байгаа гэв. Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн алба, Украин бүх материалуудыг онгоцны сүйрлийг мөрдөж байгаа олон улсын шинжээчдын комисст өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР