Монголбанк өнөөдөр өнгөрсөн аравдугаар сарын орон сууцны үнийн индекс болон мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээлэл өглөө. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани Орон сууцны үнийн индексийн судалгааны аравдугаар сарын дүнг танилцууллаа. Судалгаанд нийслэлийн зах зээлд борлуулагдаж байгаа 4891 орон сууцыг хамруулсан байна. Шинэ орон сууцны эрэлт хэрэгцээ өмнөх сарынхаас нэмэгдээгүй буюу 14,4 хувьтай гарсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх сарынхаас -7,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Одоогоор зах зээлд 28 мянган орон сууц ашиглалтад орсон байгаа бөгөөд 6600 орон сууц зарагдахаар эзнээ хүлээж байна гэсэн судалгаа гарчээ. Хүйтний улирал эхэлж, орон сууцны борлуулалт буурсанаас зарим компани орон сууцны борлуулалтаа түр зогсоосон, ипотекийн зээл түр зогссон зэрэг үзүүлэлтээс орон сууцны борлуулалт нэмэгдээгүй гэдгийг албаныхан хэллээ.