Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуулийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг эцэслэн хэлэлцэж баталлаа.

Хуулийн төсөлд, нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн тавдугаар сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр боловсруулжээ. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон байна. Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжих хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж.

Төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд ажлын багийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 11 саналын томъёоллыг дэмжсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, хуулийн төсөлд, 29.4 дэх хэсэгт, төрийн албан хаагч, төрийн өмчит байгууллагын захирал сонгуульд нэр дэвшихээс өмнө зургаан сарын өмнө чөлөөлөгдөх байсныг наймдугаар сарын 1 болгож өөрчилсөн үндэслэлийг тодруулав. Мөн тэрээр, Орон нутгийн сонгуулийг улс төрийн сонгуулиас ангид авч үзээд, нэр дэвших эрх авсан өдрөөс ажлаа хүлээлгэн өгдөг байх зохицуулалт тусгах хэрэгтэйг онцолж байлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Орон нутгийн сонгуульд 7000 хүн нэр дэвшдэг бөгөөд, дийлэнх нь тодорхой албан тушаал хашдаг гэдгийг тодотгоод, нэр дэвшигч нь зургаан сарын өмнө ажилгүй болсноор тухайн айл орлогогүй болно гэдгийг тайлбарлалаа. Харин нэр дэвших эрхээ авсан даруй албан тушаалаасаа түдгэлзэх нь улсын ажил цалгардуулах эрсдэлтэйг тодотгов. Тиймээс хугацааг нь арай ойртуулж, наймдугаар сарын 15 гэж тусгасныг тэмдэглэлээ.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 11 саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төв 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж өөрчлөх, төслийн 78 дугаар зүйлийн 78.2, 20 дугаар зүйлийн 20.9 дахь хэсгийг тус тус хасахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуугатай 28.8 дахь хэсгийг нэмэх, төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг “сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэж өөрчлөхийг дэмжив.

Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг мөн дэмжив. Ийнхүү Монгол Улс УИХ болон орон нутгийн ээлжит сонгуулийн тухай тусгайлсан хуультай болж буйг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан онцлон тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *