“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулав. Байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
Улсын Их Хурлаас энэ онд баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгасан нь ийнхүү дэмжигдлээ.
Дараа нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүдийн 78.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тогтлоо.