Categories
мэдээ нийгэм

Орон нутгаас ирсэн хорт хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх шинэ байртай боллоо

Орон нутгаас хотод ирж ХСҮТ-ээс тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь байр, сууц. Хотод ирээд хамаатан, садныдаа байрлаж болох ч өвчтэй хүнийг гэртээ удаан хугацаагаар байлгах сонирхолтой хүмүүс ховор байдаг бөгөөд өвчтөнд өөрт нь удаан хугацаагаар айлд байхад сэтгэлзүйн хувьд тайван бус байдаг. Энэ нь эмчилгээний үр дүнд сөрөгөөр нөлөөлөх нь бий. Тэгвэл хавдарт өвчнөөр өвдсөн хөдөө, орон нутгийн иргэдэд зориулсан байрыг Монголд анх удаа байгуулжээ. Энэхүү байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.01.09/ Хавдрын Үндэсний зөвлөлийн байранд болов. Хавдрын Үндэсний зөвлөл НҮТББ хандивлагчдын тусламжтайгаар хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тохь тухтай байранд байрлуулах, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх, тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дарь эхийн өргөө”-г бүтээн босгожээ. Хавдрын Үндэсний зөвлөл НҮТББ нь 2017 оны арваннэгдүгээр сараас хойш 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар 130 сая орчим төгрөгийг цуглуулж, байрыг тохижуулжээ. Нэг дор 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах уг байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө, өвчтөн болон асран хамгаалагч нар байрлах нийт 14 өрөөтэй аж. Хавдартай өвчтөн болон түүний асран хамгаалагч хоногт 10-20 мянган төгрөг төлөөд хэдэн ч хоног байрлах боломжтой юм байна.

Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Нэг хүний өдрийн хөлс 10-20 орчим мянган төгрөг байх болов уу гэж бодож байгаа. Орон нутгаас ирж байгаа өвчтөн болон түүний асран хамгаалагч аль аль нь байрлах боломжтой. Гэхдээ цаашдаа хувь хүн, албан байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэх юм бол иргэдээс авах мөнгийг багасгах боломжтой. Манай зөвлөл энэ төслийг 2017 оноос эхлүүлсэн. Анх Австрали улсад хавдарт өвчний шугамаар 14 хүн явж, сарын хугацанад туршлага судалсан. Тухайн улсад орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдээ хэрхэн байр, орон сууцаар хангаж, асуудлыг хэрхэн шийддэг болохыг судалсны үндсэн дээр төслөө боловсруулж жилийн хугацаанд 130 орчим сая төгрөг цуглуулаад тохижилтын ажлыг хийж дуусгасан” гэв.

Хавдрын үндэсний зөвлөл нь ХСҮТ-тэй хамтран ажиллахаар гэрээ байгуулж буй юм байна. Уг гэрээ ирэх долоо хоногт дуусгавар болсноор өвчтөнүүдийг хүлээн авч эхлэх аж. Хавдартай өвчтөн хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагаас бичиг хийлгэн ирж ХСҮТ-д хандана. Үүний дараагаар “Дарь эхийн өргөө”-нд ирж байрлах боломжтой юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *