Categories
мэдээ соёл-урлаг

“ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг тавигдана

ҮДБЭЧуулга 2014 оны 12 сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.

Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон YIII-р Богд Жавзандамба нар нь “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийн түүхэн гол дүрүүд болон тодорно.

Энэ өдрүүдэд хязгааргүй их хүсэн хүлээж байсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсоноор монголчуудын магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд нэг хүн мэт нэгдэн нягтарч, бүх хүн баяр баясгалангаар бялхаж байхыг урьд өмнө нь хэзээ ч харж байсангүй хэмээн тухайн үеийн гадны судлаачид, аялагчид түүхийн шаргал хуудсанаа тэмдэглэн үлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 6 үзэгдэл бөгөөд урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанарыг агуулсан дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл юм.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч Х.Хашхүү, О.Цэцгээ нар ажиллаж байна гэж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *