Categories
мэдээ цаг-үе

Орлогоороо дэлхийд дээд амжилт тогтоосон “Big Bang”

Зөвхөн эрчүүдээс бүрдсэн хамтлаг ийм олон жил цугтаа байж уран бүтээл туурвисан түүх поп хөгжмийн түүхэнд байдаггүй. Харин G-Drag­on, T.O.P., Тхэ Ян, Тэ Сон, Сын Ни хэмээх таван залуу өнөөдрийг хүртэл үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Дан эрэгтэйчүүдээс бүрдсэн буюу бой бэндүүд дээд тал нь зургаа, долоон жил болдог хэмээн урлаг судлаачид бичсэн байдаг. Харин БНСУ-ын “Big Bang” хамтлаг арван жил уран бүтээлээ туурвиж, шинэ амжилт тогтоолоо. Түүгээр ч зогсохгүй орлогоороо дэлхийд тэргүүлдэг хамтлагаар тодорсон юм. Энэ сард тус хамтлаг байгуулагдсаны арван жилийн ой тохионо.

“Big Bang” анх “YG En­tertainment” компанитай гэрээ байгуулж 2006 оны наймдугаар сарын 19-ний өдөр тайзан дээрээс үзэгч олонд “La La La” дуугаа хүргэсэн. “YG Entertainment” компанийн ерөнхий захирал Ян Хен Сок залуусаас бүрдсэн хамтлаг байгуулахыг анх санаачилсан түүхтэй. Ингээд зургаан залууг сонгон авсан боловч нэг нь хасагдсан байна. Хамтлагийн гишүүн бүр өөрийн гэсэн онцлогтой байх ёстой гэсэн санааг Ян Хен Сок дэвшүүлжээ.

Байгуулагдсанаасаа хойшхи нэг жилийн хугацаанд тус хамтлаг нь “BIGBANG”, “Bigbang is V.I.P.”, “BIG­BANG 03” гэсэн гурван цомог гаргасан. 2007 онд үзэгчдийн хүртээл болсон “Always” нь олны танил болох гараа нь болсон гэдэг. Анхныхаа томоохон хэмжээний тоглолтоо хийсний дараахан “The First/Real Live Concert” цомгоо гаргасан нь ердөө хэдхэн сарын дотор 30 мянган хувь борлогдож “Big Bang” Өмнөд Солонгосын хотуудаар аялан тоглолтоо хийжээ. Тэдэнд зориулсан шинэ дуу зохиохоос эхлээд цомгийг бүтээх ажилд залуус өөрсдөө оролцдог нь амжилтанд хүрсэн нэгэн шалтгаан нь хэмээн урлаг судлаачид үздэг. Нэг жилийн дараа буюу 2007 онд “M.net KM Music Festival”, “Seoul Gayo Dae­sang Award” зэрэг хөгжмийн наадмуудаас шагнал хүртсэн. Залуус амжилтаа улам ахиулахын тулд Японы үзэгч сонсогчдыг байлдан дагуулах ажилдаа оржээ. Японы залууст зориулан “My Heaven” цомгоо гаргаснаас нэг жилийн дараа тус улсын янз бүрийн шоу, телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцох болжээ. Ердөө хоёрхон жилийн дараа “Japan Records Award” шагналыг хүртсэн юм. Цахилгаан хөгжмийг хип-хоп стилтэй хослуулж чадсан нь арлын улсын сонсогчдыг байлдан дагуулж чадсаны нууц гэдэг.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд “Big Bang” хамтлаг нь БНСУ-ын хөгжмийн салбарт олгодог бараг бүх л шагналыг хүртээд зогсохгүй “MTV Europe Music Awards”, “MTV EMA” шагналуудын эзэн болж 58 сая хүний саналыг авч алдарт дуучин Бритни Спирсээс илүү олон шүтэн бишрэгчтэй болжээ. Хамтлаг хэрхэн байгуулагдаж, яаж уран бүтээлээ туурвисан талаар “Big Bang Docu­mentary” нэртэй олон ангит баримтат кино хүртэл хийсэн. Нэр алдрын оргилд хүрэхийн тулд байгуулагдсан эхний өдрөөсөө өнөөдрийг хүртэл маш шаргуу ажилласан гэдгээ залуус байнга ярьдаг. Эхэндээ үзэгчид тэдний хэрхэн дуулж байгааг бус гаднах төрх байдалд нь илүү их анхаарч байсанд сэтгэлээр ихэд унасан гэдэг.

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр тус хамтлаг нь Сөүл, Хонконгт үдэлтийн тоглолтоо хийсэн юм. Нэг удаагийн тоглолтыг нь 38 мянган хүн үзэж сонирхжээ. БНСУ-ын хуулиар хамтлагийн залуусын цэргийн алба хаах нас нь болсон тул түр завсарлахаас аргагүй болж. “YG Entertai­ment” компаниас мэдэгдсэнээр залуус энэ хугацаанд бие даасан уран бүтээл дээрээ ажиллах гэнэ.

Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар “Big Bang”-ийн амжилтанд хүрсэн бас нэгэн нууц нь маш чанартай уран бүтээл туурвидагтай холбоотой аж.

Поп урлагийн ертөнцийг байлдан дагуулдаг болтлоо нэр алдрын оргилд хүрэх зам тийм ч амар байгаагүй гэдэг. Тэд нэг бус удаа хоорондоо муудалцаж байжээ. Түүгээр ч зогсохгүй нэлээд хэдэн удаа тарах дээрээ тулж байсан талаар хамтлагийн гишүүдийн дурсамжаас сонирхуулъя. Тэ Сон энэ талаар “Чин үнэнээ хэлэхэд бид нэг бус удаа тарах дээрээ тулж байсан. Сүүлийн үед ялангуяа шинэ мини цомог дээр ажиллаж байхдаа муудалцаж, маргалдаж, зодолдох үе ч байсан. Бид анхаарлаа төвлөрүүлэлгүй бие даасан уран бүтээл дээрээ ажиллаж байсантай холбоотой. Тиймээс хамгийн гол зорилго маань хэл амаа ололцох явдал байв. Бурхны авралаар бид хэл амаа ололцож чадсан” хэмээн утсаар ярьж байжээ.

“Big Bang” байгуулагдсаныхаа арван жилийн ойд зориулан барууны нэгэн телевизэд ярилцлага өгсөн байна. Тус хамтлагийг хойд солонгосчууд сонсдог талаар ямар бодолтой байгааг сурвалжлагч асуухад бүгд л “Үүнийг сонсоход сайхан санагдсан” хэмээн хариулсан юм.

Солонгосын поп хөгжмийн бэлгэ тэмдэг болсон “Big Bang” хамтлагийн хувьд сайн дуутай төдийгүй гишүүдийн хувцаслалт нь хүртэл өөрийн гэсэн хэв маягтай. Солонгосын залуус “Big Bang”-ийн хэв маягаар хувцаслах” гэж ярьдаг гэнэ. Таван залуус тайзан дээр гарах болгондоо гаднах байдлаараа үзэгчдийн гайхшралыг төрүүлдэг аж. Тэдний өмссөн загвартай хувцаснууд ч маш хурдан борлогддог гэнэ.

Таван солонгос залуугийн ер бусын хувцаслалт, биеэ авч яваа байдал залуусыг бишрүүлдэг. Үүний нэг баталгаа нь Японы алдарт “Uniqlo” брэнд “Big Bang t-shirt” хэмээн нэрлэсэн цамц хүртэл худалдаанд гаргажээ. Энэ футболк нь Солонгос, Японд хамгийн их борлогджээ.

“Big Bang” хамтлаг 2015-2016 онд “type Made” нэртэй аялан тоглолт хийсэн юм. Энэ тоглолтыг 1.5 сая үзэгч үзсэн бөгөөд Өмнөд Солонгост ийм олон үзэгч цуглуулсан хамтлаг үгүй. 2015 онд 44 сая ам.долларын ашиг олсон “Big Bang” хамтлаг Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан “100 алдартан”-ы жагсаалтад багтсан юм. Ийнхүү тус хамтлаг Өмнөд Солонгосын поп урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *