Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
11-р сарын 18-ны шинжилгээгээр 13 хүний шинжилгээнд вирус илэрлээ. Тодруулбал, 6-12 насны 4 хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт 3 хоногийн хугацаанд 1600 гаруй сорьж авчээ.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар “Тэг зогсолт гэдэг нь тухайн хүн хөдөлгөөнөө хорих тухай ойлголт. Иргэдийн ихэнх хөдөлгөөн хүнсний дэлгүүр, аптек явж байна гэж хэлчихээд өөр тийшээ явах байдал ажиглагдаж байна. Энэ батлагдсан 13 хүний ихэнх нь төмөр замын ойр ажиллаж амьдарч байгаа болох нь тодорхой болсон. Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь хүүхэд. Мөн энэ хүүхдүүд сургуулийн сурагчид болохоор анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна. Сэжигтэй тохиолдлуудаас “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Харин “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа ажилтан сэжигтэй тохиолдолтой хавьтсан гэх мэдээлэл бий. Тус иргэнийг гэрийн тусгаарлалтад аван ажиглаж байгаа” гэв