Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн ертөнцөд амьд үлдэх шалгарсан аргууд

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө аль ч үед тав тухтай амьдрал, эд хөрөнгө, нэр алдрын төлөө бүгдийг зориулж ирсэн байдаг. Та, би, бид бүгдээрээ ялгаагүй болж л өгвөл хамгийн сайныг нь эдэлчих гэсэн, хамгийн амттайг нь идчих гэсэн, хамгийн таатай нөхцөлд ажиллаж амьдрах гэсэн дуусашгүй, мөнхийн хүсэл тэмүүлэл дунд амьдрах хоногийнхоо ихэнхийг элээдэг нь нууц биш. Ганц өдөр ч гэсэн ажиллахгүй бол, тайван налайгаад суучихвал амьдрал орвонгоороо эргэж, хураасан хэдээ алдчих юм шиг, арай гэж мацаж гарсан өндөрлөг дээрээсээ уначих юм шиг тийм л түгшүүртэй нийгэмд амьдарч байна. Энэ бүхнийг бид “алаан дунд амьдрах”, “амьд үлдэх тэмцэл”, “амьдрал бол амь өрссөн тэмцээн” гэх мэтээр томьёолон өөрсдийгөө болоод өрөөлийг хурцалж байдаг. Хөгжил даган техник, технологи олширч улам л төгөлдөржиж байна. Технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний хөгжил мөн дагаж хурдасдаг нь хүний нийгмийн ажиллах зарчим, механизм. Бид технологийн хурдаа гүйцэхийн тулд, бусдаасаа хоцрохгүй, урд нь орж гүйдэггүй юм аа гэхэд хоцорчихгүйхэн шиг хөл нийлүүлэн алхах гэж нийгэм даяараа бужигнаж, үзэлцэн тэмцсээр хүний төрөлх мөн чанараасаа улам бүр холдсоор буй.

Хүн бол амьтан. Байгалийн өгөгдөл. Нохойтой, мууртай, арслантай, анааштай л адил махан биетэй, хувьсан өөрчлөгддөг, урган төлждөг, үрждэг амьтан. Анх байгаль дээр үүсч, байгаль дээр үржиж олширсоор, байгалиа түшиглэн хөгжиж явсаар оюун ухааны өндөр цараанд хүрсэн. Цаашид ч хөгжинө, улам төгс боловсронгуй болно хэмээн эрдэмтэд, судлаачид ярьж бичиж байна. Гэтэл хүн гэдэг амьтан дэлхийд ноёлж, экологийг бүхлээр нь эзэгнэн аж төрж байна. Энэ хэрээрээ өөрийн байгалиас заяасан мөн чанараа гээн үрэгдүүлж, бүрэлдсэн саваа хэмхчин устгаж байгаа нь харамсалтай.

Хүн гэдэг өөрт тулгамдсан асуудлаа дор нь олж тогтоогоод, хариу арга хэмжээ авч сурсан ухаантай бодгаль юм болохоор мөн чанараа гээж буй өөрсдийн энэ амьдралын хэв маягаа өөрчлөх цаг нэгэнт болсныг дуу нэгтэй зөвшөөрч, яавал бид хүнээрээ үлдэх вэ, энэ эх адаггүй бужигнаан дунд хэрхэн оршин тогтнох вэ гэдэг дээр эрэл хайгуул хийсний эцэст нэгэн шийдэлд хүрсэн байна. Энэ нь маш энгийн. Заяагдмал зүйл рүүгээ буцаж нэгдэх буюу байгаль эхтэйгээ хүйн холбоогоо сэргээх нь энэ нийгэмд тэсч үлдэх хамгийн шалгарсан арга болоод байна. Тэгвэл бид яаж мөн чанараа олох вэ, хэрхэн эрч хүчтэй байдлаа хадгалж, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн амьдрах вэ гэдэг дээр тогтож ярилцацгаая. Хүн бүрийн бодол санаа харилцан адилгүй нь үнэн боловч энэ чиглэлээр дэлхий нийтэд судалгаа явуулдаг байгууллагууд, нийгэм болон хувь хүний сэтгэл зүйг судалдаг судлаачдын илтгэл, нийтлэлүүдийг харьцуулан дүгнэж, орчуулсныгаа нэгтгэн уншигчдадаа хүргэхээр зорьсон юм. Хүний мөн чанарын тухай маргаан нь олон зууны турш философийн гол байр суурь байсаар ирсэн бөгөөд гүн гүнзгий маргаан үүсгэдэг. Энэ нь нийгэм, соёл, цаг үеэсээ хамааран өөр өөр байх боловч байгалиасаа тасарч холдох ямар ч боломжгүй. Сонирхуулахад, бидний ярилцах гэж буй сэдвийг дэлхий нийтэд энгийнээр “The modern life survival guide” буюу “Орчин үеийн амьдралд амьд үлдэх гарын авлага” гэх маягтай томьёолдог болохыг олж мэдлээ. Энэ нь хүн хүнээрээ байх энгийн зарчим шиг л санагдсан.

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХ

Би хэн бэ, энэ ертөнц чухам ямар газар вэ, би яах гэж энд ирсэн хэрэг вэ, одоо юу хийх билээ, хэрхэн оршин тогтнох билээ гэдэг наад захын амьдралын үнэнг таньж мэдэх нь хүн төрлийг олсны хамгийн эхний зорилго аж. Юу хүсч байгаагаа, юу таныг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгодог, эсрэгээрээ юунд гутарч, тохь тухгүй байдлыг мэдэрдэг вэ гэдгээ олж тогтоосноор амьдралаа хялбархаан залаад явчихна шүү дээ. Амьсгал бүрээ, алхам болгоноо утга учиртай болгож чадсан хүн л аз жаргалын түлхүүрийг гартаа атгадаг гэнэм.

ЭНГИЙН АМЬДРАЛЫГ СОНГО

Энэ дэлхийд үзүүлэх нөлөөллийн радиусаа багасга. Өөрийн эгог намжааж, энэ дэлхийд ганцаараа л амьдарч байгаа юм шиг аминчхан үзлээ арилгаж, байгаль эхтэйгээ эргэх холбоог үүсгэ. Сүүлийн үед ийм энгийн амьдралыг сонгох хүмүүс олширсон. Хамгийн энгийн жишээ бол органик хоол хүнс сонгож, хэрэглээгээ танаснаар дэлхий нийтийн замбараагүй хэрэглээ, түүнийг дагасан үйлдвэржилтийн сөрөг үр дагавар бяцхан ч гэсэн багасах юм. Хүн бүр ийм амьдралыг сонгож, эргээд натур буюу байгалийн мөн чанартаа ойртвол ямар сайхан хэрэг вэ. Дэлхий ертөнцөө аврах сүүлийн ганц арга нь энэ шүү дээ. Гэвч хүн сүргийн эх захгүй хөгжил амсхийх янз алга аа.

ӨӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛ, ТҮҮНДЭЭ Л ТУЛГУУРЛАЖ АМЬДАР

Үнэт зүйл гэдэг нь таны оюун санааны гол тулгуур үзэл юм. Энэ нь маш өргөн хүрээтэй ойлголт юм шиг сонсогдож байгаа боловч дээр хэлсэнчлэн өөрийгөө таньж мэдсэн хүн үнэт зүйлээ олж мэдчихсэн байдаг. Үнэт зүйлээ дагаж таны амьдралын хэв маяг тодорхойлогдоно. Бид үнэт зүйлсийнхээ төлөө хариуцлага хүлээж, хэрхэн амьдрахаа шийдэж, үүнийгээ хэр зэрэг хийж байгаагаа хянаж байдаг. Энэ чинь л нөгөө бидний тэмүүлдэг утга учиртай амьдрал юм биш үү.

АМЬДРАЛЫН ХУРДАА ТОДОРХОЙЛ

Зарим хүмүүс завгүй, өрнүүн амьдрах дуртай байхад нөгөө хэсэг нь өөрийгөө хүчлэлгүй, аялж юм үзсэн шигээ амьдрахыг илүүд үздэг. Амьдралын ямар ч хэв маягийг сонгосон байлаа гэсэн та өөрөө л сэтгэл хангалуун байж чадвал болох нь тэр. Ажил мэргэжлээ өөрийнхөө хэв маягт тохируулан сонгоод, авьяас чадвар, нөөц бололцоондоо тулгуурлан эвтэйхээн ажиллаж мөнгө олоод өөрийгөө бас гэр бүлийнхнийгээ сайхан амьдруулаад байдаг хүмүүс байхад өдөр шөнөгүй үхэн хатан зүтгэдэг хэрнээ үргэлж бухимдаж, дүнсийж байдаг хэсэг нөхөд ч бий. Амьдралын хурдаа тодорхойл гэдэг нь өөрийн чадварыг бодитоор үнэлээд, хүсэл сонирхолдоо тулгуурлан амьдралын хэв маягийг сонгох. Түүндээ харин бухимдаж түүртэлгүйгээр амьдрахыг хэлж байна гэж ойлголоо.

ЭРГЭЦҮҮЛЭХ ЦАГ ГАРГАЖ АМСХИЙЖ СУР

Завгүй амьдралынхаа дунд түр зогсолт хийгээд алдаа оноогоо дүгнэн, өөрөө өөртөө дүн тавих нь орчин үеийн нийгэмд амьд гарах чухал хэрэгсэл гэнэ шүү. Амьдрал гэдэг барианд орох гэсэн уралдаан биш, аялал юм гэдгийг ойлгохгүй бол та энэ аяллынхаа хугацаанд эргэн тойрныхоо байгалийг мэдрэхгүй, хамт аялж яваа сайхан хүмүүсээ ч анзааралгүй, түр буудаллан цай хоол ч идэлгүй хүрэх газраа л бушуухан хүрэх гэж адгаж явдаг ядаргаатай аялагч болох нь байна.

ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦ

Танин мэдэхүйн хэрэгцээ бол хүний хамгийн энгийн тулгуур хэрэгцээ юм. Хүн хэзээ ч суралцахаа зогсдоггүй гэдэг. Тасралтгүй суралцах нь биднийг залуу, эрч хүчтэй болгож, сорилт бэрхшээлийг даван туулж, амьдралын зорилгоо биелүүлэх боломжийг олгодог. Оюун ухаант хүний мэдэрч болох хамгийн сайхан таашаалуудын нэг нь суралцахуй юм гэдэгтэй маргах хүн гарахгүй гэж найдна. Сурч мэдсэнээ зөвхөн сайн сайхан, гэгээлэг зүйлд ашигла. Энд зөвхөн сургуулийн орчинд олж авдаг боловсрол төдий биш, амьдралын үнэнг эрэлхийлэх танин мэдэхүйн талаар ч бас ярьж байгаа гэдгийг ухаалаг уншигчид андахгүй мэдэж байгаа.

БАЙГАЛЬДАА НЭГД

Байгаль дээр байх нь бидэнд хамгийн сайхан таашаалыг өгөөд зогсохгүй, эрчим хүчээр тэтгэж байдаг билээ. Орчин үеийн суурьшмал хотынхон олон давхар шилэн барилгууд дунд өдрийн нарыг, шөнийн оддыг ч харалгүй, бохир агаар сорон амьдардаг. Утаа угаар тоос тортог дунд хоногийн ихэнх цагийг ажиллаж өнгөрөөнө гэдэг нь хоригдсоноос ялгаагүй, хүнийг чимээгүй алж буй хэрэг биз ээ. Нар, агаар, ус гээд байгалийн амьтны зайлшгүй хэрэгцээ нь холдож, бохирлогдож, алга болчихоор тэр амьтан яаж гундах нь хэтэрхий тодорхой асуудал билээ. Цэлмэг тэнгэр, мандах нар, шөнийн оддыг ажиглах, горхины хоржигноон сонсох зэрэг нь орчин үеийн хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээ болсон хэмээн хүн судлаачид, сэтгэл судлаачид зөвлөж байна.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *