НҮБ-ын Дээд чуулганд ирсэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөгчид болон ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис, ерөнхийлөгч асан Дональд Трамп нартай уулзсан. Дональд Трамп ирэх 11 сарын 5-наас өмнө Киевт айлчлилж, дайны гамшгийг өөрийн нүдээр харахаар болсон.
Харрис Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж амласан бөгөөд Трампын нэрийг дурдалгүй “Украины газар нутгаар энх тайвныг солих сонирхолтой хүмүүс манайд бий” гэж хэлсэн. Харин Зеленскийн айлчлалын анхны тодорхой үр дүн бол ерөнхийлөгч Байден Украинд найман тэрбум орчим ам.долларын цэргийн шинэ тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн явдал байв. Энэ нь АНУ-ын Конгрессоос баталсан 61 тэрбум ам.долларын багцын нэг хэсэг юм. Тиймээс Киев шинэ багцын 5.5 тэрбум долларыг энэ сарын 30-ны дотор, үлдсэн 2.4 тэрбум ам.долларыг он дуусахаас өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэлд байдаг “Украины аюулгүй байдалд туслах санаачилга хөтөлбөр”-ийн хүрээнд авахаар болов. Энэ хөтөлбөрийн мөнгөний онцлог нь зэвсгийг АНУ-ын цэргийн агуулахаас шилжүүлэн авах бус үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авдаг явдал юм.
Ерөнхийлөгч Байден Цагаан ордонд ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ энэ тусламж нь “Ирээдүйд Украины Оростой хийх энхийн хэлэлцээрийн байр суурийг бэхжүүлж, танай улсыг Европын Холбоо болон НАТО-гийн гишүүнчлэлд ойртуулах болно” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч нарын уулзалтын дараа Пентагон “Энэ 7.9 тэрбум ам.долларыг Украин агаар-газар ангиллын зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системийн сум, засвар үйлчилгээ, дрон ба эд ангиуд үйлдвэрлэх тоног төхөөрөмж, агаарын болон усны дрон, холбооны хэрэгсэл, Украинд сум үйлдвэрлэх тоног төхөөрөмж, түүхий эд, бусад хэрэгцээт туслах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд зарцуулах болно” гэж мэдэгдэв.
Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийн хувьд НҮБ-ын чуулганы үеэр Европын Холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррел “Их7”-гийн Гадаад хэргийн сайд нар удахгүй Нью-Йорк хотноо Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалтай пуужингуудыг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ.
Харин “The Times” сонин барууны дипломатчдаас эш татан “Их Британи болон АНУ Киевт Оросын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөхийг нууцаар зөвшөөрөхийг хүсч байна. Учир нь Лондон, Вашингтон уг шийдвэрт гарын үсэг зурах гэж байгаа ч Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү пуужин хөөрөх хүртэл олон нийтэд зарлахаас татгалзаж магадгүй байна” гэж мэдээлсэн. Мөн дэлхий нийтийн хувьд хамгийн чухал асуудал болчихоод буй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гэх ардчилал, дарангуйлал хоёрын “дайн” болж байна.
Путины тавиул болчихсон гэж шүүмжлүүлж буй Трамп өөрийн өрсөлдөгч Харрисыг “Дэлхийн III дайныг өдөөгч” гэж сурталдаж байхад Украинд өгөх зэвсгийг ил зарлах боломжгүй болчихоод байгаа билээ. Иймээс АНУ-ын Ардчилсан намыг дэмждэг бүх хэвлэл “Украин 130 км тусгалтай залуурт бөмбөг авахаар боллоо” гэж мэдээлэв. Гэтэл Пентагон Украинд зөвхөн бөмбөг бус агаар-газар ангиллын зэвсэг өгнө гэж мэдэгдсэн билээ. Энэ нь 1000 км зайд бай онодог далавчит пуужин ч байж магадгүй гэсэн үг. Иймээс энэ баримт бол барууныхан Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг аль хэдийнэ Киевт зөвшөөрсний нотолгоо юм. Харин НҮБ-ын чуулганы үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн авч ирсэн “Украинд үзүүлэх цэргийн тусламж, эдийн засгийн арга хэмжээ, Орост үзүүлэх шахалт, Оросын улс төрчдөд үзүүлэх дипломат дарамт” гэсэн дөрвөн бүлэг бүхий “Ялалтын төлөвлөгөө”-ний хувьд энэ нь зүгээр л Москваг хүчээр буулгаж авах төлөвлөгөө гэдэг нь тодорхой болсон.
Иймээс Нью-Йорк хотноо болсон “G7+Украины уулзалт”-аар Европын Холбоо,н дэлхийн 30 гаруй улс Зеленскийн ялалтын төлөвлөгөө болон Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийг алгасан, Оросын түрэмгийлэлд нэрвэгдсэн Украин улсыг сэргээн босгох тухай хамтарсан тунхаглал батлав. Уг баримт бичигт барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийг Киев ашиглах тухай асуудлыг тусгасан байна. Тунхаглалын гол зүйлүүдэд “Украиныг Европын Холбоонд элсэхэд бүрэн туслалцаа үзүүлэх”, “2023 онд эхэлсэн Украины хандивлагчдын платформыг дэмжих”, “Киевт энэ оны эцэс гэхэд 50 орчим тэрбум долларын нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэх” зэрэг асуудлууд багтжээ. Энэ зорилгоор барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн орлогыг ашиглаж, мөнгөний тодорхой хэсгийг Украины “батлан хамгаалах хэрэгцээнд” зориулна гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. Энэхүү тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Итали, Канадын Засгийн газрын тэргүүн Жорж Мелони, Жастин Трюдо нараас гадна бусад 20 гаруй хөгжингүй улсын төлөөлөгчид оролцов.
Эдгээр улсын тэргүүнүүд энэ сарын 10-нд Германы Рамштайн дахь Америкийн агаарын цэргийн баазад уулзаж, АНУ-ын ерөнхийлөч Жо Байден өөрийн биеэр даргалан явуулж, Украины ялалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ. Германы Рамштайнд анх удаа цэргийн удирдлагууд бус улсын тэргүүнүүд уулзаж, хийх ажлаа тохирох гэж байна. Гэхдээ яг юуг тохиролцсон гэдгээ мэдээж бас л нууцлах байх. Мөн өчигдөр Брюссельд НАТО-гийн төв байранд болсон ёслолын үеэр Йенс Столтенбергээс уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авч буй Марк Рютте “Украиныг дэмжиж, Оросыг хазаарлахыг тэргүүлэх чиглэл болгоно” гэж мэдэгдсэн. Иймээс Украиныг хэрхэн, яаж сэргээн босгох тухай гэрээнд дэлхийн хөгжингүй улсууд хамтран гарын үсэг зурж байна гэдэг Орос ялагдах нь тодорхой болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, Путины тойрон хүрээлэгчдэд “Наад гайгаа зайлуулах цаг болсон” гэсэн мессэж илгээж буй явдал төдийгүй барууныхан Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг Киевт зөвшөөрсний бас нэгэн нотолгоо юм.
Ерөнхийлөгч Владимир Путины “ОХУ-ын 18-30 насны цэргийн алба хаагаагүй иргэдийг хамрах, 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд явагдах намрын цэрэг татлагын үеэр 133 мянган иргэнийг цэргийн жинхэнэ албанд татна” гэсэн зарлигийг Оросын хууль зүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтэлжээ. Оросын “Интерфакс” агентлаг “Энэ жилийн хаврын цэрэг татлагын үеэр 150 мянган хүн цэргийн албанд татагдсан” гэж мэдээлсэн бөгөөд Украины арми Оросын Курск мужид довтлох үеэр эдгээр хугацаат цэргийн албан хаагчид олноороо амь үрэгдэж, олзлогдсон нь тодорхой болсон.
Иймээс сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос Украины арми наймдугаар сарын эхнээс хойш цэргийн ажиллагаа явуулж байгаа Курск мужид шинэ цэргүүдийг илгээх эсэх талаар асуухад “Үүнийг Батлан хамгаалах яамнаас тодруулах шаардлагатай” гэж хариулсан байна. Оросын хугацаат цэргийн алба хаагчид гэдэг нь үндсэндээ дунд сургуулиа төгссөн хүүхдүүд билээ. Гэтэл орос гэр бүл ихэвчлэн ганц хүүхэдтэй байдаг бөгөөд Оросын арми Курск мужаа чөлөөлнө гэвэл эдгээр хүүхдүүдийг дайчлахаас өөр нөөц цэрэггүй болчихоод байгаа юм. Ганц хүүгээ алдсан орос эхчүүд яавч баярлахгүй нь мэдээж. Гэхдээ Путины дэглэмийг хүүгээ алдсан орос эхчүүд, Зеленскийн ялалтын төлөвлөгөө болон Оросын нутгийн гүнд цохилт өгөх барууны зөвшөөрөл ч үнэндээ шууд авч хаяж чадахгүй. Харин Оросын инцфляци, Путины ойрын хүрээнийхэн хоёр л түүнийг тонилгож, ОХУ-ыг мөхөөж чадна. Үнэхээр ч Сталин нас барж Солонгосын дайн зогссон шиг Путин суудлаасаа бууж байж л Украины дайн зогсоно гэдэг нь хэнд ч ойлгомжтой болчихоод байгаа зүйл билээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА