Украины дайн сунжирсан тул ОХУ үйлдвэрлэлээ дайны байдалд шилжүүлж, эдийн засгийн тоймчид “Оросын эдийн засагт стагнаци улмаар стагфляцид автаж, инфляциа хүчрэхгүй болох нөхцөл бүрдэв” гэж бичиж байсан. Харин ОХУ үүнийг эрс үгүйсгэж, бүр манай ДНБ-ий өсөлт Германы урд гарсан гэж мэдэгдэж байв. Гэтэл сүүлийн үед Оросууд хаа сайгүй инфляци, стагфляцийн аюулын тухай ярих болов. Тухайлбал, бүр ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн хуралдаан дээр Оросын цэргийн техникийн 80 хувийг үйдвэрлэдэг “Ростек” корпорацийн тэргүүн, Путины хамгийн ойрын хүн гэгддэг Сергей Чемезов “Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь “Ростек” корпорацийн өндөр технологийн бүтээгдэхүүний экспортыг зогсооход хүргэж байна.
Манай корпораци өөрийн үйлдвэрлэлд зориулж банкны зээл авдаг. Энэ янзаараа байвал бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс олсон бүх ашиг зээлийн хүүгийн төлбөрт явна. Эцсийн дүндээ банкны зээлийн өндөр хүү эдийн засагт стагфляци бий болгож, манай олон аж ахуйн нэгжийг дампууралд хүргэнэ” гэж мэдэгдэв. Мөн Челябинск хотод энэ сарын 7-9-нд төр, засаг, бүс нутгийн эрх баригчид, бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллага, шинжээчдийн төлөөлөл бүхий 3000 гаруй хүн оролцсон “Оросын эдийн засгийн форум” болж янз бүрийн үйдвэрийн эзэд Сергей Чемезовын хэлсэнтэй яг адил зүйл ярьцгааж аюулын харанга “дэлдэцгээв”. Сонирхуулахад, Орост 1992 оны үеэр яг ийм явдал болж, үйлдвэрийн коммунист дарга нарт ерөнхий сайд Егор Тимурович Гайдарын засгийн газар ялагдан огцорч, үр дүнд нь эдийн засаг нь гиперинфляцид нэрвэгдэж, 1998 онд дефолт болсон билээ. Харин энэ удаа ОХУ чөлөөт зах зээлээс бүрэн татгалзаж, үйлдвэр, банкуудаа улсын болгож, иргэдээ хүнсний талонд буцаан оруулахаас өөр арга зам үлдсэнгүй. Энэ бүхэн үнэндээ Оросын төр, засагт байгаа авлигачдын “ач тус” юм.