Categories
гадаад мэдээ

Оросын эдийн засаг буюу стагнаци DNN.mn

Украины эсрэг дайн эхэлснээс хойш барууны орнууд Москвад өргөн хэмжээний хориг арга хэмжээ авсан. Гэтэл Оросын эдийн засаг сүйрсэнгүй, оршин тогтносоор байна. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны чуулганд тавьсан илтгэлдээ “Орос ДНБ-ий өсөлтийн хэмжээгээр Европын эдийн засгийг тэргүүлэх болсон. Энэхүү хурдац биднийг дэлхийн хамгийн том эдийн засагтай дөрвөн гүрний нэг болгоно” гэж хэлсэн. Үүнийг Олон улсын валютын сан/ОУВС/-гийн Харилцаа холбооны захирал Жули Козак “Энэ бол цэргийн эдийн засаг. Оросын эдийн засагт цэргийн зардал өндөр хувийг эзэлж буй нь үйлдвэрлэлийг нь дэмжиж байна. Мөн иргэдийн хэрэглээг нэмэгдүүлж буй хэд хэдэн “нийгмийн халамж” үйлчилж байна” гэж тайлбарлаад “Гэсэн хэдий ч Орост одоо эдийн засгийн “хэт халалт” ажиглагдаж эхлээд байна. Иймээс инфляцийн өсөлт нь дунд хугацаандаа Оросын эдийн засгийн өсөлтийг удаашруулна” гэж хэлжээ. Үүний шалтгааныг тэрээр Орос олон улсын санхүүгийн системээс тасарсан, технологийн хүртээмж маш хязгаарлагдмал болсноор тайлбарлав. Түүнчлэн, “Орос улс хүний нөөцийн хувьд өндөр мэргэшсэн ажиллах хүчнийхээ ихэнх хэсгийг алдсан” гэж шинжээч онцолсон байна. ОУВС өнгөрсөн онд Оросын эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь байна гэж таамаглаж байсан нь хүлээгдэж байснаас 1.5 пунктээр өндөр гарав. Жули Козак урьдчилсан таамаглал ахиу гарах болсон шалтгаан нь цэргийн өндөр зардал, цалингийн өсөлтөөр дэмжигдсэн хувийн хэрэглээ юм гэсэн байна. Энэ онд ОУВС Оросын эдийн засаг 1.1 хувиар өснө гэж таамаглал дэвшүүлжээ.

Оксфордын их сургуулийн эдийн засгийн профессор, эдийн засгийн шинжээч Майкл Рохлиц “Дайны дараа Оросын эдийн засаг сүйрнэ” гээд “ОХУ-ын өнөөгийн эдийн засгийн өсөлт нь зөвхөн Украинд устгуулж буй зэвсгийн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой” гэж хэлэв. Тэрээр Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн өсөлт нь эдийн засагт эерэг хүчин зүйл болж байгаа мэт харагдавч энэ нь “ирээдүйтэй хөрөнгө оруулалт биш” бөгөөд “дайн дуусахад ийм эдийн засаг сүйрнэ” гэж тэмдэглэв.

Эдийн засгийн бусад нэр хүнд бүхий шинжээчид ч Оросын эдийн засгийн өсөлт нь зөвхөн Оросын Украины эсрэг дайн үргэлжилж байгаатай холбогдсон цэргийн үйлдвэрлэлийн өсөлт гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тухайлбал, Венийн Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинжээчид нэгдүгээр сард Оросын эдийн засаг “чадварынхаа хязгаарт хүрч, эдийн засгийн өсөлт авчирсан ч үүнээс цааш “хэт халалт” энэ өсөлтийг үргэлжлүүлэх боломжгүй болгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн Зүүн Европ судлалын төв “Өнгөрсөн жил Оросын ДНБ-ий өсөлт 3.5 хувьтай байсан бол энэ жил өндөр инфляци, ОХУ-ын Төв банкны үндсэн хүүгийн өсөлтийн улмаас 1.5 хувь хүртэл буурна гэж таамаглаж байна” гэв. Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал: Эдийн засгийн шинжлэх ухаанд “хэт халалт”-ыг стагнаци гэдэг. Энэ нь латины “stagnum–тогтонги ус” гэсэн үгнээс гаралтай “stagnatio-хөдөлгөөнгүй” буюу “зогсонги байдал” гэсэн үг юм. Стагнаци нь тодорхой хугацааны дараа үйлдвэрлэл, худалдаа өсөх боломжгүй болж, зогсонги байдалд орохыг хэлдэг. Стагнаци нь Оросын түүхэнд “Бережневийн зогсонги байдал” гэдэг нэрээр үлдсэн. Зогсонги байдал нь эцэстээ инфляци буюу цалин хөлс, хүн амын амьжиргааны түвшний бууралтыг тогтоох аргагүй болгон нийгмийн өөрчлөлт авчирдаг. Энэ нь эдийн засгийн өөрчлөгдөх чадваргүй бүтэц буюу инноваци, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн дархлаагүй байдлаас үүдэн бий болдог үзэгдэл юм. ЗХУ гадны технологийг хулгайлж, хуулбарлан үйлдвэрлэл явуулдаг, өөрсдийн Оюуны өмчийн гэрчилгээгүй байснаас энх цаг ирэхэд иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх чадваргүй болж сүйрсэн. Энэ явдал ОХУ-д тохиох гэж байна. Харин цэргийн эдийн засаг гэдэг нь Оросын улсын төсөв цэргийн үйлдвэрлэлийг дэмжиж, өндөр цалинтай ажлын байрууд бий болгон, байлдаж буй цэргүүдийн цалин, дайнд шархадсан, амь үрэгдсэн цэргийн ар гэр их хэмжээний мөнгө авч буй явдал иргэдийн хэрэглээг дэмжин, рублийн эргэлтийг бий болгож буй гол хүчин зүйл болж байгаа юм. Гэхдээ Оросууд Украинд устгуулсан зэвсгийн оронд шинийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн пуужин, танк, сум, бүр цэргийн жижиг хүрзийг ч эдийн засгийн өсөлтөд тооцож байна. Энэ нь иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг тэлэх боломжгүй байна гэсэн үг. Эдийн засаг тэлж валют олж чадахгүй бол инфляци уяанаасаа алдагддаг. Дэлхийн I дайнд тосгоноос цэрэгт явсан тариачдын ард гэрт хаант засаг их хэмжээний мөнгө цутгасан. Гэтэл стагнаци энэ мөнгийг нь зүгээр л цаас болгож орхисон. Ингээд хувьсгал гарч Хаант Орос улс задарсан. Энэ явдал ОХУ-д яг адилхан давтагдаж байна. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улсууд өнөөдөр төсвийн татаасан дээр тогтдог. Гэтэл энэхүү татаас нь цаас болчихоор холбооны улсууд өөрсдийн байгалийн баялгаас олж буй мөнгийг Москвад өгөхгүй, өөрсдөө авахаас өөр аргагүй болно. Үүнийг л ОХУ-ын задрал бас сүйрэл гээд байгаа хэрэг.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *