Categories
гадаад мэдээ

Оросоос ирэх аюулыг анхааруулав DNN.mn

“Financial Times” сонин“Европын тагнуулын алба Орос улсаас Европ тив даяар зохион байгуулах гэж буй хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлагын аюулын талаар засгийн газрууддаа анхааруулаад байна” гэж мэдээлэв. Москва энгийн иргэдийн амь насыг үл тоомсорлож, дэлбэрэлт, галдан шатаах замаар Европын дэд бүтцэд хохирол учруулахаар идэвхтэй ажиллаж эхэлсэн гэж уг сонин онцлов. Оросын цэргийн түрэмгийллийг эсэргүүцэн Украинд үзүүлж буй тусламжийг зогсоохын тулд Орос улс барууны орнуудад байнгын айдас төрүүлэхээр зэхэж байна гэж уг сонин анхааруулжээ.

Кремлийн агентууд ийм ажиллагаа явуулж ирсэн урт түүхтэй ч энэ удаа илүү түрэмгий, нэгдсэн хүч төлөлвлөж буйг нотлох баримт улам бүр нэмэгдсээр байна гэж Financial Times Европын хэд хэдэн орны шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн бичжээ. Мөн уг сонин Кремлийн сүүлийн үед Европын орнуудад үйлдэгдээд буй хорлон сүйтгэх ажиллагааны хэд хэдэн жишээг дурджээ. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр Их Британид хоёр хүн Украинд өгөх тусламжийн барааны агуулахад гал тавьсан бөгөөд Английн прокурорууд тэднийг Оросын засгийн газрын даалгаврыг биелүүлсэн гэж буруутгасан байна. Мөн Шведийн Аюулгүй байдлын алба сүүлийн үед гарсан хэд хэдэн галт тэрэгний ослыг шалгаж байгаа бөгөөд Оросын дэмжлэгтэй хорлон сүйтгэх ажиллагаа байж магадгүй гэж үзэж байна. Кремлийн агентууд мөн Чехийн төмөр замын дохиоллын системийг устгахыг оролдсон гэж Чехийн Тээврийн сайдын хэлснийг уг сонин эш татжээ.

Мөн Эстонид өнгөрсөн хоёрдугаар сард Дотоод хэргийн сайдын машинд болон сэтгүүлчид рүү халдсан халдлагыг Оросын тагнуулын ажилтнууд үйлдсэн гэж тус улсын аюулгүй байдлын алба мэдэгджээ. Францын Батлан хамгаалах яам тус улсын цэргийн объектуудад Орос хорлон сүйтгэх ажиллагаа явуулж болзошгүйг анхааруулаад байна.

Германы “Chatham House” судалгааны төвийн ахлах ажилтан Кейр Гилс “Оросын үйл ажиллагаа үнэхээр нэмэгдсэн гэсэн тодорхой дүгнэлт гарсан” гэж мэдэгджээ. Мөн ХБНГУ-ын Үндсэн хуулийг хамгаалах холбооны алба буюу Германы тагнуулын албаны дарга Томас Халденванг “Орос Германы эрх ашгийг хохироосон тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааг “байнга” явуулж байна. Хамгийн харгис хэрцгий арга хэрэгслээр дайн хийхэд бэлэн улс орон хорлон сүйтгэхээс зайлсхийдэггүй” гэж DW агентлагийн сурвалжлагчид ярилцлагадаа дурджээ. Халденванг “Оросын Холбооны Улс ийм төрлийн үйл ажиллагааг жуулчид бизнесмэн, сэтгүүлч, эрдэмтдийн дүрээр нууцаар ажиллаж, үнэн хэрэгтээ тагнуул, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байдаг өөрийн мэргэжлийн хүмүүсээр хийлгэдэг” гэж онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *