Иран Израиль руу 180 гаруй пуужин харваж,тэнэсэн пуужингийн дэлбэрэлтэд Газын зурваст нэг палестин иргэн амиа алдаж, гурван хүн шархадсан билээ. Харин Оросын төв телевизийн “60 минут” нэвтрүүлгээр Кремлийн “нэрт” суртал ухуулагчдын нэг Ольга Скабеева нийтийн сүлжээнд тавигдсан Израилиас Леваны Хезболла бүлгийн байрлалыг пуужингаар харваж буй бичлэгийг Иранаас Израиль руу харваж буй пуужин болгож харуулсныг тэр чигээр нь тавьж, тайлбарлав. Үүнд үнэндээ Скабеева мэтийг буруутгаад байх аргагүй юм.
Учир нь хаант засаг, ЗХУ, ОХУ-ын түүхэнд Оросын Хөрөнгөтний хувьсгалаас Октябрийн төрийн эргэлт хүртэл, мөн ЗХУ задарсан зурвасхан үед л үнэн цухалзаж байсан билээ. Бусад үед нь ордны хуйвалдаан, албан тушаалын авлига цэцэглэсэн дундад зууны ганц хүний хэмжээгүй эрхт засаглал ноёрхож, үүнийгээ байнга л худал хуурмагаар халхалж ирсэн байдаг.Тухайлбал, Оросууд Октябрийн төрийн эргэлтийг “Октябрийн хувьсгал”, харин Путины тавиул ерөнхийлөгчийг хөөж явуулсан Киевийн хувьсгалыг “Киевийн төрийн эргэлт” гэдэг. Харин шинжлэх ухаан ард иргэд босч урьдахаасаа илүү дэвшилтэт төрийн тогтолцоо бий болгохыг “хувьсгал”, харин илүү хоцрогдсон төрийн тогтолцоо бий болгосныг нь хувьсаагүй улам дордуулсан хэмээн “төрийн эргэлт” гэдэг билээ.
Энэ хугацаанд Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт хуурай замын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, нийслэл Бейрут нь дайны талбар болж, Хезболлагийн дэд бүтцийн хамт 440 дайчид устгагдав.”Аль Арабия” телевиз “Хезболла бүлэглэлийн шинэ тэргүүн Хашем Сафи ад-Дин Израилийн цохилтод өртөн амь үрэгдэв” гэж мэдээлэв.Израиль “Өнгөрсөн дөрвөн өдрийн дотор Ливаны өмнөд нутгаас Хезболла 700 гаруй пуужин харвасан” гэж мэдэгдэв. Мөн Иран Израиль руу олон пуужин харвасны дараа хөрөнгийн бирж дээр баррель нефтийн үнэ 78 ам.доллар болж, шууд есөн хувиар өсөв. Гэтэл Wall Street Journal “Саудын Арабын эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман “ОПЕК+”-ийн гишүүн Ирак, Казахстан улсууд тохиролцсон нефтийн олборлолтын хязгаарлалтыг дагаж мөрдөхгүй бол баррель газрын тосны үнэ 50 ам.доллар хүртэл буурахыг анхааруулсан” гэж мэдээлсэн нь жинхэнэ шуугиан тарьж орхив. “ОПЕК+”-ийн удирдлага цаг алдалгүй энэ мэдээллийг “худал мэдээлэл” гэж мэдэгдэв. Гэсэн ч нэг баррель нефтийн үнэ 70 ам.доллар болж буув. Яг үнэндээ энэхүү нефтийн үнэ л Кремль болон Тел-Авивийн өнөөгийн дэглэмийн хувь заяа хаашаа эргэхийг шийднэ. Учир нь бүх дайн, тулаанд эдийн засаг нь инфляцид нэрвэгдсэн тал ялагдсан байдаг. Эдийн засгийн шинжлэх ухаанд “Эдийн засгийн хэт халалт”-ыг стагнаци гэнэ. Энэ нь латины “stagnum–тогтонги ус” гэсэн үгнээс гаралтай “stagnatio-хөдөлгөөнгүй” буюу “зогсонги байдал” гэсэн үг юм. Стагнаци нь тодорхой хугацааны дараа үйлдвэрлэл, худалдаа өсөх боломжгүй болж, зогсонги байдалд орохыг хэлдэг.Стагнац Оросын түүхэнд “Бережневийн зогсонги үе” гэдэг нэрээр үлдсэн байдаг. Зогсонги байдал нь эцэстээ инфляци буюу цалин хөлс, хүн амын амьжиргааны түвшний бууралтыг тогтоох аргагүй болгон дордуулж, эцэст нь нийгмийн өөрчлөлт авчирдаг. Өөрөөр хэлбэл, стагнац нь валютын хомсдолд орсон үйлдвэрлэл хөгжсөн улсыг дефляцид, харин төсвөө байгалийн бэлэн түүхий эд экспортолж бүрдүүлдэг улсуудыг инфляцид нэрвэгдүүлдэг. Аль аль нь тухайн улсын эдийн засгийг дефолт гэх дампууралд хүргэх учир хоёулаа аюултай үзэгдэл. Учир нь Иран ч, ОХУ ч өнөөдөр стагнацид нэрвэгдэж инфляциа барьж дийлэхгүй нөхцөлд орчихоод байна. Хэргийн учир нь энэ хоёр улс хоёулаа гол мөнгөө түүхий нефть үйлдвэрлэж олдог улс юм. Иймээс нефтийн үнэ энэ хоёр улсын хувь заяаг шийдэх болчихоод байгаа хэрэг.Үнэндээ албан ёсны мэдээгээр ОХУ-ын төсөвт нефть, газрын хий тийм ч их нөлөөгүй мэт мэдээлэл гардаг. Харамсалтай нь энэ зүгээр л худал тоо.Тэр ч бүү хэл Оросын инфляцийн албан ёсны мэдээлэл ч бас хэргээр багасгасан худал тоо. Гэхдээ ингэж иргэдээ хуурдаг явдал манай улсад ч гарч байна. Удахгүй инфляцитай уялдуулж тэтгэврийг зургаан хувиар нэмэх гэж байна. Гэтэл манайд зөвхөн хүнсний барааны үнэ гэхэд л яаж өсчихсөн байгаа билээ! Яаж ингэж худал мэдээлж болдгийг Оросын жишээн дээр харж болно. Тухайлбал, Росстат “Есдүгээр сарын 16-ны байдлаар ОХУ-д оны эхнээс хойшхи инфляци 5.46 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 хувь өндөр буюу жилийн инфляци 8.7 хувь байна. Иргэдийн хэрэглэж буй цахилгаан зургадугаар сарын эхнээс хойш 12.6, ахуйн хий 10.3, орон сууцны үйлчилгээний үнэ 11. 9 өссөн байна. Долоо хоногт 0.6 хувь байсан инфляци 0.12 хувь өсч байна” гэж мэдээлжээ. Гэхдээ энэ тоо бол хэргээр багасгасан тоонууд юм. Тухайлбал нэг танк, нэг сум үйлдвэрлэж буй үнэ нэмэгдсэн ч нийлүүлж буй үнийг нь хэвээр авч, иргэдийн хүнс, эм, өргөн хэрэглээ, ахуйн үйлчилгээний үнийг нэмж дунджийг нь авч харуулж байгаа хэрэг. Гэтэл мах,сүү ямар үнэтэй, харин танк, их буу ямар үнэтэй билээ. Жишээ нь, саяхан батлагдсан ОХУ-ын ирэх оны төсвийн гол хэсэг нь дайны зардал байна. Батлан хамгаалах болон хүчний байгууллагад 13.5 их наяд рубль буюу нийт төсвийн бараг тал (41 хувь) хувийг зарцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-д стагнаци явагдаж буй учир энэ онд 10.77 их наяд рубль байсан ОХУ батлан хамгаалахад зориулах ирэх оны төсвийн нэмэгдэл болох гурван их наяд рублиэр их буу, танк, сум нэмэгдэхгүй, харин энэхүү нэмэгдсэн рубль нь зүгээр л инфляцийн мөнгөн илэрхийлэл гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл, валютын хомсдолд орсон улс бэлэн мөнгө хэвлэж төсөв, хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй болдог. Энэхүү цаасан дэвсгэрт бүр нь инфляцийг өдөөгч болчихож байгаа хэрэг. Харин энэхүү хиймлээр өдөөгдөн бий болсон инфляци гэх хохирлыг ард иргэдийн орлогоос төлөхөөс өөр аргагүй болдог. Үүнийг л эдийн засгийн шинжээчид “Инфляци алдууран рубль цаас болж, Оросын эдийн засаг дампуурал руу явж байна” гээд байгаа юм. Энэ нь хөрөнгийн биржийн“Брент” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэнээс Орос, Ираны дэглэмийн хувь заяа шууд хамаарна гэсэн үг билээ. Харин ОХУ “Брент”-ээс бага үнэтэй “Юралс” маркийн газрын тос дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Учир нь Оросууд мөнх цэвдэг хөрс бүхий газрыг өрөмдөж газрын тос гаргаж авдаг. Харин арабын улсууд элс өрөмддөг. Энэ нь ажиллах нөхцөл, өртөг зардлын маш том ялгаа юм. Иймээс Саудын Арабын нэг баррель түүхий нефтийн өөрийн төртөг 20 ам.доллар, харин ОХУ-ынх 50 ам.доллар байдаг. Дэлхийн зах зээлд “Брент” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэ 50 ам.доллар болчихвол Оросын эдийн засаг шууд л сүйрнэ. Оросын төсөвт ирэх жилийн баррель нефтийн үнийг 67.7 ам.доллар байна гэж тооцсон билээ. Ираны эдийн засаг ч “шалчийгаад” өгнө. Гэтэл ингэх магадлал хэтэрхий гэмээр маш өндөр болов.
“ОПЕК+” дэлхийн нефтийн 40 хувийг нийлүүлдэг байхад энэ байгууллагын байр суурь хүчтэй байсан бол одоо 27 хувийг хангадаг болж нэр хүнд нь мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ л “ОПЕК+” -ын гол улс болох Саудын Араб дэлхийд түүхий нефть гаргалтаараа тэргүүлсээр байна. Орос улсын “үлдээсэн” Европын Холбооны маш ашигтай зах зээлийг энэ улс эзлэн авахын тулд олборлолтоо нэмэгдүүлж нефтийн үнийг бууруулахаас өөр арга байхгүй. Учир нь маш их нөөц илэрсэн Канад улс нефтийн хоолойгоо барьж дууссан. Мөн том өрсөлдөгч Бразил, Гайана улсууд байна. Узбекистаны нефтийн хоолойтой зэрэгцэн Казакстан улс хоногт 700 мянган баррель нефть олборлох “Тенгиз” ордоо ашиглалтад оруулав. Энэ бүхэн Саудын Арабыг нефтийн олборолтоо эрс нэмэгдүлэхээс өөр аргагүй болгож байгаа билээ. Учир нь дэлхийн зах зээлд “Брент” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэ 30 ам.доллар болсон ч Саудын Арабын хувьд маш өндөр ашигтай наймаа байх болно. Харин нэг баррель “Брент” маркийн түүхий нефтийн үнэ 50 ам.доллар болоход Саудын Араб бараг ганцаараа үлдэж, илүү өндөр өртөгтэй АНУ, Бразил, Канад, Казакстан, Азербайжан зэрэг бусад өрсөлдөгчид нь олборлолтоо зогсоож, харин Орос, Ираны эдийн засаг сүйрэн улмаар өнөөгийн дэглэм нуран унах нь тодорхой байна.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА