Categories
мэдээ нийгэм

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд 2018 онд томоохон баримт бичгүүдийг батлуулсан. Үүний нэг нь Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” юм. Энэхүү журмыг үндэслэн гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид шинэ оны босгон дээр мөнгөн урамшуулал буюу 16 сая төгрөгийг олгосон юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Эрхэмбаяр

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ахуйн гал түймрийн дуудлагаар 94, ой, хээрийн гал түймрийн дуудлагаар 36, үер болон цасан шуурганд боогдон алга болсон хүний дуудлагаар 11 удаа ажилласан. Ажиллахдаа 18 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 950 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлж байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийхэд 115 хоног, Хэрлэн сумын “Сөүл” караокед гарсан гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн нэг хүний амь насыг авран хамгаалжээ. Түүнчлэн ээлжийн амралттай явж байх хугацаандаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах “Гүн цэнгэг” амралтын газрын “Гүн цэнгэг” нуурнаас дөрвөн охины амь насыг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат

Онцгой байдлын байгууллагад 11-н жил ажиллах хугацаандаа 174 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Түүнчлэн “НИК Петровис” компанийн гурван ажилтан шатахуун ачсан “Урал марк”-ийн хоёр автомашинтай Мөрөн сумаас Ренчинлхүмбэ сумруу Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон. Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэнийг амь насыг авран хамгаалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *