Categories
мэдээ улс-төр

Онцгой байдлын үеийн хөдөлмөр эрхлэлтийг 20 сая ам.доллароор санхүүжүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав.

COVID-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ний хуралдаанаар хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, С.Амарсайхан нарын гишүүн асуулт асууж хариулт аван байр сууриа илэрхийлсэн. Гишүүд цар тахлын үед аль болох ажлын байрыг хадгалах, иргэдээ орлоготой байлгах нь чухал гэдгийг тэмдэглээд, дээрх зээлийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрхэн төлөвлөж байгааг тодрууллаа.

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Батцэцэг, “Энэ зээлийн 10 сая ам.долларыг нь НДС-нд татан төвлөрүүлнэ. Үлдсэн 10 сая ам.долларын 6.5 саяыг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгох бичил зээл буюу өрхийн бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан, төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, зээл бүхэн өр биш, өр бүхэн муу биш хэмээн онцоллоо. Тэрээр хязгаарлагдмал эдийн засагтай манай улсад ийм бага хүүтэй урт хугацааны зээлийг боломжоор нь авах хэрэгтэй гэдгийг тодотгоод, ухаалаг зарцуулах нь зүй гэлээ. Азийн эдийн засаг цар тахлын улмаас 1967 оноос хойш хамгийн эрчимтэй унаж байгаа үедээ ирсэн олон улсын байгууллагын тооцоо судалгаа байгааг дурдаад, цар тахлаас сэргийлэхэд дэмжлэг болгон авч буй энэ зээлийн ач холбогдлыг үнэлж байв. Гэхдээ анхаарах хэдэн зүйл байгаагийн нэгдүгээрт, зээл бүхнийг улс төржүүлж байгааг шүүмжлэв. Тэрбээр, “Монгол Улсын гадаад өр бол Засгийн газрын өр, аж ахуйн нэгж, иргэдийнх гэж тусдаа байх ёстой. Засгийн газар, УИХ-ын түвшинд ярихдаа зөвхөн Засгийн газрын 7.9 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг ярих ёстой. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс оронд бизнес эрхлэгчид ямар зээлийг хэрхэн авах нь хуулиар олгогдсон эрх. Нийт гадаад өр их хэмжээтэй мэт гадаад зах зээлд буруу ойлгуулж болохгүй. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, бизнесийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Тэр хэрээр хүн цаг үед Монгол Улсад итгэх итгэлийг бууруулах сөрөг үр дагавартай” хэмээв. Мөн зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн гүйцэтгэл, хяналт, хэрэгжилтэд сар бүр ил тод хэлэлцэхгүй бол Засгийн газар, Сангийн яамнаас шийдээд өгөхөд төслийн нэгжүүд ажлаа хийдэггүй асуудал гардаг гэдгийг санууллаа.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *