Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Онжавууд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…………………..

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа цэргийн “онжав”- уудыг урилаа. Тодруулбал, Монголын армийн урдаа барьдаг офицерууд. Эд арван гурвуулаа. Ангиас хоёр генерал, дөрвөн доктор, 13 хурандаа төрсөн гээд бодохоор ямархан хүмүүс болох нь мэдэгдэх буй за. Монголын зэвсэгт хүчний баярын энэ өдөр нэг ангийнхны хөгжилтэй дурсамжийг хамтдаа сөхье.


БАЙЛДАГЧИЙН ХАЛААСАНД ГЕНЕРАЛЫН МӨРДЭС БИЙ

Монголын зэвсэгт хүчний янз бүрийн салбарт ажиллаж байсан арав гаруй офицерууд тэр үеийн нэлээн босго өндөр шалгалтыг давж туулаад В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид 13- уулаа очиж нэг курс болон суралцсан нь 1980 он ажээ. Өөр өөр газар ажиллаж байсан тэд ингэж нэг ангийнхан болсон түүхтэй. Ангийнхнаас дотооддоо цэргийн дээд сургууль төгссөн хэдэн хүмүүс орос хэлний бэлтгэл хийх зорилгоор жилийн өмнө очоод хүлээж байв. Хэлтэй устай хэд нь араас нь очсоноор анги бүрэлдэж гурван жил суралцжээ. Тэдний хоёр нь багшийн ангид буюу Цэргийн дээд, сургууль академид багш болох, үлдсэн нь Ерөнхий зөвл өлийн цэргийн улс төрийн ажилтан болохоор бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед академид явахад шалгалт их өндөр байжээ. Ажлын үзүүлэлт харна. Ажилдаа амжилт бүтээл гаргасан байх ёстой. Хоёрт, өмнө нь сурч байсан хүмүү- сийг авсан гэнэ. Оросын цэргийн академийн сургалтын хөтөлбөрийг дааж чадах эсэхийг нарийн шалгана. Эцэст нь МАХН-ын Төв хорооны улс төрийн зөвлөлийн хэлстээс хүн бүртэй нэгбүрчлэн уулзаж нарийн шалгадаг байж л дээ. Тэгээд ажил хэрэг, улс төр, ёс суртахууны бүх шалгуурыг давж тэнцсэн нь тэр 13 офицер байлаа. Нэг ангийнхан гэж бүгд дээд сургууль төгссөн, анги салбарт гурваас дээш жил ажилласан 20 гаруйхан настай шижигнэсэн дэслэгч, ахлах дэслэгч нар байв. Уулыг нурааж, усыг ч эргүүлэх эрч хүчтэй тэдгээр залуусаас өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабыг тэргүүлж байгаа нь дэслэгч генерал Ц.Тогоо билээ. Н.Жалбажав хошууч генарал цолтойгоор Батлан хамгаалах их сургуулийн захирлаар ажиллаж байна. М.Арсланбаатар, Ц.Энхбат, Д.Пүрэвдорж нар хурандаа, Н.Цэгмид, Цанжид, А.Баасанжав, Б.Галиндэв, Д.Бадамдорж, П.Бал, Б.Хүнбиш Р.Төмөрчөдөр нар дэд хурандаа хэмээх эрхэм цолыг өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө хүчээр авсан юм.

Ангийн 13-аас Д.Пүрэвдорж, Р.Төмөрчөдөр хоёр нь арай л эрт андуудаа орхин ертөнцөөс буцжээ. Харамсалтай, гунигтай хэдий ч тэднийгээ санан санах ангийнхных нь сэтгэл хэзээ ч хувиршгүй ажээ. Энэ ангийнхан хичээл номдоо чадварлаг, толгой сайтайгаараа бусад улс орны сонсогчдоос ялгардаг байв. Тэднээс хожмоо дөрөв нь эрдмийн ажил хийж докторын зэрэг хамгаалсан. Ц.Тогоо генерал сурган хүмүүжүүлэх ухааны, Н.Жалбажав генерал философийн ухааны, Б.Гадиндэв улс төр судлалын ухааны, М.Арсланбаатар соё- лын ухааны докторын зэрэгтэй. Ангийнхан бүгдээрээ л төрийн албыг эндүү буруу саналгүй нэгэн сэтгэлээр нэр төртэй хаасан гавьяатнууд. Өдгөө хоёр генерал албандаа зүтгэж байна. Бусад нь чөлөөндөө гарсан, бэлтгэл хурандаа нар. Тэд чөлөөндөө гарсан гээд хуруу хумхин суусангүй энгийн салбарт ч нэр төртэй хөдөлмөрлөж байна. Зарим нь бизнес эрхэлж, зарим нь багшилсаар явна. Б.Галиндэв доктор л гэхэд “Отгонтэнгэр” их сургуулийн тэргүүлэх багш. Сургуулийн тулгын чулууны нэг гэж сургуулийнхан нь үнэлдэг юм билээ.

ХЭН НЬ ХЭН БЭ?

Ангийнхан нэгэн сэтгэлтэй ч хэзээ ч бие биетэйгээ давтагдашгүй хувь хувийн зан чанартай. Ц.Тогоо генерал их шаргуу, хөдөлмөрч. Төрөлхийн хурц сэргэлэн ухаантай. Юмны өөрчлөлт, цаг үеийн байдлыг сайн мэдэрдэг, мэдрэмж сайтай ер нь удирдагч хүн дээ хэмээн ангийнхан дүгнэлээ. Үүнээс гадна хүний мөс чанар сайтай. Сайнтай муутай амьдралын өдөр хоногуудыг хүн хүнийхээ дэмэнд туулдаг билээ. Баяр болохоор ангийнхан нэгнээ дууддаг. Утас цохино. Гуниг харууслын үед ч хамгийн түрүүнд биесээ үгүйлдэг. Харин энэ бүхнийг удирдан зохион байгуулдаг хүн нь Тогоо генерал. Өвдсөн нэгэндээ дэм болно, байнга л ангийнхнаа анхаарч асууж сурч явдаг гэсэн. Н.Жалбажав генерал сурлага сайтай, гавал толгойтон. Өмнө нь ЗХУ-д Цэргийн дээд сургуулийг алтан медальтай төгссөн төдийгүй академиа ч ангиасаа ганцаараа алтан медальтай дүүргэсэн хүн. Орост цэргийн хоёр шатны дээд сургуулийг алтан медальтай төгссөн хүн Монголоос 17 байдгийн нэг нь гээд бод доо. Бас их нийтэч, хөгжилтэй зантай. Ангиас гарсан ганц УИХ-ын гишүүн гэдгийг заавал хэлэх ёстой. 1992- 1996 онд тэрээр УИХ-ын эрхэм гишүүнээр ажиллаж байлаа. Б.Галиндэв сайхан сэтгэлтэй. Товчхон хэлэхэд ухаантай хүн гэсэн тодорхойлолтыг найзууд нь өгөв. Эрдэм номд тэгш боловсорсон тэрээр сэтгэн бодох чадвар нь өндөр хөгжсөн нэгэн гэнэ. Ясны багш хүн. Манай Б.Галиндэвийг мэдэхгүй хүн зэвсэгт хүчинд байхгүй дээ гэсэн омгорхол энэ тодотголыг дагалдана лээ. Н.Цэгмэд тусархаг зан чанараараа бусдаас гойд ялгардаг. Цанжидыг чигээрээ хүн гэж ангийнхан нь тодорхойлж байна. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай байж чаддаг тийм хүн. М.Арсланбаатар бол хэлний өндөр боловсролтой. Ангийнхан бүгд орос хэлтэй. Үүн дотроос Тогоо, Арсланбаатар хоёр англи хэлэндээ гарамгай аж. Д.Пүрэвдорж гэж сайхан хурандаа байлаа. Сайхан сэтгэлтэй, дөлгөөн, юманд яарна гэж байхгүй, юмыг их ултай суурьтай бодож сэтгэдэг хүн явжээ. Р.Төмөрчөдөр их сэргэлэн, хэрийн хүн гарамгүй хэцүү байдлаас өөрийгөө хялбархаан аваад гарчихдаг байв. Баасанжавын содон зүйл гэвэл унтамхай. Хамгийн урд талын ширээн дээр суух мөртөө нэг харахад л унтсан байна. Орос багш нар орж ирээд “Хэрэггүй хэрэггүй. Баасанжавыг битгий сэрээ” гэдэг байв. Бадамдоржийгоо хоёр юманд их сэргэлэн дээ гэж ангийнхан тодотголоо. Бүсгүйчүүдийн сэтгэлийг татахдаа увидастай. Сайхан орос бүсгүйчүүдтэй үерхэж найзалж явж. Их ч дэгжин, хичээлдээ сайн, өөртөө их эрд үү залуу явжээ. Энэ мэт арвангурван өөр араншин, арвангурван өөр амьдрал, өөр хувь заяатай хэдий ч нэг ангийнхны халуун сэтгэл мөнхөд тэднийг холбодог.

ИНЭЭД ДАГУУЛСАН ХӨГЖИЛТЭЙ ДУРСАМЖУУД

Сургуульд байхад аль дампуурахыг хэлж барахав. Залуучууд шөнөжингөө хө- зөрдөөд семинартаа бэлдэхг үй үе гарна. Хичээлээ хийлгүй ирсэн өдөр Р.Төмөрч өдөр л бусдыгаа аварна. Багшийг орж ирэхэд гараа өргөөд сууж байна. Мань хүн нэг эхэлсэн байхад нэгээс хоёр цаг тасралтгүй ярина. Тэр хооронд бусад нь дараа дараагийн асуудлыг амжуулцгаана. Нэг удаа дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын байгуулсан түүхэн ялалтын ач холбогдол гэсэн сэдэвтэй семинарын хичээл орж байлаа. Төмөрчөдөр цаг гаруй илтгэл тавьжээ. Сайн ч ярьж. Багш нь маш их сэтгэл ханамжтай сонсож байгаа “Болно, болно, Төмөр өө. Би танд онц тавилаа” гэв. Гэтэл болилг үй бүр хадуурч Гитлерийн ялагдлын шалтгааныг тоочиж байхдаа “Герман ялагдсаны нэг шалтгаан нь нөхөр Гитлер өөрөө буруутай” гэчихжээ. Тэгсэн багш “Тийм биш ээ, Төмөр. Гитлер бол нөхөр биш дайсан. Би танд онц тавих гэж байснаа болилоо, гурав тавилаа. Суу” гэж. Ангийнхан элгээ хөштөл инээлдэж хожмоо ч дурсан ярих хөгжилтэй сэдвийн нэг болсон байна. Баасанжав шувуунаас үнхэлцэгээ хагартал айна. Багадаа л их айж байсан шиг байгаа юм. Тэр нь том болсон хойноо ч хэвээрээ үлдсэн бололтой. Ангийнхан түүнийг нь мэдчихээд тагтаа барьж авчран айлгадаг байсан нь эгээ л жаахан хүүхдүүд шиг санагдана. Ангийнхан хичээл номдоо сайн ч сахилгагүйтэх үедээ сахилгагүйтнэ. Тав, арван копейк тавиад шөнөжингөө хөзрөөр муушги тоглоно. Нэг удаагийн тоглолт дээр Баасанжав “Би нэг шил сайн чанарын конъяк тавилаа” гэжээ. Бусад нь конъякийг авахын тулд багахан хуйвалдаан зохиож, дохио боловсруулжээ. Тамга ирсэн нь чихээ маажих, ноён ирвэл толгойгоо илэх зэргээр хөзр өө бие биедээ мэдээлэх учиртай. Хуйвалдаан ч амжилттай болж Баасанжав хожигдлоо. Өнөөх шил конъякаа авчрахаар гараад явахад бусад нь тун сэтгэл хангалуун үлджээ. Орж ирэхдээ хуруун чинээ жижигхээн архи барьчихсан байж гэнэ. Ингэж нэг оройн хайран хөдөлмөр “будаа” болсон түүхтэй. Нэг удаа ангийн онц сурлагатан Н.Жалбажав үнэт зүйлээр шагнуулжээ. Тэр нь кофе чанадаг ган сав. Тэр өдөр стипенд бууж, ангиараа шагналаа тэмдэглэжээ. Тухайн үед бүгд л эхнэр хүү- хэдтэйгээ хамт амьдарч байж л дээ. Тэд нь стипенд буусан гээд бүлтийтлээ хүлээгээд сууж байж. Гэтэл орой бүгд халамцуухан, мөнгөгүй ирцгээжээ. Учир нь шагналын угаалганд бүгдийг нь зарцуулчихсан гэж байгаа. Ийм л хөгжилтэй, гэгээн дурсамжтай оюутны амьдрал гурван жил үргэлжилж, чадварлаг цэргийн мэргэжилтн үүд болоод эх орондоо иржээ.

ОФИЦЕРЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН, ДОНГОДУУЛЖ ЯВЖЭЭ

1990-ээд онд Монголд ардчилсан хувьсгал дэгдлээ. Ангийнхан бусад төрөл мэргэжлийн цэргийн дарга нарыг бодоход арай илүү юм үзсэнийх ч юм уу, юмны учир жанцанг ойлгох, цаг үеэ мэдрэх тал дээр бусдаасаа арай илүү байсан бололтой. Тэр үед Ц.Тогоо, Н.Жалбажав нар тэргүүлэн Офицерын хурал гэдгийг хийж удирдлагаа айлгаж л явав. Хэдэн хурандаа нар сүйд хийх нь, эрх мэдлийг булааж авах нь хэмээн хардаж сэрдэн тэднийг сонин хэвлэлд бичиж, Сайдын зөвл өлийн хуралд оруулж донгоджээ. Ангийнхан бүгд тэр хэргийг сэдсэн учраас “Зоригтой байна шүү” хэмээн бие биенээ зоригжуулж байсан гэдэг. Ингэхийн учир бас бий. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжин цэргийн албан хаагч, Зэвсэгт хүчин оршин байх нь тодорхойгүй болж, цэргийн албан хаагчдын хувь заяа, нийгмийн асуудал нь хүндэрч эхэлсэн үе. Үүнийг давж гарахаар компандлалдаа туслах гэсэн офицеруудын санаачилга л даа. Тухайн үедээ тэд зоримог зоримог зүйл их л дэвшүүлж байжээ. Одоо эргээд харахад алдаатай зүйл ч байдаг, гэхдээ оносон нь илүү дээ гэж тэд бардамхан өгүүлж сууна. Ямартаа ч нийгмийг өөрчлөх, улс орны хөгжлийг хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замд нь аваачих, хүний эрх, эрх чөлөөний бодит биелэл болсон хувийн өмчийг хамгаалах, хүнийг өмчтэй болгох гэсэн чиг хандлагыг ангийнхан сонор соргог харж хүлээж авсан хүмүүс юм. Нэг ангийнхны энэ зүтгэлийг үнэлдгийнх үү армийн түүхэнд хэн ч тэднийг шүүмжилж байсангүй. Энэ нь тэдний ангийнхан армидаа нэр хүндтэй байсны үнэлгээ болох биз ээ. Армийнхныг консерватив үзэлтнүүд гэдэг. Харин ингэж тэмцэж, ардчиллын гэрэл гэгээг Монголын армид тусгахыг зорьсон тэдний тэмцэл талаар өнгөрөөгүй ээ. Үүний үр дүнд хүмүүс тэдэнд итгэл хүлээлгэн Н.Жалбажавыг 1990 оны сонгуулиар Улаанбаатар хотын Иргэдийн тө- лөөлөгчөөр сонгож байв. Дараа нь 1992-1996 онд УИХ-ын гишүүн болсон. Ц.Тогоо генералын хувьд Хувьсгалт намыг дотроос нь шинэчлэх тал дээр санал бодлоо хэлж, идэвхтэй ажиллаж байсан хүмүүсийн нэг. Тиймдээ ч намын онц их хурлын төлөө- лөгчөөр сонгогдож байв. Нэг үгээр хэлэхэд ардчиллын үед ангийнхан бүгд л маш идэвхтэй, санаачилгатай ажиллаж байв.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛД ТЭДНИЙ ОРУУЛСАН НЭМЭР

Ангийнхан бүгд зэвсэгт хүчний шинэчлэлд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж чаджээ. Энэ бол тэдний үүрэг, хожмын бахархал нь болох учиртай. Ц.Тогоо бол Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болгох, Монгол Улсын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах ажиллагаанд шинэ үеийг эхлүүлсэн гэж үнэлэгддэг. Монгол Улсын зэвсэгт хүчнийг шинэ шатанд гаргасан генерал. Н.Жалбажав генералын хувьд УИХын гишүүн байхдаа Батлан хамгаалах, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай зэрэг суурь хуулиудыг батлалцсан хүн. Одоо ч тэр хуулиудын ач холбогдлын талаар армийнхан ярьдаг юм билээ. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хууль бол зэвсэгт хүчнийг энэ чигээр нь хадгалж авч явах, цэргийн хүмүүст итгэл найдвар төрүүлсэн гол хуулийн нэг нь. Цэргийнхэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох тухай хуулинд тусгагдсан бөгөөд энэ нь Монгол Улсын тогтолцоонд байгаагүй зүйлийг бий болгосон гэдгээрээ шинэлэг. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгмийн батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний эрхзүйн үндсийг энэ ангийнхан тавилцсан гавьяатай. Хоёр генералаас эхлээд анги салбарын улс төрийн ажлыг удирдаж байсан ангийн бусад нөхөд нь ч гар бие оролцсон гэсэн. Энэ ангийнхан бол шинэчлэлийн үзэл санааг хамгийн сонор соргог тусгаж Зэвсэгт хүчнийг ямар чиг баримжаагаар хааш нь хөгжүүлэх вэ гэдэгт салбарынхан манлайлж оролцсон хүмүүс юм. Энэ эрхэм алдартнууд, нэг ангийнхандаа Зэвсэгт хүчний 88 жилийн ойн мэнд хүргэе ээ. Тэд халуун залуу нас, эрдэм боловсролоо арми хэмээх их айлд эргэлт буцалтг үйгээр зориулж, элэгдэж ирлэгдэж яваа их хүмүүс билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *