Categories
мэдээ цаг-үе

Онгодын цагт тэнгэрийн харьяат гэж өөрийгөө тунхагласан найрагч Шаравын Сүрэнжав

Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын анхныхыг доктор Дамдины Дэнсмаа хүртсэн юм. Тэрээр Ш.Сүрэнжав зохиолчийн тухай “Тэнгэрийн харьяатын ертөнцөд” хэмээх нэгэн сэдэвт бүтээл туурвисан байдаг. Дэнсмаа докторын эл бүтээлийн хэсгээс хүргэе.

“Өвөр Шавартын хөх уулс минь надад юунаас ч дотно юм. Төрсөн нутаг минь Цантын эхний ногоон толгойн хаваржаа боловч өссөн нутаг минь Өвөр Шавартын уулс. Учир нь сумын төвөө татаж, миний сургуульд орсон цагаас хойш манайх Үнээ, Сүүж, Билгэх, Цагаан хамар, Өндөр дэл, Өвөр шавартаар нутагласан юм… Сумын төв байсан ногоон дэвсгийг харахад өдий төдий бодол дуртгал санаанд ургана… Анх сургуульд орсон ангаахай наснаас эхлээд л өртөө замыг дагасаар холд одмоор санагдсан мөрөөдөлт насны төрх сэтгэлд ордог…” хэмээн тэрээр ярина. Ш.Сүрэнжав 1947 онд сумынхаа бага сургуулийн сурагч болов.

Дурсахуй:

…Намрын шар нар ээсэн зохист нэгэн өдөр Нээм минь намайг сургуульд хүргэж өгөв. Анх удаа анги танхим гээчийг үзэж байгаа нь тэр. Самбар гээч юмыг мөн л анх удаа үзэж, сурагч гэдэг үгийг шинээр бичиж тогтоов. Юугаа ч мэдэхгүй амьтан эхний цагийг өнгөрөөгөөд завсарлахын хонх цохиход (лам нарын уншлагын ширмэн хонх тэр чигээрээ байсан цаг) гарч гүйлдэж байгаад буцаад ангидаа орох гэсэн чинь ангиа олдоггүй. Нэг л олон зүс үзээгүй хүүхдүүд инээлдээд, бас нэг хүүхдийн ширээн дээр герман улаан малгай байх нь минийхтэй яг адил тул булаалдан шившгээ тарив. Тэгтэл ахлах ангийн Өлзийн Дорж намайг ангид минь оруулж өгөв… гэж анх сургуульд орсон мөчөө дурсан бичсэн юм.

Нэг өдөр хичээл дээрээ сууж байхад нь:- “Муу зэвхий минь, Сүрэнжав чи хаана байна. Чи яагаад ингээ муу уяв? Уяагаа таслаад тэмээний хойноос тэшчихлээ” гээд хар хурдаараа эмээ нь ангид нь ороод ирчихсэн байв. Ангийнхан нь эг маггүй инээлдэхэд жигтэйхэн ичиж, хоёр хацар нь улаа бутарч байсан гэдэг.

Энэ бол хөдөөгийн эмээгийн хээгүй дүр, хөөрхөн хүүгийн үнэн төрх. Гэнэт хонгорхон ийм л бага насандаа “Сүүдэр” хэмээх анхны шүлгээ зохиосон байдаг. Түүнд:

Нэг насны минь арвигүй сүүдэр

Нэхий өлгийд зэрэгцэн нойрсож

Ээжийн бүүвэйг хамт чагнан

Эрхийн чинээ байхаас дагасан юм

Арван насны минь атигархан сүүдэр

А-гийн ацгийн хамт таталцаж

Самбарын өмнө надтай хамт

Шалгуулах гээд зогсдог байсан юм…. гэсэн байдаг.

Ш.Сүрэнжав сумынхаа бага сургуулийг төгсөөд гэртээ харьж нэг жил мал маллажээ. Хурга ишиг хариулж явсан хүүхэд нас нь түүний алс хол руу тэмүүлэх, сурч мэдэх их хүслийн эхний дурдатгал юм.

Дурсахуй:

“…Энэ үед ном их уншдаг байлаа. Ноос тушаасан мөнгөөрөө сумын төвийн дэлгүүрт навсайж хэвтдэг хэдэн номыг би л авч уншиж элээх. Б.Ренчиний “Үүрийн туяа” роман гарсан, мөн Д.Намдагийн роман тэр үед “Цог” сэтгүүлд “Амьдралын зам” нэртэйгээр цуврал болон хэвлэгдэж байсан юм. Бас Константин Симоновын “Өдөржин шөнөжин”-г их уншина аа. Тэгээд зохиолын баатруудын адилаар зовж жаргадагсан. Тэр Симонов гэдэг зохиолчоос-Аня, Сабуров хоёр дахин уулзах уу гэж асуумаар бодогддог сон. Хожим Халхын голын ялалтын 30 жилийн ойгоор тэр сайхан зохиолчтойгоо нүүр учирсан шүү.

АВЬЯАС АВЬЯАСАА МЭДЭРДЭГ

Ш.Сүрэнжавын ааш араншин, аж төрөл, амьдрал ахуйг ойлгож, ажил үйлс, авьяас билиг, алдар нэрийг нь мэдэрч алсын замд нь ухаарал өгч байсан Монголын утга соёлын сор болсон олон хүмүүсийг өөрөө ч хүндлэн хайрлаж, сэтгэл зүрхэндээ байнга дурсаж, хамт өнгөрүүлсэн он цагаа эргэн санаж, их хувь заяа хэмээн сүслэн дээдэлж явдаг билээ. Хайрлуулах юмтай байж хүнд хайрлагддаг, бахархуулах юмтай байж хүнээр бахархуулдаг. Тэгвэл Ш.Сүрэнжавт урьд үеийнхэн нь хэрхэн хандаж байсныг дараах цөөн жишээнээс харж болно. Энэ нь ганц Ш.Сүрэнжавт биш, өмнөх үе нь залуу хойч үеэ хэрхэн мэдэрч, тэдэнд хэрхэн хандаж байсны илрэл юм. Авьяас авьяасаа мэдэрнэ гэгч энэ болов уу.

СОНОМЫН УДВАЛ

“… Ээж нь хүүхдэдээ, эгч нь дүүдээ бичихийн адил энгийн бөгөөд шулуун үг надаас гарахаас биш хан тэнгэрийн оргилд эс гаргаж, хаан титэм үл өмсгөнөм чамд сайн хүнээ сансрын өндөрт хүртэл магтан нүүрэн дээр нь зөвхөн дээвэр хүртэл магтан сайшаадаг нь нисчихвий гэж айсных байдаг…” гэсэн үгтэй захидал Москвад суугаа Ш.Сүрэнжавт ирсэн юм. Үүнийг Берлинээс илгээсэн хүн бол С.Удвал байлаа.

Хүн бүхний мэдэх “Хатанбаатар”,“Үер”,“Хүргэн хүү” кино зохиолыг бичсэн Булган нутгийн бүсгүй Сономын Удвал бол Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн ховорхон бүсгүйчүүлийн нэг билээ.

Бидний нэг үеийнхэн Их хурлын танхимын тэргүүлэгчдийн суудалд суух цөөхөн эмэгтэйчүүдийн нэг, намбалаг сайхан бүсгүй С.Удвал гуайг зурагтаар л харж, намтар түүх, гавьяа зүтгэлийг нь болоод зохиол бүтээлийг нь номоос л уншиж мэддэг байсан.

Тэгвэл С.Удвал гуай Ш.Сүрэнжавын амьдрал хувь заяа уран бүтээлд нь эх хүний, эгч хүний, зохиолч хүний, дарга хүний зүгээс их л тус дэм болж нөлөөлж байсан байдаг юм. Энэ бол хүнийг хэн болохыг нь таньсан хэрсүү ухаан, холын хараа байжээ гэж бодогдоно. Тэдний уулзсан мөч, ярьсан яриа, аялсан газар цөөнгүй. Дурдатгал дурсамж ч багагүй.

Нэг удаа тэд зүүн аймаг руу Уран үгсийн чуулганд хамт явцгаажээ. Сүхбаатар аймагт явахдаа Ш.Сүрэнжавыг шөнөжингөө нэрмэл уучихаад өглөө ирэхэд нь С.Удвал машинд ганцааранг нь суулгаад: -Өнөөдөр хоёулаа онгоцоор буцах уу даа. Энд ажилгүй нь чи бид хоёр л байна. Бусад нь юм хийхээр ирсэн улс гэхэд нь “үхтэлээ айгаад” цааш Дорнод аймаг хүртэл үргэлжилсэн Уран үгсийн чуулганы турш архи огт амсаагүй гэдэг. “Айна гэдэг хүндэтгэсэн сэтгэлээс үүдэлтэй” гэж тэрээр ярьсан юм.

Өөрийг нь болон Цэндээг нь хүнд өвдөхөд, хадам ээжийг нь нас барахад үнэн сэтгэлээсээ тусалж, ууж уруудаж доройтож явахад нь зэмлэж ухааруулж, уран бүтээлд нь ил хуурай магтаал хэлэхгүй ч, элэг зүрхнийхээ гүнээс талархаж явсан нь Ш.Сүрэнжавын сэтгэлд шингээстэй байдаг.

Дурсахуй:

…Амьд сэрүүнд нь уулзаж учирсан, хэлж захисан бүхэн нь эдүгээ давтагдашгүй үнэт зүйл болж он жилийн цаанаас тодорно. Цэнэж хэлсэн үг нь цэнгийн алтнаас ч үнэтэй байсан сан.Түүний энгүүхэн егөөдөл нь хэнийг боловч номхруулдаг сан. Гашуун атлаа амтлагхан ёжлол нь нэг хэсэгтээ сэтгэлээс үл гарна. Тэр бүхэн нь жаргахад сэрэмж, зовоход хатуужлыг өгөх увидастай бүлгээ…” гэж тэрээр бичсэн байдаг.

“Одгэрэл”, “Ховор хүн” тууж, “Анхны арван гурав”, “Их хувь заяа” роман “Ханийн үг” номыг нь уншиж явсан үе үеийн уншигчдынхаа сэтгэлд олон сайхан бүтээл туурвилаа мөнхөлсөн, үйлс нэгт уран бүтээлчдийнхээ төлөө сэтгэл итгэлээ зориулж явсан С.Удвал гуай бол Ш.Сүрэнжавын дээдлэн хүндэлж явдаг сайхан хүмүүсийн нэг билээ.

Тиймээс ч Ш.Сүрэнжавыг 1963 онд Халхын гол руу хамт явсан аяллаар “Ерэн баатрын дууль”-ийг бичсэний нь дараа “нулимс гармаар боллоо” гэж анх хэлсэн С.Удвал гуайн үг хойшдын замд нь их урам болсон байдаг.

С.Удвал гуайн гарын үсэгтэй, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүний 100 тоот батлах, илгээсэн захидал цахилгаан, өөрийнх нь өгсөн ном, зураг сэлтийг Ш.Сүрэнжав нандигнаж хадгалж алтан дурсамж, ашдын гэрээслэлийг нь ямагт санаж явдаг юм.

СЭНГИЙН ЭРДЭНЭ

Үүнийг бичигч би Сэнгийн Эрдэнэ гуайг Монголын уншигчдын нэгэн адил зохиол бүтээлээр нь дэндүү сайн мэдэх хэдий ч нүүр тулан уулзаж байсангүй. Тэгтэл 1995 оны үед болов уу, Соёлын Төв өргөөний 8 давхарт байсан Монголын соёлын сангаар хүнтэй уулзах ажилтай ороод өрөөг нь тогшоод, шагайтал С.Эрдэнэ гуай сууж байв. Би юм асуух зөвшөөрөл авч, уулзах хүн маань байгаа үгүйг асуутал “-Одоо удахгүй ирнээ, ороод сууж байхгүй юу” гэж уриалгахнаар хэлээд сандал руу заав. Хүлээх тэр агшинд энгийн сайхан яриа хөөрөө дэлгэж, ажил төрлийн маань талаар асууж сонирхсон юм. Нөгөө л “Өвгөн шувуу”,“Улаалзгана”,“Хулан бид хоёр”, “Өвлийн ойд” гээд л уянгын сайхан өгүүллэгүүдийн эзэн өмнө минь суугаад энэ тэрийг асууж, энгийн сайхан ярилцаж суусан мөч зурвасхан хугацаанд өнгөрсөн ч гэсэн тэр агуу хүний гэгээн дүрийг ойроос харж, энгүүн агаад хөгжөөнт үгсийг нь сонсож суусан гэрэлт дурсамж мартагдашгүй билээ.С.Эрдэнэ гуайн бэр Дэлгэртуяатай (Э.Бат-Үүлийн гэргий) хотын захын сургуульд хэсэг хугацаанд хамт багшилж, ач охин Б.Хулан нь нэгдүгээр сургуульд бидний шавь байсан болохоор хувь хүнийх нь хувьд ч гадарладаг байсан л даа. Гэвч тийнхүү ярилцаж суухад яагаад ч юм эрт хэзээний танилууд шиг санагдаж байсан юм…

Түүнээс хойш хэдхэн жилийн дараа, түүний насан эцэслэсэн тухай мэдээг нэгэн өдөр Монголын ард түмэн уй түгшүүртэйгээр хүлээн авсан билээ. Тэгэхэд “Өдрийн сонин”-оос Булган нутгийн охин нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэн “Өвгөн шувуу жигүүрээ хумилаа” гэсэн харууслын үгийг уншсан сан.

С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав нарын хотод ч хөдөөд ч, Монголдоо ч, гадаадад ч хамт явж өвчин зовлон, уйтгар гунигаа хуваалцаж байсан олон сайхан дурсамж дурдатгал байдаг бөгөөд үеийн юм шиг нөхөрлөж, үнэн сэтгэлээ нээн, нандин үг нууцаа хадгалж итгэлцэж явсан нь цөөнгүй. Энд ганц жишээг өгүүлье.

Дурсахуй:

…1969 оны наадмын өмнөхөн Монголын соёл урлагийн өдрүүд тэр цагийн Зөвлөлт Узбект зохиогдох болж, тэр том бүрэлдэхүүнийг НТХ-ны Улс төрийн Товчооны гишүүн, СнЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар толгойлон явах болж зохиолчдоос С.Эрдэнэ бид хоёр оролцох завшаан тохиов. Сосорбарам сайд, Лувсанчүлтэм дарга нар Майдарын дэргэд “жижгэрч”, Ардын жүжигчин Норовбанзад, Норовсамбуу, Ц.Намсрайжав (хөгжмийн зохиолч), гавьяат Сүглэгмаа, Д.Жаргалсайхан гээд урлагийн томчууд цөмөөрөө явцгаав.

…Бид хоёрыг Б.Явуухулан, М.Цэрэндорж хоёр онгоцны буудлаас халамцуухан үдэж өгөв. Оросын Эрхүү хотод онгоц түр буулт хийн цэнэглэх үед С.Эрдэнэ хүмүүсийг дайлж шампанск ууж, миний арын халаасанд мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс замдаа уух гэж өгсөн нь пиджакны арын хормойг яран цухуйж амьтныг инээлгэж явлаа. Яг онгоц нисэх гэсэн чинь бид хоёрын паспорт олдохгүй сандаргаж, эцэст С.Эрдэнийн гар чемоданы аман доороос гарч цааш нисэх болов. Энэ үеэр онгоцны эхний тасалгаанаас (одоогийн 1-р салон) Д.Майдар дарга босч ирээд: “-Ямар нь онгоц саатуулаад байна аа?” гэж аашлангуй дуугарав. Энэ үед С.Эрдэнэ дув дуугуй сууж байв.

Онгоц буудлаас хөөрч өндрөө авах үед мөнөөх жүжигчдийн араас С.Эрдэнэ босож зогсоод “Тэр Майдар юу юм?” гэж чанга хашхираад дараа нь доош нь хоёр гараараа онгоцны шаланд тулаад хүүхэд шиг нуугдах маягтай суув. Энэ нь тэр цагтаа ахадсан хэрэг бөгөөд тэнд суугаа хүмүүсийн зүрхийг хагалчих шахсанаас зайлаагүй байх. С.Эрдэнийн хувьд бол ёстой “согтуу хүн сохор ухаантай” гэгчээр нисч яваа онгоцноос бид хоёрыг буулгаад хаячихаж чадахгүй, газар дээр ингэсэн бол болохгүй гэсэн бодлоор үйлдсэн хэрэг.

Цаашдаа бид хоёр “алдаа”-гаа явцын дунд засч, улмаар суудлын доод адгаас аажмаар дэвшиж бараг дарга нарын дэргэд шадарлан би Узбекийн тухай:

“Сагсгар малгайн доороос

“Салаам” айлдах завгүй

Сандруу бууны замаг

Тачигнаж байсан өдрүүд”…гэхчлэн шүлэг уншиж, түүнийг минь тэр үед Москвад сууж байсан “Үнэн” сонины сурвалжлагч, хожмоо НТХ-ны нарийн бичгийн дарга, УТТ-ны гишүүн болсон Цэрэндашийн Намсрай орос хэл рүү шууд (синхронный перевод) орчуулж, С.Эрдэнэ уран нийтлэлийн чанартай цэцэн үгсийг зуу татсан үедээ оросоор хэлдэг болж түр дэвшив.

Ш.Сүрэнжав “Сэтгэл будрангуйрах үедээ Сэнгийн Эрдэнийг уншдаг” гээд Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Тэнгэрийн хүүгийн эцэслэл” номынхоо нүүрэнд “Монголын уран зохиолын алтан үеийн алдартнуудын нэгэн Шаравын Сүрэнжавтаа” гэснийг байн байн үзэж хүндлэн сүсэлдэг юм. Энэ нь урьд үеийнхнээс дараа үеийнхэндээ үзүүлсэн үлгэр, тэдний сэтгэлээс гарсан алтан гэрээслэл хэмээн санагдана.

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

Ш.Сүрэнжавын хэд хэдэн номыг ариутган шүүж өмнөх үгийг нь бичсэн эрдэмтэн зохиолч, их бичгийн хүн Лодонгийн Түдэвийн бүтээлээс “Уулын үер” романыг нь номонд хорхойсон дурлаж байсан сургуулийн бяцхан охин байхдаа анх би уншиж билээ. Манай гэрийн жижиг номын санд тэр ном хүндтэй байрыг эзэлж, тэр цагтаа л ээж аав, эргэн тойрны хүмүүс энэ номын тухай их л ярьж хөөрч, дамжуулж уншдаг байсныг мэдэх юм. Харин хорин гуравхан насандаа роман бичиж, уран зохиолын ертөнцийнхөн хийгээд уншигч олноо шуугиулж байсныг дараа нь мэдээд бахархах сэтгэл төрж байсан юм. “Нүүдэл суудал”, “БНМАУ-ын анхдугаар он” зэргийг нь уншиж,“Зэрэг нэмэхийн өмнө” киног нь үзэж бүтээлийг нь ч, бүтээлчийг нь ч биширсэн сэн.

Хожим “Оройгүй сүм” зохиолыг нь уншиж, дунд сургуулийн уран зохиолын хичээлээр дунд ангид “Хорвоотой танилцсан түүх”, ахлах ангид “Хувьсгал танаа өчье” нь ордог болохоор романых нь талаар эх зохиол задлалын нэгэн номондоо оруулж, сурагчдад амьд сонирхолтой, хүртээмжтэй байх талаас нь бодож зохиогчийн үгийг бичүүлж авч байсан юм.

Ш.Сүрэнжавын Залуу зохиолчдын анхны номын уралдаанд шалгарсан түүвэр “Шөнө ургасан цэцэг” номыг нь гардан авч“Зөрөг тань зам болтугай” хэмээн ерөөж, хэдэн жилийн дараа “Нутгийн цэнхэр уулс” номыг нь шүүн “Цэнхэр уулс хүрэх зам” гэж өмнөх үг бичиж, зарим шүлгээсээ болж ороогдож шалгагдахад нь “аварч”, тэр ч битгий хэл “хэргийн эзэн” шүлгийг нь шүүн тунгаасан номондоо оруулж хэвлүүлэн, Москвад сурч байхад нь захидал илгээж байсан юм.

Үүнээс түүнийг хувь хүнийхээ хувьд ч, зохиолч эрдэмтэн хүний хувьд ч хүнийг нээж таних, онож дүгнэх, итгэж найдах билгийн нүдтэй, алсын ухаантай хүн болохыг мэдэрч болно.

Дурсахуй:

“Тавиад оны сүүлчээр Монголын уран зохиолын тэнгэрт гэрэл татуулан тодорсон нэгэн суу билэгтэн бол… Лодонгийн хөвгүүн Түдэв бүлгээ. Тэр цагт 23-тай роман бичээд гарч ирнэ гэдэг бол онцгой үзэгдэл байжээ. Д.Намдаг, Ч.Лодойдамба, З.Баттулга нарын роман уншигчдын гарт бараг хүрээгүй байсан тэр үед ийн тодорно гэдэг чухамхүү тэнгэрийн бошиг хувь заяаны одон мэт тод сонин зүйл байлаа. Чухамхүү тэр “Туулайн гүйдэл шиг салхи”, “Уулын үер”-т амирласны ид шидийг ч энээхэн хавиас эрвэл учир олдож юунаа магад. Ямагт юмны түрүүнд манлайлан явах оюуны оргилд дагуулагчийн хувь тавилан түүнд ноогджээ гэлтэй. Тэгээд ч би “Миний галын шугам” гэдэг нэгэн шүлэгтээ

“Хамгийн түрүүн боссон хүн

Хамгийн түрүүнд нүдлүүлдэг

Эсрэг этгээдэд юуны өмнө зүсүүлж

Эгдүүцэл хорслыг нь өөртөө үлдээгээд

Эхэлж үнэнийг нь хэлэхэд ч

Эгзэгтэй байдаг

Эцэс хожмоо харин

Эрэмгий гавьяа нь тодордог”… гэж өгүүлэхдээ Л.Түдэвийг бодож бичсэн гэхэд хэлтийсэн болохгүй биз ээ. Хүн шүтсэндээ залбирч, итгэсэндээ үгээ хэлдэг” …Хүнийг хайрлах, уран бүтээлчдийг авран хамгаалах чин сэтгэлийн зоригтой хүн…” хэмээн “Оюуны оргилд дагуулагчийн тухай бодлын хөрөг”-төө Ш.Сүрэнжав бичсэн байдаг юм.

Мөн Ш.Сүрэнжавын тухай, “…Зүйрлэх авьяастай шүлэгч болохыг нь өнгөрсөн хугацаанд харуулж өглөө. Түүний зүйрлэл нь хэн бүхний санаанд амар орохооргүй цэцэн уран байдаг юм. Нэг ёсондоо зүйрлэл бүртээ нээлт хийсэн хүн” гэх буюу “…Зам нь төгсгөлгүй урт юм. Бас ч бартаа саад ихтэй. Сайн морь шантрашгүй зориг шаардлагатай. Харин Сүрэнжав маань яруу найргийн сайн агт морийг өөрөө таньж, өөрөө уургалан барьж эмээллэсэн болохоор санаа зовох юун. Гагцхүү аян замын алжаалыг умартан, хүлэг мориныхоо хурдаар хүрэх газраа зорилтой. Гаргасан замаар чинь үсэргээний жаалууд гийнгоолон давхицгааж эхэлсэн тул тэдэнд битгий гүйцэгд гэж би хүсэж байна. Л.Түдэв” гэсэн байдаг.

Энэ бол уран бүтээлч хүн, уран бүтээлч хүндээ үнэн үгээ харамгүй хэлж, үеэ мэдэрсэн үнэлгээ, цагаа олсон урам дэм өгч байсан, оюун билиг төгс эрдмийн хүний сэтгэл жудгийн илэрхийлэл юм. Бүргэд бүргэдээ таньдаг, авьяас авьяасаа мэдэрдэг ажээ. Тухайлбал: Л.Түдэв, түүнийг Ардын уран зохиолч болоход нь “Дал” сониндоо тавихдаа болон номон дээрээ:

“Алиа бага насандаа

Аав Шараваар овоглосон

Авьяас билгийн буянаараа

Ард Монголоороо овоглосон

Сүрэнжав та найргийн талбайд

Сүр нь үл барагдах дархан

Сүрэг сүргээр шүлгээ бэлчээн

Сүвэгч нь үл элэгдэх үйлчин юм”… гэсэн нь түүнд урьд дээдсээс өгсөн урмын үг үнэлгээ болж үлджээ.

Ш.СҮРЭНЖАВЫГ МЭДЬЕ ГЭВЭЛ…

Социализмын гэгдэх үед бичсэн “Бөөрөнхий чулууны дууль”,“Аятай зөөлөн үг олдохгүй бол айлын хүнээс болов зээлдээч”,

Тушаалтны өмнө дэгсэн

Тушаалтай морь байснаас

Тулааны суманд сийчүүлсэн

Туг байх минь ч яалаа… зэрэг даргын тухай цуврал шүлгүүд, мөн Ардчиллын эхэн үе буюу 1990-ээд оны эхээр “Нурмандаа цогтой өнгөрье” зэрэг цуврал шүлгүүд нь тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн ааш араншин,гэм занг илэрхийлсэн зохиолчийн сэтгэлийн шаналал, эмзэглэлийг гаргасан юм.

Мөн Ш.Сүрэнжав: “-Намайг мэдье гэвэл миний номон дотроос эр, тэгвэл би олдоно” гэсэн байдаг. Тэр өөрийнхөө тухай бус нөхдийнхөө тухай өгүүлсэн нь олон. Ч.Чимид, Л.Ванган, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Ж.Бямба, Л.Түдэв, Б.Ренчин, С.Удвал, Д.Гомбожав, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг нарын хөргүүдийг бичиж номууддаа оруулсанаас гадна тусгай ном болгосон. Хүмүүст зориулсан дуу шүлэг ч зөндөө бий. Хань Л.Цэндээдээ зориулж бичсэн “Нэрээр хийсэн шүлэг”, “Намуун үдэш” дуунаас эхлээд бусдад зориулсан олон шүлэг, дуу, хөрөг дурсамжууд бий. “Долгионт жилүүдийн туужис”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Дорнын шөнийн нууц буюу хатадын увидас”, “Хүний явдал, орчлонгийн дэнс”, “Найраг дуунд мөнхөрсөн нартын сайхан хүүхнүүд” гээд ном тус бүр онцлогтой. Хөрөг, нийтлэл, намтар-дурсамж, уран сайхны бодрол гэх мэт.

1990 онд “Долгионт жилүүдийн туужис” ном хэвлэгдсэн нь намтар дурсамжийн номонд шинэ хуудсыг нээсэн. “Тэнгэрлэг найрагчийн өчил” гэсэн сэтгэгдэл-шүүмжийг Төрийн шагналт, СГЗ Д.Гармаа бичиж номын шинэлэг талыг нээн харуулсан байна. Ш.Сүрэнжав “Зохиолч хүн номоос номонд, бүтээлээс бүтээлд ахиж байх ёстой” гэж үздэг. Тэрээр “Би “Хэрлэнгийн барьяа” туурь роман, “Багш” найраглал, эрийн гурван наадмын тухай “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино зохиолыг хувь зохиолоор бичсэн мэт санагддаг юм. Бас “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” гэдэг уран сайхны киногоо үнэд орж яригдах цаг ирнэ гэдэгт итгэдэг” гэж ярьдаг. “Онгодын цагт би тэнгэрийн харьяат” гэж өөрийгөө тунхагласан найрагч бол яалт ч үгүй Шаравын Сүрэнжав юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *