Даваа гаригбүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй найман хөтөлбөр, төслийн талаар
мэдээлэл хийсэн юм. Энэ жил нийтдээ 68569 ажлын байр шаардлагатай байгаагаас
8500 нь инженер техникийн ажилтнууд байх бол туслах ажилтнууд 16400, мэргэжлийн
43679 ажилтан хэрэгтэй гэнэ. Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ, политехникийн 80 орчим коллеж ажилладаг бөгөөд эдгээрт 42.7 мянган
хүн суралцаж байгаа юм байна. Өнгөрөгч онд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад
хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувь нь ажлын байраар хангагджээ. Дэлхийн эдийн засаг
хямрах явц Монголыг дайрч байгаа ч гэсэн сөрөг хүчний мэдэгдэж байгаа шиг олон мянган
аж ахуй нэгж хаалгаа барьсан зүйл байхгүй гэдгийг Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ. Улсад
бүртгэлтэй 76 мянган аж ахуй нэгжээс 51 мянга нь үйл ажиллагаагаа явуулж, татварын
тайлангаа өгдөг аж. 20 гаруй мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй гэв. Аж
ахуй нэгжүүд эдийн засаг хүндэрч байгаа энэ нөхцөлд хэн нэгнийг ажлаас халахыг урьтал
болгохгүй байгаа гэсэн юм. Өнөөдөр улсын хэмжээнд нэг сая 103 мянган хүн ажил эрхэлж
байгаа юм байна. 180 мянган иргэн төрийн байгууллагад ажилладаг бол 915 гаруй мянган
хүнийг ажиллуулж байгаа баялаг бүтээгчдээ дарамтгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахаар
Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн юм.
Яамны зүгээс аюулгүй ажиллагааны
тал дээр онцгой анхаарч байгаа бол Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн бодлогоо Их хуралд
өргөн барихад бэлэн болжээ. Хөдөлмөрийн төв бирж www.hudulmur.mn вэб сайтаар дамжуулан
онлайн зуучлалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг
56 мянган аж ахуйн нэгж, компанийн 39 мянга нь энэ сайтад бүртгүүлж, сул
ажлын байрны талаарх мэдээллээ байршуулж байна. Өнгөрсөн сарын 1-нээс ажиллаж эхэлсэн
энэ үйлчилгээнд 204 мянган иргэн хандсан бөгөөд өдөрт 1700 хүн нэвтэрч ажил хайж
байна. 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд шинээр 7591 ажлын байр
бий болжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тавдугаар сард
энэ тоо нэмэгдэнэ гэсэн юм. 2012-2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн
тоо 40 орчим хувиар багассан ч уул уурхай, зам, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол,
гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааг анхааралгүй орхигдуулдаг,
ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал
заншилд сургадаггүй, үндэсний стандарт, хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын
түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ.
Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж байна.
Уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их
бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогчод хандан “Нэн түрүүнд ажлын
байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалан “Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая” гэсэн ил захидал илгээснээ энэ үеэр танилцууллаа.
Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим ажил олгогчтой
хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдэгдлээ.
Э.ЭНХ