Categories
мэдээ нийгэм

Олон улсын тээвэр, хот хоорондын автобусны жолооч 4.5 цаг яваад 45 минут амардаг болно DNN.mn

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлыг тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хэлэлцээрт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй 3.5 тонноос илүү жинтэй ачааны автомашин, 9-өөс илүү зөрчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолооч, багийн гишүүдийн илүү цагаар жолоо барихыг тахограф төхөөрөмжөөр хянаж, ослоос урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байна.

Манай улс уг гэрээнд нэгдэн орсноор Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллийг оролцуулсан Үндэсний хороо байгуулах аж. Мөн жолоочийн ажил, амралтын цагийг бүртгэх, хянах зориулалттай төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын бэхжүүлэх, хэмжил зүйн тоноглол бүхий лаборатори байгуулах шаардлага үүсэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жолоочийн ажил амралтын цагийн хянах, бүртгэх асуудал зөвхөн олон улсын тээвэр гүйцэтгэж байгаа жолоочид хамаарах уу. Дотоодын тээвэрт үйлчлэх үү. Энэ асуултад ажлын хэсгийнхэн “4 цаг яваад 3 цаг амарна” гэдэг тайлбар хэлсэн. Энэ нь олон нутагт явж байгаа ачаа тээвэр, зорчигчдод хүнд суртал болох юм биш байгаа. Монголын нөхцөлд хэр тохирох вэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Тээврийн хэрэгсэлд нэг тоног төхөөрөмж тавина. Үүгээр бүх хөдөлгөөний хяналтыг хийнэ. Гол зорилго нь жолоочийн ажил амралтын дэглэм, аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа. Бид энэ конвенцэд нэгдэх орохгүйгээр Европын чиглэлд тээвэр хийх боломж хомс болно.

Энэ зохицуулалт дотоодод тээвэр хийж байгаа ачаа тээвэр, зорчигч тээвэрт мөн адил үйлчилнэ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Үндэсний хороо гэж байгуулах юм байна. Мөн хяналтын төхөөрөмж нийлүүлэх, засварлах байгууллага шинээр байгуулах юм байна гэж ойлголоо. Хоёр байгууллага байгуулна гэж үг үү.

ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан: Үндэсний хороо нь орон тооны бус төлөөлөлтэй. Төхөөрөмжийг суурилуулаад, засвар үйлчилгээг нь хариуцдаг байгууллагыг томилогдоно. Одоогоор Авто тээврийн үндэсний төвд харьяалуулна гэж төсөөлж байгаа.

Уг конвенцэд олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй 3.5 тонноос илүү жинтэй ачааны автомашин, 9-өөс илүү зөрчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолооч, багийн гишүүд 4.5 цаг яваад 45 минут амрах зохицуулалтыг тусгасан байдаг аж. Мөн хоногт 9-өөс илүүгүй цаг жолоо барих заасан байна. Энэ зохицуулалт нь дотоодын ачаа тээвэр, зорчигч тээвэр эрхлэгчдэд мөн адил үйлчлэх юм байна. Гэхдээ зөвхөн зохион байгуулалттай тээвэр буюу хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хамаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *