Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдлээ.
Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдан өнөөг хүртэл 10 гаруй удаа өөрчлөлт оруулж мөрдөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж авто замын ашиглалт нэмэгдэж өмнөх жилүүдээс ачаа тээврийн эргэлт 65 орчим хувь, зорчигч тээвэр 98 хувьд хүрч өссөн нь одоогийн мөрдөж байгаа Авто замын тухай хуулиар уг салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулахад учир дутагдалтай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломжтой болох аж. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар замын тэмдэг, тэмдэглээнээс эхлээд шинэ стандарт, шинэ технологи нэвтрүүлсэн өндөр чанартай зам барих, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгасан, эдийн засагт үр ашигтай байх зохицуулалтуудыг тусгах, ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Баделхан, О.Батнасан, С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Д.Гантулга, Я.Содбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав замын чанарыг сайжруулахын тулд ямар стандартыг баримтлах вэ. Цаг агаарын нөхцөлд тохирсон замын шинэ стандартыг турших судалгааны ажил хийгдэж байгаа юу хэмээн лавласан.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын чанарыг сайжруулахын тулд онцгой анхаарч стандартыг шинэчлэх ажлууд хийгдэж байна гэлээ. Тэрбээр замын чанар сайжирснаар зам арчилгааны урсгал зардлууд хэмнэгдэнэ. Замын орчин үеийн дэвшилтэт стандартыг нутагшуулах талаар дэс дараатай ажлууд хийгдэж байна. Ер нь цемент бетон хучилттай зам тавьснаар замын эдэлгээ уртсах учир, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг шинэчлэхдээ бетон хучилттай тавихаар судалгаа, туршилтын ажил хийгдэж байна. Өмнө нь хэд хэдэн газарт ийм стандартаар зам барьсан туршлага бий хэмээн хариулсан.
Гишүүд замын тэмдэг тэмдэглэгээ, замын барилгын ажил гүйцэтгэдэг гэх компаниудын үйл ажиллагаа, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудын талаар тодруулж байлаа.
Салбарын сайдын хариулснаар, олон улсын тэмдэг тэмдэглэгээг тавих асуудал учир дутагдалтай байгаа аж. Тиймээс олон улсын стандартын дагуу замын тэмдэг тэмдэглэгээг хийхээр үүрэг даалгавар өгч ажил эхлээд байгаа юм байна. Эхний ээлжинд замын тэмдэглээгүй газруудад хийж, цаашдаа бүх замуудын тэмдэглэгээг шинэчилэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн тэрбээр зам, тээврийн барилгын ажлын зардал хэт өссөн тухай асуудлыг шалгах үед ноцтой асуудлууд илэрснийг дурдаад цаашдаа авто зам барьдаг компаниудыг журамлах хэрэгтэй байгааг онцолсон. Авто зам барих тусгай зөвшөөрөлтэй 550 гаруй компани бий ч техник хэрэгсэл, хүн хүчтэй нь цөөхөн, дийлэнх нь зөвхөн тамга тэмдэгтэй аж. Тэдгээр компаниуд зам барих тендерт орж хямд үнэ санал болгож тендерт ялчихаад дараа нь үнээ өсгөх асуудал гаргадаг талаар ч өгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бөгөөд 500 гаруй км авто зам барихад дээрх аймгууд холбогдох аж. Энэ ажлыг 2021 он гэхэд дуусгана гэж сайд Д.Ганбат хэлсэн.
Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.