Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна.

1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Монгол хүүхдүүд” арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.

Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэллээ. Мөн хүндэтгэлийн тоглолт, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлангийн сурагчдын тоглолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын танилцуулга тоглолт зэрэг болж байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газар “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-ийн баталж, хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсаныг Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн “Залуучуудын тухай хууль”-ийг мөн баталж, хүүхэд залуусын хөгжлийн төлөө цогц бодлогыг бий бодлогыг бий болгосныг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Өнөөдөр хүүхэд багачууд юу хүсч, юу бодож байгааг хамтдаа сонсож, түүнийг бид хүүхдийн төлөө хийх бодлогодоо тусгах шаардлага байна. “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хамгийн том байр суурийг хүүхдүүд эзэлж байгаа. “Аз жаргалтай үрс” хөтөлбөрийг бид дэвгүүлсэн. Хүүхдүүд сурч боловсрох эрхээр хангагдах ёстой. Сургууль завсардах, цэцэрлэг хүрэлцээгүй гээд олон асуудал бий. Ирэх 4 жилд бид Улаанбаатар хотын бүх хороонд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөж байна.” хэмээгээд хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд монголын бүх хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. “Миний хувьд ч хүүхдийн баяр бол хамгийн сайхан дурсгалтай баяр байсаар ирсэн. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хотоо “Аз жаргалтай Улаанбаатар” болгох зорилт тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хотын даргын тухайд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албыг хашдаг. Тийм ч учраас хүүхдүлүд сурч боловсрох, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ нягт хамтран ажилладаг орчныг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэлсэн.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *