Англи хэлний багш нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурал энэ сарын 13-15-нд МУБИС-ийн Гадаад хэлний сургуульд болно.
Хурлыг Монголын Англи хэлний багш нарын холбоо, МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи, Герман хэлний тэнхим, АНУ болон Канад Улсын ЭСЯ хамтран зохион байгуулах юм.
Урьдчилсан байдлаар хуралд АНУ, Япон, Австрали, Тайвань зэрэг орноос нийт 350 гаруй төлөөлөгч, 90 гаруй илтгэгч оролцож, өөрсдийн сонирхсон сэдвээр судалгааны ажлаа танилцуулахаа мэдэгджээ.
Англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгон зарласнаас хойш Олон улсын шинжтэй долоо дахь, Үндэсний хэмжээний 11 дэх удаагийн хурал болж байна. Мөн Монголын англи хэлний багш нарын холбоо үүсэн байгуулагдаад 20 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой хэмээн МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн англи, герман хэлний тэнхимийн эрхлэгч Б.Болормаа онцолсон юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн хуралд их дээд сургууль, коллеж, ЕБС-ийн 300 гаруй багш нар, МУБИС-ийн “Англи хэлний багш”-ийн ангийн оюутнууд оролцож англи хэл заах арга зүйн асуудлаар 56 илтгэл хэлэлцүүлж өөрсдийн туршлагаа хуваалцжээ.