Энэ сарын 23-нд эхлэх Токиогийн Олимпийн үеэр тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпийн тосгон Японы нийслэл хотод үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж наадмыг зохион байгуулах хороо мэдээлэв. Цар тахалтай холбогдуулан энэхүү байгууламжийг нээх ёслолыг зохион байгуулахгүй байхаар болжээ.
Токиогийн булангийн эрэгт 44 га талбай эзлэн орших уг хотхоны 21 барилгад 18 мянга орчим тамирчин, төлөөлөгчид байрлах юм. Тамирчид өөрсдийнх нь оролцох тэмцээн эхлэхээс тав хоногийн өмнө тосгонд ирэх бөгөөд тэмцээнээ дуусгаснаас хойш хоёр хоногийн дотор орхин явах ёстой юм.
Коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хотхоны нутаг дэвсгэрт халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусдаа эмнэлгийн хэсгүүд 24 цагаар ажиллана. Тамирчид өдөр бүр коронавирусний шинжилгээ өгч, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журмыг чанд сахих ёстой. Харин согтууруулах ундааг ганцаараа хэрэглэх тохиолдолд өрөөндөө авч орохыг зөвшөөрчээ.