Categories
мэдээ цаг-үе

Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.ТҮВШИНБАЯР: Одоогоор зодог тайлах тухай бодоогүй л байна

Унгарын нийслэл Будапешт хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өчигдөр эх орондоо ирлээ. Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн 126 орноос гуравдугаар байрт шалгарч түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, эх орныхоо нэрийг дуурсгасан жүдочдийг ард түмэн нь баяртай угтан авлаа. Энэ үеэр олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Үнэхээр ард түмнийхээ найдлагыг алдалгүй төрийнхөө далбааг дэлхийн дэвжээнд мандууллаа шүү дээ?

-Олон жил дэлхийн аваргын дэвжээн дээр медаль хүртэхийг хүссэн. Олон жил бэлтгэл сургуулилт хийж, энэхүү тэмцээнд -100 кг-ын жинд барилдлаа. Харамсалтай нь тэр жиндээ медальт байранд орж чадсангүй ээ. Энэ жил +100 килограммын жинд зодоглож, хүрэл медаль хүртлээ.

Миний медалийн санд ганцхан дэлхийн аваргын дэвжээнээс хүртсэн медаль байдаггүй байлаа. Намайг үргэлж дэмждэг, жүдо бөх сонирхогч ард түмэндээ талархаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй дахин нэг дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуурсгалаа. Үүгээрээ бахархаж байна. Манай жүдо бөхийн уриа “Хамтын хүч, амжилт”. Хамтын хүчээр энэ бүх амжилт бидэнд ирлээ. Тиймээс Монголын маань бүх ард түмний хүч хөдөлмөр шингэсэн учраас ийм амжилтыг жүдо бөхийн тамирчид бид гаргалаа, ард түмэндээ баярлалаа.

-Энэ жилийн дэлхийн аваргаар жин өгсөж барилдсан. Тантай таарсан учраа бөхчүүд харьцангуй их том биетэй, нуруулаг тамирчид байсан шүү дээ. Жин өгсөж барилдахад хүнд байв уу?

-Мэдээж хэрэг өмнө зодоглож байсан жингээс амаргүй, хүнд л дээ. Олон жил барилдчихсан, мөн дэлхийн болоод олимпийн татамид гараад үзчихсэн хүний хувьд туршлагаараа тэр бөхчүүдээс илүү байсан юм болов уу.

-Та “Хамгийн сүүлийн дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо” хэмээн хэлсэн. Зодог тайлах уу?

-Өдгөө би 33 настай. Бөхийн спорт бол залуу насны эр бяраар, хөлс хүчээр амжилт гаргадаг. Миний араас их олон залуучууд, дүү нар маань төрөн гарч байна. Ирэх жилээс залуучууд маань дэлхийн аваргаас цаашлаад олимпоос бахдам дүүрэн амжилт гаргаасай хэмээн хүсч байна.

-Та зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч хийх үү, эсвэл улс төр лүү орох уу?

-За одоогоор яг таг зодог тайлах тухай бодоогүй л байна.

-Өнөө жилийн наадмаар уран сайхан барилдаанууд гарган долоо давж, улсын заан цол хүртсэн. Удахгүй таны “улсын заан” цолны мялаалга наадам болно гэж байсан?

-Энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан сум буюу төрсөн нутагтаа энэ сайхан улсын цолныхоо мялаалга наадмыг хийх гэж байна. Завтай хүмүүс байвал манай нутгаар зочилж, намрын сайхан айраг шимэнгээ сумын наадам үзээрэй. Нийт монголчуудыгаа урьж байна.

ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.ОТГОНДАЛАЙ: ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ БҮХНЭЭ ДАЙЧЛАХ БОЛНО

Герман улсын Ханбург хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Монгол түмнээ баярлуулж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайг ар гэр, ард олон нь баяртай угтан авлаа. Энэ үеэр олимп, дэлхийн хос хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгондалайтай ярилцлаа.

-Юуны өмнө олимп, дэлхийн хос медальтан болсонд баяр хүргэе. Танаар Монголын ард түмэн бахархаж байгаа. Энэ жилийн дэлхийн аваргад оролцож, амжилт гаргасан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Эх орондоо ирээд сайхан байна. Маш олон хүн тосож авлаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Олон жил боксын спортоор хичээллэсний үр дүнд олимп, дэлхийн хос медальтан хэмээн дуудуулах эрхэм алдрыг хүртсэн дээ баяртай байна. Өөрийнхөө сэтгэлзүйг бариад олон улсын тэмцээнд оролцож байгаа шигээ тоглолоо. Өмнө нь тоглож байсан тоглогч нар олон байлаа. Ялагдаж байсан тамирчид энэ удаа таарсан. Анх 2014 онд Азийн аваргад түрүүлснийхээ дараа дэлхийн аварга, олимпийн наадмаас медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийсэн. Энэхүү хоёр зорилгодоо одоо хүрлээ. Маш сайхан байна. Энэ медалийг авахад олны дэмжлэг их байлаа.Энэ хүртэл надтай цуг байж, захыг минь мушгиж суусан гэр бүл, ард түмэндээ баярлалаа. Намайг дэмждэг байгууллагууд болон нутгийнхаа зон олонд талархаж байна.

-Энэ удаагийн дэлхийн аваргаар мөнгөн медалийн төлөө Францын боксчинтой дахин нүүр тулсан. Түүнтэй та өнгөрсөн олимпоор мөн таарч байсан шүү дээ. Энэ удаад Софиан Омияадыг ялахын тулд зайлшгүй тактик боловсруулах шаардлага гарсан байх?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцэээнээр мөнгөн медалийн төлөөх тулалдаанд Францын тамирчин Софиан Омияадтай таарч тулалдлаа. Өмнө нь “Рио”-гийн олимпийн наадамд бид хоёр мөнгөн медалийн төлөө тулалдаж, Францын боксчин ялалт авч байсныг тод санаж байгаа биз ээ. Ингэснээр түүнтэй олимп, дэлхийн хоёр том рингэн дээр таарч, тулалдлаа. Өнгөрсөн жилийн олимпоор мөнгөн медалийн төлөө тулалдаад ялагдаж байсан болохоор энэ жилийн дэлхийн аваргаар “даагаа нэхэх” боломж гарлаа гэж бодсон ч болсонгүй ээ. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ дараа, дараагийн тэмцээн уралдаануудад олон таарах учраас хариугаа авах боломж бий гэж найдаж байна. Франц боксчинтой энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд таарч тулалдахдаа олимпоор тулалдаж байсан шигээ тулалдаагүй. Түүнтэй тулалдахдаа урагшаа давшсан, дайрсан тоглолт гаргаж байсан бол энэ удаад арай өөрөөр буюу өөр лүүгээ дуудаж, цохилтыг нь хамгаалж, угтуулан цохих тактикаар тулалдсан. Тэр Франц боксчинг хожъё гэсэн эрмэлзэл их байсан боловч харамсалтай нь ялагдал хүлээгээд ирлээ.

-Таны хувьд Азийн аварга, Олимпийн хүрэл медальт, сая дэлхийн хүрэл медалийг тус тус хүртлээ. Тамирчин хүний хувьд одоо юу бодогдох юм?

-Тамирчин хүн амжилтын төлөөх шуналтай байх ёстой хэмээн боддог. Одоо гаргасан амжилтандаа ханахгүй. Цаашаа олон сайхан амжилтыг гаргаж, ард түмнийхээ итгэлийг алдалгүй тулалдана. Мөн олимп, дэлхийн хос алтан медаль хүртэхийн төлөө, аварга болохын төлөө бүхнээ дайчлан зүтгэх болно.

-Энэ удаагийн дэлхийн аваргад манай боксын дөрвөн тамирчин оролцлоо. Тантай хамт амжилтын төлөө хамт зорьсон нөгөө гурван тамирчдынхаа тухайд ямар бодолтой байна вэ?

-2015 оны дэлхийн аваргаас эхэлж, Дэлхийн боксын холбооноос эрхээ авч оролцдог болсон. Энэ жил манай улсаас дөрвөн боксчин оролцлоо. Манай гурав маань бүгд л медалийн төлөө тулалдаж, ширүүн өрсөлдөөн гаргасан боловч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ олимпийн эрх авахаас илүүтэйгээр дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авна гэдэг их хэцүү байсан. Тийм болохоор манай улсын тамирчид чамлахааргүй амжилттай оролцсон хэмээн бодож байна.

-Дэлхийн аваргад оролцсон тамирчид маань эх орондоо ирлээ. Олон жил бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд зорьсондоо хүрлээ. Энэхүү өндөр амжилтын ард гарсан болохоор тамирчид маань хэсэг хугацаанд амрах байх…

-Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчин хүний хувьд энэхүү спорт маань миний ажил л гэсэн үг. Их ажлын дараа түр амсхийгээд үргэлжлүүлэн ажлаа эрч хүчтэйгээр хийдэг шиг дэлхийн аварга хэмээх том тэмцээнд оролцоод ирсэн болохоор хэсэг хугацаанд амарна даа. Гэхдээ тийм ч удаан амрахгүй байх. Бэлтгэлээ жигдрүүлчихээд энэ жилийн тэмцээний хуваариа харж байгаад, тодорхой төлөвлөсөн тэмцээн уралдаануудад оролцох болно.

-Та Дорнод нутгаар овоглодог. Нутгаа зорих бодолтой байна уу?

-Дорнод аймгийн төвд төрж өссөн. Миний хүүхэд насны нандин сайхан дурсамж тэнд үлдсэн дээ. Эх орондоо ирсний дараа манай нутгийнхан надруу залгаж “Чи хэзээ ирэх вэ, бид хүлээж байгаа шүү” гээд баяр хүргэсэн. Одоо нутагтаа хурдан очих юмсан гэдэг хүсэл төрж байна.Нутаг руугаа явж, нутгийн зон олон, ахан дүүстэйгээ уулзаж, төрсөн газартаа хэд хоночихоод ирнэ дээ. Ирээд шууд л бэлтгэлдээ орно.

-Таныг тосч авахаар ээж, эхнэр, хоёр хөөрхөн охин тань ирсэн байсан. Эх орноосоо хол тэмцээн уралдаанд оролцож байхдаа эрхэм хүмүүсээ санана биз?

-Энд байсан ч өдөр бүр л санадаг. Гадаад руу тэмцээн уралдаанд явахдаа их санах нь ойлгомжтой. Монгол руу нисэхээс урьд орой нь эхнэртэйгээ холбогдож, охидуудтайгаа ярьсан. “Маргааш аав нь очноо, миний хоёр охин аавыгаа тосч аваарай” гэж хэлсэн. Ёстой их санана шүү дээ.

-Та эхнэртэйгээ нэг ангид хамт сурдаг байсан гэсэн…

-Бид хар багаасаа нөхөрлөсөн болохоор нэг нэгнийхээ зан чанарыг сайн таньсан хүмүүс. Спортын жаргал, зовлонг эхнэр маань надаас дутахгүй мэддэг. Тэмцээнд байнга оролцдог болохоор би гэртээ тухалж өнжсөн удаа ховор л байх. Эхнэр л ар гэрийн бүх ажлыг хариуцаж өнөөг хүргэлээ. Миний гаргасан эдгээр амжилт бүгд л эхнэрийн минь зүтгэл, итгэл шингэсэн юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *