Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон улс судлаач С.Пүрэвдорж: Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо DNN.mn

Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдожтой ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володины айлчлалын хүрээнд ярилцлаа.

-ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд яригдан шийдвэрлэгдсэн гол хэлэлцээрүүд юу байна вэ?

-Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын доод танхимын дарга В.Володин манай УИХ-ын даргыг айлчлан ирэхийг урьсан. Улмаар Их хурлын дарга ОХУ-д тав хоногийн айлчлал хийгээд ирсэн байдаг. Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мань нөхрийг хариу айлчлахыг урьсан. Энэхүү урилгын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд манайд айлчлаад буцлаа. Айлчлал дэндүү албан ёсны агуулгаар болж өндөрлөлөө гэж харж байгаа. Мэдээж албан ёсны арга хэмжээ. Гэхдээ дэндүү албан ёсны гэхээр байдаг л асуудлаа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэж, цагаан цаасан дээр гарын үсэг зурсан төдийд л үйл ажиллагаа өрнөсөн гэсэн үг. Дэлхий дахинд ОХУ-ын төр, засгийн гаргаж байгаа үйл ажиллагаа, хөдөлгөөн бүрийг нягт нарийн анхааралтай ажиглан харж байна. Тэр утгаараа айлчлал товлогдсон өдрөөс эхлээд олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилж байгаа нь ямар учиртай вэ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мэдээлэл дунд нэг сонин өнцөг харагдсан. Дэлхийн бүх улс оронд харилцан нэгнийдээ айлчилдаг. Айлчлал бүр харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах гэсэн оролдлого гэж үздэг. Гэвч айлчлал бүр тийм байдаггүй. Судлаачид айлчлал хэзээ, хэдэн өдөр болохоос хамаараад үр дүнтэй чухал айлчлал эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн айлчлал ажлын өдрүүдэд товлогдсон бол маш их үр дүнтэй, ажил хэрэгч айлчлал болох юм байна гэж үздэг. Харин амралтын өдрүүдэд тохиож байгаа айлчлалыг тийм ч үр дүн гарахааргүй буюу чанаргүй айлчлал хэмээн тооцдог.

 

-Тэгэхээр ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал өөрөө амралтын өдрүүдэд тохиосон. Тэр утгаараа чанаргүй айлчлал гэх ангилалд оруулна гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд олон улсад айлчлал судлалын олон баг, хүрээлэн бий. Энэ бол олон улсад байдаг нэг судалгааны арга. Тэгэхээр шууд чанаргүй айлчлал болно гэж үзэх нь нэг талдаа учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон улс, гүрний удирдагчид аль нэг оронд айлчиллаа гэхэд дандаа ажлын өдрүүдэд, тэр дундаа ажлын эхний долоо хоногоос айлчлалаа эхэлдэг.

Бүр урьдчилж эдгээр өдрүүдийг сонгодог. Үүгээрээ бидний айлчлал харилцан адил ашигтай үр дүнтэй чухал айлчлал болно шүү гэдгээ илтгэдэг байх нь. Харин амралтын өдрүүдэд болж буй айлчлал нь өөрөө стратегийн чухал ач холбогдолтой айлчлал биш гэдгийг илэрхийлдэг.

-ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал эхлэхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газраас шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоох, хориглох шийдвэр гаргасан. Уг хоригт Монгол Улс орж байгаа гэх мэдээлэл хүчтэй явсан. Харин тус айлчлалын үеэр Монгол Улсыг уг хоригт оруулахгүй байхыг албан ёсоор шийдвэрлэсэн гэж харж байгаа. Та судлаач хүний хувьд үүнийг ямар өнцгөөр ажигласан бэ?

-Мэдээж хэрэг Төрийн дум, Засгийн газар гэдэг нь хоёр өөр үйл ажиллагаатай байгууллага. Манайхаар бол УИХ, Засгийн газар хоёр л гэсэн үг. Тэр утгаараа Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг нь Төрийн думтай холбох боломжгүй. Төрийн дум нь ч Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлөх хориотой. Аль аль талдаа хяналтын тогтолцоотой гэсэн үг. Тэгэхээр саяны айлчлалаар Төрийн думын дарга В.Володин хэлж байна лээ. Юу гэхээр “Монгол Улсыг энэхүү шатахууны хоригт бид оруулахгүй” гэж. Түүний хэлсэн үгэнд бид шууд итгэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл Төрийн дум Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлж чадахгүй. Тиймээс Холбооны хурлын доод танхимын даргын үгэнд зуун хувь итгэх боломжгүй юм. Тэр утгаараа үнэхээр энэ асуудлаар ажил хэрэгч уулзалт хийж бодит шийдвэр гаргуулъя гэж байгаа бол ОХУ-ын Засгийн газрын төлөөлөлтэй л харилцах ёстой. Түүнээс биш Төрийн думын дарга Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг тайлбар өгнө гэсэн зүйл огт байхгүй. Тэгж хэлж байгаа нь манай улсыг хуурч, хоосон амлалт өгч байгаагаас ялгаагүй үйлдэл. Бас нэг дипломат харилцааны бүдүүлэг үйлдэл гэж хэлж болно.

-Бүдүүлэг үйлдэл гэснээс энэхүү айлчлалын эхний өдөр хоёр улсын парламентын дарга нар Чингис хааны хөшөөнд очиж хүндэтгэл илэрхийлсэн. Энэ үеэр ОХУ-ын Төрийн думын дарга манай хаанд мэхийж ёслоогүй гэж цахим сүлжээнд шуугьж байна л даа. Энэ нь өөрөө дипломат ёсондоо ямар байдаг юм бэ. Заавал мэхийх ёстой юу?

-Энэ асуудлаар манай захын дипломат албанд зүтгэж яваа ахмадууд маань тодорхой хэлнэ л дээ. Дипломат ёс гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний энх тайвны амин сүнс болсон хамгийн том суурь ойлголт. Тэр утгаараа жижиг, том улс гэсэн ойлголт дипломат ёсонд байдаггүй. Улс л бол улс. Ард түмэн бол ард түмэн. Жишээлбэл, Америкийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэж бодъё. Үнэндээ АНУ болон Монгол Улсын эдийн засаг, хөгжил тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ Монгол бол тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн онцлогтой. Эдийн засагтай, ард түмэнтэй, төр засагтай. Америк ч ялгаагүй. Тиймээс жижиг улсад айлчиллаа, энэ улсын эдийн засаг жижиг, ард түмэн нь цөөхөн гэж огт ярьдаггүй. Улс орон гэдэг утгаараа дипломат ёсыг маш өндөр зэрэгт мөрдөж явдаг. Үүнийг нь олон улс анхааралтай ажиглаж байдаг. Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм.

-Ер нь оросуудад бид яагаад дургүй юм бэ. Эсвэл оросууд яагаад бидэнд дургүй юм бэ. Та үүнийг судлаач хүнийхээ хувьд юу гэж ойлгодог вэ?

-Монгол Улс өөрөө Ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй орон. Харин ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тэр утгаараа нэгдүгээрт, Засаглалын тогтолцоо өөр. Мөн хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал нь өөр. Тиймээс манай хоёр улсын иргэдийн ойлголцол, үнэт зүйл эсрэг тэсрэг гэж хэлж болохоор. Гэхдээ 1990 оноос эсвэл ерэн оны эхэн үед бид оросуудад их сайн байсан. Оросуудыг ах шигээ үздэг, хүлээж авч хүндэлдэг байлаа. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улсад ардчилсан тогтолцоо бэхжиж амжаагүй, хуучин нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөөгүй байсан гэсэн үг. Харин 2010 оноос хойш монголчуудын сэтгэлгээ, нийгмийн ухамсар эрчимтэй өөрчлөгдөж эхэлсэн. Монголчууд цахим орчинд идэвхтэй болж эхэлсэн. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх нь нэмэгдсэн. Тиймээс бодит түүх, дэлхий нийтийн чиг хандлага, улс гүрнүүдийн бодлого зэрэг дэлхийтэй илүү бид танилцаж эхэлсэн гэсэн үг. Тиймээс Оросыг ойлгох монголчуудын хандлага шал өөр болсон байж мэднэ. Судлаач хүний хувьд бид илүү ардчилагдах тусам хойд хөршөө улс төрийн түвшинд байнга шүүмжилдэг болно байх гэж ойлгодог. Дээгүүрээ шүүмжлэлтэй байхаар ард түмнийх нь дунд ч үзэл бодлын зөрчилдөөн, ойлголцлын асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш оросууд бүгд муу хүмүүс биш. Муу гэж бодох хандлага нь манай улсын иргэдийн зөв хандлага биш. Ардчилсан хүмүүнлэг улсын иргэн бол аливаа асуудлыг ул суурьтай, бодитой харж байх шаардлагатай.

Э.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *