Виталий Чуркин
Фото: Li Muzi / Xinhua / Zuma / Global Look Press
Өнгөрсөн оны зун Донецкт сөнөсөн Малайзийн “Боинг” онгоцны сүйрэлд гэм буруутай хүмүүсийг мөрдөн шалгах Олон улсын шүүх байгуулах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүлээж авсангүй. Энэ талаар Reuters мэдээлжээ.
Малайзын санаачилсан тогтоолын төслийг батлахыг дэмжиж Аюулгүйн зөвлөлийн 11 гишүүн санал өгсөн бол Хятад, Ангол, Венесуэла улс санал өгөхөөс татгалзжээ. Харин ОХУ хориг тавих эрхээ эдлэн, тогтоолын төслийг саатуулсан байна.
НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ, Орос Украинд сүйрсэн онгоцны ослын мөрдөн байцаалтад тус дэм болох ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн гэжээ. Тэрээр тогтоолын төсөлд хориг тавьсан шалтгааныг “Баримтын төсөл нь хууль зүйн болон үлгэрчлэх жишээ болохуйц үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. Болсон хэрэг явдал нь олон улсын аюулгүй байдал, энх тайванд аюул заналхийлээгүй, мөн 2001 онд Украины зэвсэгт хүчин Оросын иргэний агаарын хөлгийг сөнөөхөд Олон улсын шүүх байгуулаагүй зэргийг тэрээр нэмж сануулжээ.
Малайзын тээврийн сайд Лиоу Тионг Лай энэ талаар “Тогтоолыг хүлээж авахгүй байгаа нь энэ хэргийн буруутнуудын хувьд гаргаж буй буруу үйлдэл. Гэхдээ бид ингээд зогсохгүй. Дэмжсэн орнуудтай зөвлөлдөж, хүчээ нэгтгэн ажиллана” хэмээн байр суурь илэрхийлжээ.
Харин “Энэ хэргийн мөрдөн байцаахад ямар ч хориг саад болохгүй” гэж НҮБ-д суугаа АНУ-ын элчин Саманта Пауэр онцлон тэмдэглэсэн байна.
Малайз улс “Боинг” онгоцны сүйрлийн гэм буруутныг хариуцлагад татан шийтгэх Олон улсын шүүх байгуулах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд долдугаар сарын 14-нд өргөн барьжээ. Ийм тогтоол гаргахыг Нидерланд, Малайз, Австрали, Бельги, Украин зэрэг улс дэмжиж байгаа юм.
“Malaysia Airlines” компанийн Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисч байсан “Боинг-777” онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужид унасан. Онгоцонд явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд тухайн үед Киев онгоцыг Украины зүүн өмнөд нутагт сөргөлдөж байсан Донецкийн сайн дурынхныг сөнөөсөн гэж буруутгасан бол “Агаарын хөлөг сөнөөх зэвсэг бидэнд байхгүй” гэж сайн дурынхан мэдэгдэж байсан билээ.