Categories
энтертаймент-ертөнц

Ойрын арван жилд хэрэглээнээс гарах 10 зүйл


Өнгөрсөн зууны сүүлээс эрчимжиж эхэлсэн IТ буюу мэдээллийн технологийн хувьсгалаас үүдэн бидний дадал болсон олон зүйл үеэ өнгөрөөн хоцрогдож, хэрэглээнээс гарсаар байна. Хэдхэн жилийн өмнөх киног үзэхэд л саяхан хүртэл бидний зайлшгүй хэрэгцээ байсан ямар их эд мартагдаж, хүүхдүүд маань хэзээ ч хэрэглэхээргүй болсныг анзаарч болно. Тэгвэл АНУ-ын “Business Insider” сэтгүүл ойрын арван жилд хэрэглээнээс гарах дараах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэжээ.


СD, DVD Ба Blu-ray дискүүд

Өдгөө хөгжмийн СD болон DVD ба Blu-ray видео дискнүүдийн худалдан авалт огцом буурч, үеэ өнгөрөөж буй нь улам бүр тодорхой болж байна. Тэдгээрийг тоглуулагч төхөөрөмжүүд ч удахгүй ямар ч хэрэгцээгүй болох нь зөвхөн цаг хугацааны асуудал. Учир нь дээрх дискүүдийн халааг аван аливаа дуу хөгжим, кино, видеог дамжуулах стриминг урсгалын үйлчилгээ асар хурдтай нэвтэрч эхэлжээ.

Фото ба видео камер

Ухаалаг утасны фото болон видео авах технологи жилээс жилд сайжирч, зарим загвар нь мэргэжлийн фото болон видео камераас зураг авалтын хувьд дутуугүй үзүүлэлттэй болж эхэллээ. Тэр ч бүү хэл ухаалаг утсаар авсан гэрэл зураг төдийгүй киноны наадмууд зохион байгуулагдах болжээ. Үүнээс гадна “Sony”зэрэг IT технологийн тэргүүлэгч компаниуд нүдний контакт линз дотор байрлуулсан зураг авах бичил төхөөрөмж боловсруулж амжилттай туршсан билээ. Иймд нүсэр фото ба видео камерууд тун удахгүй хоцрогдож хэрэглээнээс хасагдах гэнэ.

Хэвлэмэл сурах бичиг

Цаасан дээр хэвлэсэн сураг бичиг нь үйлдвэрлэхэд зардал ихтэйгээс гадна хүнд жинтэй. Тэгээд ч шинжлэх ухааны шинэ шинэ нээлтүүдээс үүдэн хэдхэн жилийн дотор хоцрогддог билээ. Олон улсын эрдэм шинжилгээний “Scholastic” төвийн судалгаанаас харвал, дээд боловсрол олгодог тэргүүлэх байгууллагууд цахим сургалтын материалд хурдацтай шилжиж эхэлжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд ч удахгүй цахим сургалтын материалд бүрэн шилжих төлөв байдал ажиглагдаж байна.

Банкны карт

Банкны онлайн үйлчилгээ төгөлдөржих тусам банкны картаар үйлчилгээ авах шаардлага улам бүр хумигдах ажээ. Бэлэн мөнгө, картаас гадна хүмүүс өдгөө төлбөр тооцоогоо ухаалаг утас, е-бугуйвч, е-бөгж, тэр ч бүү хэл гарынхаа арьсан дор суулгасан чипийн тусламжтайгаар хийдэг болоод байгаа билээ.

Нууц үг

Хакеруудын мэдлэг чадвар сайжрах тусам аливаа хувийн мэдээллээ нууц үгээр хадгалах нь улам бүр найдваргүй болсоор байна. Иймээс ч үсэг, тоо, тэмдгээс бүрдсэн уламжлалт нууц үгийг тухайн хүний биометрийн үзүүлэлт буюу нүүр, дуу зэргийг таньдаг технологи халж эхэллээ.

Түлхүүр

“BMW” зэрэг дэлхийд автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч хэд хэдэн компани ухаалаг утсанд суулгасан аппликэйшн хавсралтын тусламжтайгаар хаалгыг нь онгойлгож, хөдөлгүүрийг нь асаадаг автомашинуудыг худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Ойрын хэдхэн жилийн дотор шинэ загварын бүх автомашин бидний дадаж заншсан түлхүүргүй болох төлөвтэй. Ер нь автомашин гэдэг тэр чигтээ “дөрвөн дугуйтай ухаалаг утас” болж хувирах эхлэл хэдийнэ тавигджээ. Үүний дараагаар тун удалгүй бүх орон сууц, оффист түлхүүргүй технологи хурдацтай нэвтэрч эхлэх юм байна.

Эдгээрээс гадна сэрүүлэг, телевизийн алсын удирдлага, тооны машин, зөөврийн флаш ба хард диск зэрэг компьютерийн мэдээлэл хадгалагч төхөөрөмж хэрэглээнээс гарах нь хэнд ч тодорхой биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *