Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су. Батболд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар өнөөдөр мэдээлэл хийв.
Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход энэ бодлого чиглэж байгаа аж. Бодлогыг хоёр үндсэн үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь ойн түймрийн тархалтын дундаж талбайг 70.0 хувь хүртэл бууруулж, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг хяналтад авах зорилго тавьжээ. Байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд гэхэд310 мянган га, 2030 онд 1 сая 500,0 мянган га талбайгаар нэмэх, модон түүхий эдийн ашиглалтыг 80 хувьд хүргэн, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд хэлж байв.
Харин салбарын сайд нь ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг бол ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах боломжийг бий болгож байгаагаараа шинэлэг гэв. Түүнчлэн тарьц, суулгац ургуулах дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн, ойжуулалтын ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах, Монгол оронд агро-ойн аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавьж буйгаараа онцлогтой гэлээ.