МЗЭ-ийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай хөөрөлдлөө.
-Цаст Отгонтэнгэр хайрхан, Завхан нутгаас үе үеийн сод сайхан найрагчид мэндлэх юм. Өөрөө ингэхэд яг аль сумынх билээ?
-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн хүн. Хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Манай хөгшин аав Арьяа гэж нутаг хошуундаа нэртэй уяач хүн байлаа. Ус ганзагалсаар байгаад хоёр бөөр нь цоорч, цагаан үс ургаж олойртсон морийг хүртэл уяад наадмын түрүү авч байсан мундаг хүн байсан. Хөгшин ээж минь Жаргал гэж буурай ная гарчихсан нутагтаа сууж байна. Сүүлийн үед манай нутгийг хүмүүс Улаагчны хар нуур, Бор хярын элсэн манхан, Мухартын голоор нь сайн мэддэг болсон.
-Бага насандаа хаана дэрвэж өсөв?
-Ээж минь намайг нэг ойтой байхад хөдөө орхиод сургуульд явсан. Би тэрнээс хойш нутагтаа л өсч, өндийсөн дөө. Арван хоёр нас хүртэл нагац ах нар минь намайг ёстой л ардаа үүрч, урдаа дүүрч байснаа түүнээс хойш эмнэг дааганд мордуулаад тавьчихдаг болсон. (Инээв.сур) Эхлээд айна, уйлна, амаа мэдэхгүй дааганыхаа эрхэнд орно, унана. Дараа нь хашрааж сурсан. Манайх өвөлдөө нам дор, зундаа уулын хяраар нутаглана. Хярыг Нахиу ч гэж нэрлэнэ. Гоё нэрүүд шүү. Хяр, Нахиу гэж. Өглөөний сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн амьсгалаад тэртээ баруун хойгуур цэлийх Их Монгол элсний тэндээс борооны хөх үүл газар тэнгэртэй нийлэн айсуйг ажиглаад, гүү морь унаад явж байх хичнээн сайхан гээ. Гүү морь гэснээс зуны цагт хур хүчтэй, хурдан түргэн морь унана гэж байхгүй. Нэг бол хусран гүү, нэг бол амаа мэдэхгүй даага, шүдлэнтэй шогшино. Бодоод байх нь ээ энэ том хүмүүжил байжээ.
-Хөдөөгийн хүүхэд хэдийнээс шүлэг найрагт шимтэв дээ?
-Ах нараас хожим оо. Номын ах нар минь эрт бичиж, эрт уншиж эхэлсэн байдаг юм билээ. Долоодугаар ангид байхдаа л оролдож эхэлсэн. Манай монгол хэл, уран зохиолын багш Балт гэж сайхан хүн байлаа. Тэр сайхан хүнд би үүрд талархаж явах ёстой. Надад ийм сайхан замыг нээж өгч, уран зохиол руу гараас минь хөтлөөд явсан. Багш минь бас надад түшиг тулгуур болж явсан буянтай хүн байсан. Одоо тэнгэрт морилсон. Гэвч эргээд ирсэн байх гэж би боддог.
-Өөрөө ингэхэд Р.Чойномын, Б.Явуухулангийн, Д.Пүрэвдоржийн гээд томоохон наадмуудад одтой уншиж түрүүлж байна. Ер нь хэдэн наадмын түрүүг авчихав аа?
-Наадамд яахав ээ. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Яагаад байж болохгүй юм бэ. Яагаад уралдаж болохгүй юм бэ. Наадамд уралдсанаараа хэн ч биш болчихно гэж ярих л юм билээ. Наадамд уралдаад хэн ч биш болсон хүн би мэдэхгүй. Ер нь хэн ч биш болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тийм үү. Тэдэн наадамд тэгж уралдсан гэж яриад яах вэ. Тоогүй сонсогдоно шүү дээ.
-“Болор цом” яруу найргийн наадамд миний мэдэхээр арваад удаа шагналт байрт орчихов уу. Лав л нэгэнтээ “Хасар, Басар хоёр үзүүр түрүүнд үлдэв” гэж бичиж байсан санагдах юм?
-Сэтгүүлч Гангаа ах тэгж бичиж байсан. “Болор цом” сайхан наадам. Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Урианхай нарын аваргуудын, их найрагчдын тоосоо өргөж явсан торгон дэвжээ шүү дээ. Энэ торгон дэвжээн дээр уралдаж байгаадаа баяртай байдаг шүү.
-Аль сургуулийг хэдэн онд төгсөв?
-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Манай сургуулийг хүмүүс мэднэ. Сайхан яруу найрагчид, сайн сэтгүүлчид төрөн гарсан оюуны өргөө. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа багш минь биднийг тэр сайхан сургуульд тосч авсан. Ш.Дулмаа багш гайхамшигтай их хүмүүн.
-Айлын хэд дэх хүү вэ дээ?
-Айлын том нь доо. Дороо ганц эмэгтэй дүүтэй.
-Саяхан болсон төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Зундуйн Дорж нарын нэрэмжит арван сая төгрөгийн бооцоотой наадамд түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач!
-Сайхан наадам болсон. Хөөрч дэврээгүй ээ. Би түрүүлсэн нь чухал биш. Харин уран зохиолыг үнэлэх үнэлэмж сэргэж байгаад их баяртай байна. Энэ наадам дараа дараагийн жилүүдэд улам илүү өргөн цар хүрээнд, өндөр шагналын сантай зохион байгуулагдана гэсэн сураг дуулдана лээ. Энэ жил төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж хэмээх хоёр их найрагчийн нэрэмжит болсон бол ирэх жил Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Д.Нямсүрэн нарын нэрэмжит болж зохиогдох юм билээ. Сайхан үйлс бүтээж яваа “Сод Монгол” группийнханд болон хамтран зохион байгуулагчдад нь баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.
-Өөрөө одоо хаана ажиллаж байна даа?
-Монголын радиогийн “Шинэ эрин” радио станц буюу нийгмийн нэвтрүүлгийн албанд ажиллаж байна. Манайхыг “Бага зохиолчдын хороо” гэж ч ярьдаг. Үнэхээр тийм. Манай албанаас соёлын гавьяат зүтгэлтэн, “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан, нэрт сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамба, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр гээд олон сайн зохиолчид, яруу найрагчид төрөн гарсан түүхтэй.
-Яруу найргаас өөр төрлөөр бүтээл туурвил хийж байна уу?
-Уншиж л байна. Янз бүрийн оролдлого хийж үзэж байна. Гэхдээ амар, хялбар юм гэж хаа байх вэ. Богино өгүүллэг гэж маш гоё төрөл байна. Хүний хорхой хүргэсэн төрөл. Даанч түүнийг бичнэ гэдэг хэрийн аавын хүүгийн хийж чаддаг ажил биш бололтой юм. Тууж гэж бас гоё төрөл байна. Бас л бяр шаардах ажил. Роман, жүжигтэй юу ярих вэ. Гэхдээ өөрийгөө голохгүй шүү.
-Нийгэм цаг үеийн байдал ямар байна вэ. Хүндэлдэг улс төрч бий юу?
-Ойлгомжтой байна. Болж байна, бүтэж байна гэж би худлаа ярихгүй. Тэгж хүний дургүй хүргэхгүй. Ер минийхээр бол шударга байдал их чухал юм уу даа. Манай улс жар гаруй сая малтай, нэг сая 500 км квадрат газар нутагтай. Хөрсөн дороо асар их баялагтай, түүнээс ч илүү баялаг монгол хүний сэтгэл дотор байна. Тэгсэн атлаа дөнгөж гурван сая гаруйхан хүн амтай. Ингээд бодохоор л нэг хачин байгаад байгаа юм даа. Яавч ядуу дорой байх боломжгүй. Онгирч, дэвэрч, сагсуурч явахаас илүүтэй гудамжинд өмнөө хайрцаг тавьчихаад дуулж суугаа хүүхэд, насны асарт гарчихсан эмээ, өвөө нар жин дээр минь хэн зогсох бол гэж нүдээрээ горьдож, харуулдаад гудамжны хүйтэн чулуун шалан дээр сууж байхыг үзээд сэтгэл өвддөг. Ийм байхад болж байна, бүтэж байна гэж ярих утгагүй ш дээ. Би болж байвал болоо гэсэн муухай үзэлтэй байж яаж болно. Монгол хүн байна даа энэ чинь гэж нэг гоё байна. Энэ үгийг би ойлгохдоо монгол хүн хамгийн сайхан сэтгэлтэй гэсэн утгатай байх гэж боддог. Хүндэлж явдаг улс төрчийн хувьд харамсалтай нь байхгүй. Хүндлэл хүлээх хэмжээнд байгаа эх оронч байна уу, гэвэл хэцүү байх. Хэн нэгэн эрх мэдэлтэн надад тэгээд хэлчихвэл тэгж тусалж мэднэ, ингэж магадгүй гэсэн бодол ч алга. Хааяа номын хуудаснаас аугаа их Агданбуугийн Амар, Балингийн Цэрэндорж, Манлай баатар Дамдинсүрэн, Харчин гүн Бавуужав, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын их хүмүүсийн тухай олж уншаад тэднийг өөрийн эрхгүй хүндэтгэж хайрлах сэтгэл төрдөг шүү. Харин хожим энэ үеийг удирдаж байгаа хүмүүсээс сая дурьдсан халуун эх орончид шиг хойч ирээдүйдээ дуурсагдах хүмүүс хэд байх юм бол доо, мэдэхгүй. Хэтэрхий том юм ярьж байж мэднэ. Гэхдээ би энэ улсын иргэний хувьд л бодсоноо хэлчихлээ. Энэ бол жирийн л иргэн хүний бодол шүү дээ.
-Жаахан хүндхэн сэдвээр ярьчихлаа. Ярилцлагаа сайн, сайхнаар төгсгөвөл ямар вэ?
-Тэгэлгүй яахав. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ойртож байна. Монгол түмнийг минь нохой жил ивээж, өгөөж хишиг буянаа өгөх болтугай. Хилийн цаана хувь заяаны эрхээр үлдсэн Өмнөдмонгол, Халимаг, Шинжааны Ойрад, Буриад, Дээд Монголчууд маань ч гэсэн сайн, сайхан байгаасай билээ.
НУТАГ
Манай нутгийн шувууд
Манан зүсээд нисэлдэж байна
Жаахан жаахан үрсийнх нь далавч
Жагарын орноо орхиод
Хорвоо шиг хоосон манантай
Холилдоод нисч байна
Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний
Зулай шиг эмзэг хальс
Эндэж хагалсан дун шиг
Эвлүүлж болохгүй үзэгдэж байна
Аварга том бүргэдүүд дотроос нь
Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг
Амьсгал шиг зөөлөн салхи
Амьдралын альхан зүгт хийсгэх юм бол доо
Хөөрхий
Манай нутгийн буга, согоо
Манан зүсээд зогсож байна
Үрт амьтдын янзага нь
Үнэг чоныг мэдэхгүй
Орчлон шиг оргүй манан дотор
Оч шиг дулаахан унтаж байна
Хавар зуны зургаан сард
Хаданд үрж хурцалсан
Зун намрын зургаан сард
Зулзага янзагаа өмгөөлсөн
Сэргэр тэр сайхан амьтны эвэр
Сэтгэл эвдэртэл сэм унахад
Халиун магнайгаараа манай нутгийн буганууд
Харанхуйтай яаж мөргөлдөх юм бол доо хөөрхий
Манай нутгийн азарга, морьд
Манан дотор янцгаалдаж байна
Цагаан сүүндээ цадсан унаганууд нь
Цагийн хатууг санахгүй
Сүүлээ өргөлдөөд
Сүүдрээсээ үргэлдээд байна
Нүгэлтэй ноцолдсон олон сорвитой
Нүд рүүгээ унжсан хур дэлтэй
Манай нутгийн азарга, морьд
Чимээгүйн дундаас айдас хүйдсийг
Чихээрээ яаж олоод
Олон эмтэлсэн туурайгаараа
Онож тангарах юм бол доо хөөрхий
Манай нутгийн хөх чононууд
Манан дотор улилдаж байна
Цасан дээр мөр үлддэгийг мэдэхгүй
Цагаахан бэлтрэгнүүд нь
Уулын агуйд хэвтэх эхийнхээ
Улаан сарьсан хөхийг дэрлээд унтаж байна
Анхны цасны араас
Авын бүрээ татаж
Гөрөөчид суран ташуураараа
Гөлөмдсөөр хүрч ирэхэд
Зэвтэй сумтай зэрэгцсэн
Манай нутгийн чононууд
Зээртэй хөндийн дундуур зугтахдаа
Сөрөвгөр бэлтрэгээ зуусаар
Сөхөрч унавал яана даа хөөрхий
Манай нутгийн өвгөд, эмгэд
Манан дотор аж төрж байна
Үрийнхээ үрийг үүрсэн эмгэн
Үндсэн дээгүүр алхаж
Хүүгийнхээ хүүг дүүрсэн өвгөн
Хүн чанарыг өвөртөлж
Бурханд хоёулаа мөргөсөөр
Бууралтаж байна
Өнө хожмоо
Өвөөгөө санасан хүү яаж өнчирч
Эмээгээ санасан охин
Яаж эмтэрнэ дээ хөөрхий
Манай нутаг хөөрхий