Монголын оюутнууд өчигдөр сагсан бөмбөгийн шилдгүүдээ шалгарууллаа. Энэ үеэр Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны (МОСБХ) ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ-ын үүсгэн байгуулагч, Монголын сагсан бөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн О.Тэнүүнтэй ярилцлаа.
-Монголын сагсан бөмбөг сонирхогчдын эчнээ танилуудын нэг яах аргагүй та. Хүүхэд багачуудын “Junor club”, “30+” лиг гээд бүх насныханд чиглэсэн лигийн эдгээр тэмцээнийг анх та санаачилсан. Өнөөдөр бүгд өөрсдийн тогтсон дэг, соёлтой болчихлоо. Тиймээс танаар сагс руу яагаад гүн оров гэдгийг яриулмаар байна. Эсвэл бизнес талаасаа ашигтай байв уу?
-Би арван жилээсээ л сагс тоглож ирсэн. Сагсанд маш дуртай. Дуртай зүйлээ хөгжүүлэх юмсан гэсэн сэтгэлийн зовнил их байсан. Тиймээс түүнээсээ гарч чадахгүй ингэж гүн орсон.
Яахав, би бизнестэй холбогддог учраас та ингэж асууж байх шиг байна. Ямар юмных нь ашиг байх вэ. Бизнес эрхэлж байгаа хүмүүс, байгууллагууд нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явууллаа, нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн зүйл ярьдаг.
Миний хувьд нийгмийн хариуцлагын гэхээсээ илүү чин сэтгэлээсээ дуртай учраас салж чадахгүй яваа юм. Ашиг олохгүй ч залуучуудын баяр баясгалан, тэдний авхаалж самбаагаа сорьж байгаа нь маш сонирхолтой шүү дээ.
-Тантай ярилцаж байгаа энэ цаг мөчид Монголын оюутнуудын сагсны шилдгүүд тодорч байна. Тиймээс МОСБХ-ны талаар ярилцъя. Долоон жилийн өмнө та ерөнхийлөгчөөр нь томилогдсон энэ холбоо өнөөдөр ямар түвшинд хөгжив?
-Тухайн үед хоёр хуваагдчихсан, хоёр талд оюутны лиг гэж зохион байгуулдаг байсан. Нэг тал нь 14, нөгөө тал нь 24 багтай байсан. Тус бүртээ л өрсөлдөөд байгаа ч оюутнууд Монголын хэмжээнд ямар байгаагаа мэдэхгүй яваад байсан л даа. Нэгдчихвэл том өрсөлдөөн дундаас сайн тамирчин гарч ирнэ шүү дээ. Өрсөлдөөнөөс гадна мөн боломж гарч ирэх учраас хоёр талыг нэгтгэсэн.
Менежмэнт зохион байгуулалтыг нь өөрчилж, илүү стандартчилж олон улсын жишгээр явуулбал яасан юм бэ гэсэн санал, санаачилга тухайн үед гарсан. Ингээд миний бие Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр томилогдсон.
Анх авахад 38 сургуулиас тус бүр нэг багтай байлаа. Одоо 38 сургуулийн 52 багтай. Монголын хамгийн өргөн цар хүрээтэй, урт хугацаанд болдог тэмцээнүүдийн нэг. МОСБХны лигийн тэмцээнийг зохион байгуулахаас гадна бодлого дээр нь ажиллаж байна. Оюутны лиг шинэ арга барилаар яваад долоо дахь жил рүүгээ орж байна. Эргээд харахад залуучуудын сагсан бөмбөгийн хөгжил нь супер лигийн цөм болж байгаа. Өөрөөр хэлбэл, суурь нь болж байгаа гэсэн үг.
-Оюутны лиг зохион байгуулагддаг заалнаас эхлүүлээд өөр түвшинд очсон. Гэтэл зардал их шаарддаг. МОСБХ-г ашигтай ажиллуулах боломжтой юу?
-Манайх бол ашгийн бус байгууллага. Тамирчдыг бүрдүүлж байгаа гол зүйл нь сургуулийн нэр хүндийг өсгөж байгаа байдал. Хэрвээ эхний гурван байр эзэлбэл сургуулийн болон тамирчны нэр хүнд нэлээд өндрөөр гардаг. Мэдээж сургуулиуд оролцох тодорхой хэмжээний хураамжаа холбоонд төлдөг.
МОСБХ-ны лигийн тамирчдад ашигтай байх бололцоотой. Цаг үе нь одоо л ирж байна. Манай холбоо бол мэргэжлийн тамирчныг бэлтгэх гарааны эхлэл нь. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин бэлтгэх гарааны үндэс нь оюутны сагсан бөмбөгийн холбооноос эхэлдэг. Цаашид оюутны лигийн тамирчин супер лигт орох бололцоотой болсон. Тавдугаар сарын эхээр драфт хийнэ. Оюутны сагсан бөмбөгийн лигт цойлж байгаа залуус сургуулиа төлөөлөөд супер лигийн багууд руу сонгогдож, цалинтай тоглох боломжтой болж байгаа юм. Ингэснээр оюутнуудад илүү том зорилго, том мөрөөдөл бий болно. Бид тэр мөрөөдлийнх нь замыг засаж өгч байгаа юм. Өмнө нь ийшээ ч нэг, тийшээ ч нэг тоглочихмоор санагдаад оюун санааны хувьд ч, үзэл бодлын хувьд ч тогтвортой байгаагүй. Тэгвэл одоо бүх зүйл нь тогтвортой, нэг замтай болчихоор оюутнуудын зорьж байгаа зорилго маш тодорхой, ойлгомжтой болчихож байгаа юм л даа. Нөгөөтэйгүүр энэ нь спортын ажлын байр болж байна гэдгээрээ онцлог.
Үүнээс гадна оюутны лиг бол тухайн суралцагчид маш том түлхэц болдог. Бид 2.8 голч дүнтэй оюутнуудыг тоглуулдаг. Давхар хичээлээ хийхийг шахдаг гэсэн үг. Мянга мундаг тамирчин байгаад хичээлдээ сайн биш бол тоглохгүй. Сургалтын албанаас дүнг нь аваад үзчихдэг. Оюутны лигээр дамжуулж нийт 52 багийн мянга гаруй залуус хагас жилийн хугацаанд спортоор “амьсгалчихаж” байгаа юм. Лигээ үзэх гээд сургуулийнх нь долоо, найман мянган залуус дагаад ирдэг. Өөрөөр хэлбэл, залуус хичээлээ үзчихээд спорт руу ирж байна. Оюутны сагсан бөмбөгийн спорт эхлэхтэй зэрэгцээд согтууруулах ундааны чиглэлийн худалдан авалт багасаж байна гэсэн статистик байна лээ. Өөрөөр хэлбэл, залуус гадуур зугаацахаас илүү спортоор амьсгалж чөлөөт цагаа өнгөрүүлж байна.
Харин МОСБХ-ны үйл ажиллагаа нь ашиггүй байдаг. Хэрвээ улсаас тодорхой хэмжээний хөшүүрэг байвал энэ лиг илүү өргөн цар хүрээтэй болно.
-Аливаа спорт хүнийг төлөвшүүлж, хөгжүүлдэг гэдэг шүү дээ. Сагсан бөмбөг хувь хүнд ямар нөлөөллийг өгдөг гэж та харж байна?
-Мэдээж нэгдүгээрт хатууждаг. Мөн багаар ажиллах, нийгэмших, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг. Найз нөхөд хүрээлэлтэй болдог. Нийгмийг соён гэгээрүүлж байна. Дан ганц өөрөө өөртэйгөө гэхээсээ илүү нийгмийн харилцаанд орж байгаа учраас энэ нь шууд утгаараа улс эх орон болон тухайн хүний хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг.
Үүнээс гадна багийн спорт монголчууд бидний нэг том сул талыг эмчилж байна. Ер нь л бид “би” гэх үзэл ихтэй. Өөрсдийн уламжлалт спортоо харсан ч ганцаарчилсан төрөл л байгаа юм. Жишээлбэл, монгол бөхчүүд сумогоор дэлхийг гайхшруулж байна. Бокс ч мөн адил. Өөрөөр хэлбэл, бид багийн биш ганцаарчилсан спортоор дэлхийд амжилт гаргаж чадаад байна.
Багаас нь багийн спортоор хүмүүжүүлээд ирвэл багийн спортод амжилт гаргах бүрэн потенциалтай гэж боддог. Тиймээс суурь хүмүүжлээс нь эхлээд багаар ажиллах соёлыг суулгах ёстой юм шиг санагддаг. Хүүхдүүдийг тэг, ингэ гэж шаардахаас илүү сонголтыг өгвөл хувь хүн талаасаа ч өөрийнхөө юу хүсч байгааг олох болов уу.
Өнөөдөр хүүхэд багачууд, залуус яаж боловсрогдож, яаж бойжиж төлөвшиж байгаагаас улс орны маргаашийн ирээдүй шууд хамааралтай шүү дээ. Тиймээс дан ганц гэр бүлийн хүмүүжил, төлөвшлөөс гадна нийгэмд нийгэмших хүмүүжил багийн спортоос хамаардаг. Багийн спортоос бусадтай харилцах, нийгэмд биеэ зөв авч явах чадамжийг сурдаг.
-Нээрэн ч бид нэгэндээ зам тавиад өгчихдөггүй, бусдадаа буулт хийдэггүй “би” төвтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр багаар ажиллаж сурах чадвар цаашлаад нийгмийн төлөвшилд том нөлөө, том соёлыг үзүүлэх нь, тийм үү.?
-Тийм. Спорт бол монголчуудыг нэгтгэх зүйл. Түүхээ харсан ч монголчууд нэгдмэл байхдаа хүчтэй байж ирсэн.
Нэгдмэл байсан эзэнт гүрний дараах үеэс бага хаадын бутралын үе эхэлсэн шүү дээ. Тухайн үед бүгдэд нь би үзэл нь ноёлсон. Энэ нь сүүлдээ Манжийн дарлалд оруулсан. Тиймээс бид нэгдмэл байх, багаар ажиллах, “би”-гээсээ салах маш том гарц нь багаас нь багийн тоглолтоор төлөвшүүлэх. Спортод ямар ч хаалт байхгүй. Хүн бүрт нээлттэй зүйл.
Спортод эрх мэдэл, рангийн ялгаварлал гэж байдаггүй. Жишээ нь, Катарын ч юм уу өөр аль нэг улсын ерөнхий сайдтай спортын холбооны дарга нээлттэй уулзчихдаг. Түүнээс улс төрөөр ч юмуу, бизнесийн асуудлаар бол тоож уулзахгүй. Тиймээс эрх мэдэл, ялгаварлал, гадуурхал спортод байдаггүй.
Тиймээс ч бидний уриа “Би биш бидний ирээдүй”. “Би биш бид” шүү дээ. Ер нь спорт улс орныг ч, нийгмийг ч, гэр бүлийг ч, хамт олныг ч нэгтгэдэг. “30+ рүү” лигийг зохион байгуулж байхад тэд гэр бүлдээ зарцуулах цаг их болсон гэж ярьж байсан. Амралтын өдрүүдээрээ хүүхэдтэйгээ хамт сагс тоглож өнгөрүүлдэг. Лигт тоглож байгаа нөхрөө үзэхээр эхнэр хүүхдүүд нь ирдэг юм байна.
Бас нэг жишээ, хүүхдийн лигийн нэг тамирчнаас яагаад чамд сагс гоё санагддаг вэ гэж асуухад хийх юмтай болж байна гэж хариулсан байгаа юм. Гар утсаа оролдоод буланд суухгүй болж байна гэсэн үг шүү дээ. Харин аав ээжүүдээс нь асуухад загнуулахгүйгээр хичээлээ хийдэг болчихлоо гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн харилцааг нэгтгэж, гэр бүл тогтвортой байхад эерэгээр нөлөөлж байгаа юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ зандарч хичээлийг нь хийлгэх бус дуртай зүйлээр нь хөшүүрэгдэж хичээлийг нь хийлгэдэг болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээлээ хийхгүй бол лигт тоглуулахгүй гэж хөшүүрэгдэж байна гэсэн үг.