Categories
мэдээ улс-төр

О.Магнай: Эрх баригч нам худлаа ярьж улстөрийн оноо авч сонгуульд ялсан нь батлагдлаа

Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлэг хамтарч өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд төсвийн тодотголоор долоон төрлийн татварыг нэмсэн тухай болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг салбартаа гарсан хариуцлагагүй үйлдлүүдийг ухамсарлан сайн дураараа огцрох ёстой хэмээн мэдэгдлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: “Өнгөрсөн долоо хоногт баталсан төсвийн тодотголыг МАН өнгөрсөн сонгуулиар амласан амлалтаасаа буцлаа гэж харж байна. Худлаа ярьж улстөрийн оноо авч сонгуульд ялалт байгуулсан нь батлагдлаа гэж бодож байна. Эдийн засаг хүнд байгаа үед төр засаг өөрсдийн бүсийг чангалах ёстой байтал иргэдийн бүсийг чангалж, ард түмэнд ачаа үүрүүлж энэ хямралыг давахад иргэдэд ээлгүй хувилбарыг сонгосон гэж бид үзэж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт “Таван толгой” цэргийн сургуулилтын баазад харамсалтай хэрэг боллоо. Энэ бол цэвэр улстөрийн хувьд хариуцаж байгаа салбарын яам, цаашлаад сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн зарчмын байр суурийг АН барьж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам долоон төрлийн татварыг төсвийн тодотголоор нэмлээ. Засгийн газрын яг оруулж ирсэн хэлбэрээр баталлаа. Сөрөг хүчиний зүгээс эдгээр татварыг нэмэх асуудлыг эсэргүүцэж, үүнийг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байгаа. Тухайлбал, Цахилгаан машин приусны татварыг нэмүүлэхгүй гэсэн санал гаргасан боловч эрх баригчид нэмэхээр шийдвэр гаргасан. Үүнээс болж зах зээл дээр машин болон бусад онцгой татварууд нэмэгдлээ.

Мөн тэтгэврийн насыг нэмүүлэхгүй гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Харамсалтай нь олонхийн бүлэг нэмэх шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нэмүүлэхгүй гэдэг саналыг АН-ын бүлэг гаргасан ч нэмсэн. Маш олон аймаг сумдын Засаг даргыг баталж өгөхгүй байна. Жишээ нь Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын асуудал байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол улстөрийн акц хийнэ гэдгээ анхааруулж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Өнгөрсөн долоон хоногт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Гэхдээ хоёр зүйл дээр эргэж хараасай гэж бодож энэ зүйлийг хэлэхийг хүссэн юм. Энэ долоон татварын гурвыг нь тавдугаар сарын 1-нээс авч эхэлнэ. Нэг нь хадгаламжийн хүүгээс татвар авах шийдвэр юм. Автомашины онцгой албан татвар, тамхины татвар мөн эхэлнэ.

Хугацаа өгөхгүйгээр шууд татвар нэмж байгаа нь автомашин борлуулагчдын бухимдлыг төрүүлж байгаа талаар бидэнд гомдол ирж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Гэтэл одоо энэ хэрэгжихгүй болж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *