Categories
мэдээ нийгэм

О.Энхмаа: Түлэнхийн төвийг “ковид-19”-ийн эмнэлэг болгох, шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна

Зуун айл орчимд байрлах Түлэнхийн төвийн барилга нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжгүй болсноор 2011 онд Төрийн өмчийн хорооноос акт тавьсан. Улмаар 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг татсанаар 6.8 сая ам.долларыг барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн.

Гэсэн ч барилга ашиглалтад оролгүй найман Засгийн газрын нүүр үзсэн шалтгааныг холбогдох хүмүүс төсвөөс баталсан хөрөнгө оруулалтын зардал нь хаанаа ч хүрэлцээгүй, дээр нь газрыг нь хувийн компани авснаас болж маргалдан маргаан гарсаар 2021 он руу шилжих болсон гэж тайлбарладаг.

Тус төв нь A, B,C гэсэн гурван блокоос бүрдэх бөгөөд барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тиймээс эмнэлэг хүрэлцэхгүй байгаа энэ үед Түлэнхийн төвийг “Covid-19”-ийн эмнэлэг болгон яаралтай нээхийг эмч О.Энхмаа өнөөдөр /2021.08.02/ мэдээлэл хийн Засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа дуулгав.

Тэрбээр “ Монгол Улсын хэмжээнд “Covid-19” халдварын улмаас 823 хүн нас барлаа. Үүнээс харахад эрүүл мэндийн салбарт хүний эрхийг хангах нь чухал байна. 10 жилийн өмнө Түлэнхийн төвийг барина гэсэн боловч өнөөдөр хоёрхон блок нь баригдсан байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд анхаарч ажиллана гэсэн боловч бүтэн жилийн хугацаанд энэ асуудлыг хэн ч анхаарсангүй.

2017 онд Шадар сайд С.Амарсайхан хотын дарга, Д.Сарангэрэл эрүүл мэндийн сайд байх үед Нийслэлийн анхан шатны шүүхийн тогтоолоор Түлэнхийн төвийн С блокын газрыг хувийн орон сууц барих зөвшөөрлийг гаргуулсан. Энэ нь хууль бус учраас 2020 онд Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гаргаж шалгаж эхэлсэн. Гэвч харамсалтай нь, энэ ажлыг УИХ гацааж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй буюу Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй бол УИХ тарсан нь дээр. Хэрэв тав хоногийн дотор тулган шаардах бичигт хариу өгөхгүй бол дараа, дараагийн шатны арга хэмжээ авна” гэдгийг онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *