Ардчилсан намын УИХ дахь бүлгийн зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа.
-Ардчилсан нам Эрх чөлөөний багц хуулийг санаачилна хэмээн мэдээлсэн. Энэ хуулиар хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг яаж хамгаалах вэ. Энэ хуулийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн зөвлөхүүддээ иргэдийн эрх чөлөө, амьдралын түвшнийг сайжруулах бодитой асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх ямар боломж байгаа талаар судалгаа, хэлэлцүүлэг хийж танилцуулах үүрэг өгсөн. Бүлгийн зөвлөхүүд гэдэг нь албан зөвлөхүүдээс гадна бүлэгт албан бус статустай, голдуу Ардчилсан намын ҮБХ-ны 30 гаруй гишүүд багтсан, парламентын гишүүдийн үйл ажиллагаанд үйл ажиллагаа, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой нам бүлгийн нэгдэл л дээ. Удаа дараагийн хэлэлцүүлэг, судалгааны дүнд иргэдийн хамгийн их санаа дургүйцэл төрүүлж байгаа асуудлын нэгдүгээрт хүний жам ёсны эрх орсон. Өөрөөр хэлбэл, монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд эрх баригчдын зүгээс маш ихээр халдах, тэр ч бүү хэл хилсээр ял тулгах явдал гарч байна. Хоёрт, иргэдийн эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, хувийн өмчийг төрд булаах, татварын дарамт ихсэх, төрийн үйлчилгээ дабл стандартаар явах, төр бизнесийн байгууллагуудтай өрсөлдөж эхэлснээр МАН төрийн капитализм байгуулж олигархижиж байгаад маш их санаа зовсон, бухимдсан дүн гарсан. Олон нийт, судлаачдын эдгээр дүгнэлт нь ч олон улсын байгууллагуудын ардчилал, хүний эрх, бизнесийн эрх чөлөөний индексийн ухралтуудаар нотлогдсон гэдгийг энд онцолъё.
Эдгээр суурь асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэхийн тулд бүлгийн зөвлөхүүд “Эрх чөлөөний хуулиуд” нэртэй бүлэг хуулийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьж, батлуулах саналыг гаргасан. Үүнийгээ УИХ-ын гишүүддээ бүлгийн хурал дээр танилцуулсан. Эрх чөлөөний бүлэг хууль гэдэг нь монголчуудын улс төрийн эрх чөлөөг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг бүрэн нээж өгөх үндсэн зорилгын хүрээнд бичигдэх либерал хуулиудын нэгдсэн нэр юм. УИХ дахь АН-ын гишүүд маань зөвлөхүүдийн санаачилгыг ерөнхийд нь дэмжиж эхний ээлжинд тодорхой ямар ямар хуулиуд байх талаар чиглэл өгснөөр энэ ажил албажсан. Бүлгээс хийх хэвлэлийн хурал дээр танилцуулсан нь тэр. Бэлэн болж буй хуулийн эхний төсөл нь “Тайван жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”, “Гуравдагч хөршийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” зэрэг юм.
Цаашид баялаг бүтээгчдийг дэмжих тухай, Өмчийн эрхийг хамгаалах тухай, Монгол банкны хар жагсаалтаас иргэдийг чөлөөлөх тухай гээд олон хуулийн төслүүд дээр манай зөвлөхүүд УИХ-ын гишүүдэд тусалж ажиллана. Мөн намын бүтэц, иргэд сонгогчдоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь “Тайван жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн төсөлд иргэд Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийхдээ заавал захиргааны байгууллагад мэдэгдэж ямар нэгэн хариу авахгүй шууд жагсах эрхийг нь нээж өгч байгаа. Эрх баригчид түүний хууль хүчний байгууллагын зүгээс тайван жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийг мэдэгдэл өгөөгүй, өгсөн ч мэдэгдлийн хариу “зөвшөөрөөгүй байхад” жагссан гэдэг үндэслэлээр хүч түрэн баривчилж ял тулгаж байгааг зогсоох хууль нь энэ байх болно.
-Иргэд сонгогчдоос санал яаж авах талаар ярихгүй юу. Платформ нээсэн гэл үү?
-Тийм ээ. Эдгээр хуулийн төслүүдийг “Иргэний ардчилал” платформын хүрээнд нийт иргэд сонгогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж чөлөөтэй санал авахаар төлөвлөж байна. Зөвхөн санаачилсан хуулиудын хүрээнд ч биш монголчуудад эрх, эрх чөлөөгөө хамгаалах, аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ямар хуулиуд санаачилмаар байгаа тухай иргэдээсээ бид асууна. Хувь иргэд тодорхой хуулийг санаачилж өгөөч гэж УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдэд санал өгч, тэр санал нь “Иргэний ардчилал” платформ дээр 50,000 хүртэл иргэний гарын үсэг цуглуулбал шууд өргөн барьж болох тухай ч Бүлгийн дарга О.Цогтгэрэл ярьж байгаа. Танай сонины уншигчдаас хичээнгүйлэн хүсэхэд “Иргэний ардчилал” эрх чөлөөний сарын аянд https://form.jotform.com/231161053184446 хаягаар орж үгээ хэлж оролцоорой хэмээн урьж байна.
-Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг энэ сард юм уу, дараа сард зохион байгуулна гэсэн. Чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Юу хэлэлцэх вэ?
-Бүлгийн хурал дээр гишүүд зөвлөхүүдийн ажилтай хамааралтай ярьсан нэг ажил нь “Ардчилсан төлөөлөгчдийн уулзалт”-ыг зохион байгуулах тухай. Хэдийгээр сүүлийн хоёр жил дотоод маргаантай байсан ч Ардчилсан нам бол үндэсний хэмжээний бүтэцтэй, хамгийн том сөрөг хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн засаг дарга нарын 54 хувийг АНбүрдүүлж байна. 330 сумын 147 сумынх нь Засаг дарга Ардчилсан намынх. АН21 аймгийн ИТХ-ын 10-т, есөн дүүргийн хоёрт нь олонх байна. Иргэдээс мандат авсан бүх шатны төлөөлөгч гэхэд л АН-аас 4000 гаруй хүн байгаа нь АН-ыг МАН-тай эн зэрэгцэх нөөцтэй нам гэдгийг бүрэн нотолж байгаа юм. Бид өнөөдөр нэгдсэн, дотоод маргаангүй нам болсон. Товчхондоо АН-аар дамжуулж Монголын ардчиллыг хагаралтай байлгах гэсэн гадаад дотоод эрх ашгийг тасалж чадсан. Одоо сөрөг хүчнийхээ үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Энэ ажлын нэг том эхлэл нь иргэдээс мандат авсан бүх шатны төлөөлөгчдөө цуглуулж сөрөг хүчний стратеги зорилтоо гаргах, 2024 оны сонгуульдаа бэлтгэх юм. Энэ нүсэр ажлыг намын бүтэцтэй хамтран хийх чиглэлийг гаргасан. Өмнө нь намын даргад танилцуулагдсан байсан болохоор энэ уулзалт удахгүй зургаадугаар сард багтаж хийгдэх юм. Энэ ажлын арын гүйцэтгэлт бүлгийн зөвлөхүүд ч ажиллана.
-Та бол улс төр судлаач хүн. Тиймээс Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн талаар таны байр суурийг сонсъё. Улс төрийн намын тухай хуулийн аль зохицуулалтад та ямар шүүмжлэлтэй байна вэ?
-Нам, бүлэгтэй огт хамаарахгүйгээр хувийн байр сууриа илэрхийлье. Улс төрийн намын тухай хууль хамгийн олон жил хэлэлцэгдсэн, хамгийн олон ажлын хэсэг байгуулагдсан хуулиудын нэг. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж байгаа уламжлал нь зөв. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеийн ажлын хэсэгт би орж ажиллаж байсан. Чуулганд ороод уначихдаг үндсэн шалтгаан нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Учир нь улс төрийн намууд санхүүжилтээ ил байлгах сонирхол тун бага. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгийг намуудад зарцуулах гэж байгаа бол түүний хяналт иргэдэд нээлттэй байх ёстой. Нөгөө талаас төрийн мөнгө гэдэг бол эрх баригчдын л “мөнгө”. Төрөөс мөнгө өгөөд эхлэхээр жижиг намууд эрх баригчдын нөлөөнд хэт орж дагуул намууд үүсдэг. Үүний алтан тэнцвэрийг олохгүй бол чуулганаар батлагдахгүй, амьдрал дээр дэвшил авч ирэхгүй. Улс төрийн намуудын нийт санхүүжилтийн 30-аас ихгүй нь л төрийн санхүүжилттэй байх ёстой. Үлдсэн нь жижиг дунд хандивлагчдаас бүрдэж байж үзэл санаа орших учиртай. Гэтэл хандив өргөсөн компаниудыг яах эсэх нь хуульд тодорхойгүй харагдана лээ. Илүү дарамталсан заалт байгааг ч хэвлэлийнхэн хөндөөд байгаа. Иргэний нам биш төрийн өмчит намууд л үүсэх гээд байна шүү дээ. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөхгүй бол болохгүй.
-Сонгуулийн системийг 50:50 гэсэн МАН-ын саналыг та хэрхэн дүгнэж байна. Манайд ямар харьцаатай байвал болох вэ?
-МАНхоёрын тоонд их дуртай болсон байна лээ. 76 гишүүнийг хоёроор үржүүлээд 152 гишүүн, 76 гишүүнээ хоёрт хуваагаад 38:38 гэсэн тактикийн тоо оруулж ирж байна. Мэдээж энэ бол шинжлэх ухаан биш. Товчхон хэлэхэд, Ардчилсан намын санал болгож буй 60:40 бол шинжлэх ухааны үндэслэлтэй тоо. Олон улсад олонх холимог сонгуулийн жишиг ч ийм. Хөндлөнгийн судлаачдын сонгуулийн хуульд өгсөн санал ч 60:40 байна. Бид дугуйг шинээр зохиох хэрэггүй. Өртгийг нь дийлэхгүй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 152 байхаар оруулж ирсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?
-ҮХНӨ бол өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санал санаачилга биш. Аль 2015 оноос л Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх тухай өөрийн тодорхой зарчмуудаа тавьсаар ирсэн. Орчин үеийн нийгмийн амьдрал илүү эрчимтэй, хурдтай болж Үндсэн хуулийн өөрчлөлт олон улсад 15-20 жилд нэг хийгдэж байна. Гагцхүү ҮХНӨ-өөр хэзээ ч өөрчилж болохгүй хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт нийгэмтэй холбоотой үндсэн заалтууд гэж бий. Нийгмийн тогтолцоо, эдийн засгийн бүтэцтэй холбоотой сайжруулж, баяжуулж байх ёстой зүйл заалтын хүрээнд өөрчлөлтийг хийх ёстой шүү дээ. Одоогийн энэ үеийнхэн хийхгүй бол дараагийн үеийнхэн хийх л болно. Хэвлэлийнхэн гишүүдийн тоог л их асуух юм. Уул нь Үндсэн хуульд парламентын тооноос хэд дахин ач холбогдолтой Үндсэн хуулийн шүүхийн асуудал, ерөнхийлөгчийн эрх үүрэг, өмчлөлийн хэлбэр гээд олон зүйл заалтуудыг улстөрчдөөс ам асуумаар байгаа юм. Эхлээд ҮХНӨ-ийг дэмжих эсэх чуулганы шийдвэрийг харах нь илүү бодитой болов уу. Гишүүдийн тооны хувьд 152-оос бага, 76-аас их байх нь зүйтэй. Яг хэд байхыг онолын гэхээсээ нийгмийн зөвшилцлөөр л шийднэ шүү дээ.