Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.
-Хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо. Цагдаа, тагнуулынхан хэрэг мөрдөхдөө хүний эрхийг зөрчдөг. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсахад хүч түрэмгийлж баривчилдаг. Энэ байдлыг засъя гэвэл цагдаа нарыг хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад бэлтгэх ёстой гэж яригддаг. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр “Мэдлээ, гүйцэтгэе” гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс болж л ирээд байгаа юм. Оросуудын школ ерөөсөө энэ. Бүх юмны дээр төр засаг, дарга байна. Төр засаг, даргын шийдвэр, тушаалыг л биелүүлэх ёстой гэдэг ойлголттой болчихож байгаа юм.
Энэ нь явсаар иргэдийнхээ эрхийг зөрчихөд хүргэж байна. Иргэд эрхээ эдэлж жагсаал цуглаан зохион байгуулахаар даргынхаа тушаал авч хөдөлдөг, эсвэл тушаал өгөхгүй бол хөдлөхгүй. Даргын тушаал зөв буруу нь хамаагүй, биелүүлэх л үүрэгтэй. Үүнээс болж жагсаж цугласан иргэдээ зоддог, эрхийг нь ноцтой зөрчдөг болж байна. Уг нь цагдаа гэдэг иргэдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй алба. Залуус жагслаа гэхэд шууд очоод тараах биш эрүүл, зөв жагсаал хийхэд тусалдаг, буруу зорилготой, муу хүмүүс жагсаалыг үймүүлэхээс сэргийлдэг, жагссан иргэд ямар нэгэн байдлаар хохирохоос хамгаалах зорилготой.
-Цагдаа үйлчилгээний байгууллага байх ёстой гэдэг агуулга хэдэн жилийн өмнө гарч ирж, бодлогын нэлээд өөрчлөлт хийгдсэн. Гэвч хүчний байгууллага хэвээр байх шиг байна?
-Цагдаа бол иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага байх ёстой. Дээд удирдлага нь хууль бус тушаал өгөхөд, жагсаал цуглааныг тараа, хүмүүсийг хорь гэхэд “Үгүй” гэж хэлж чаддаг зоригтой, хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Ингэхийн тулд цагдааг Орост биш, хүний эрхийг дээдэлдэг улсад сургах ёстой. Ихэнх улс орон цагдаагаа дотооддоо сургадаг. Энэ нь ч зөв.
-Цагдаагийн удирдлагууд Монгол Улсад 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгтэй байна гэсэн агуулгаар ярьсан асуудал ихээхэн шүүмжлэл дагуулсан. Уг нь хүний эрхийн мэдрэмжтэй цагдаа бэлдэх шаардлагатай гэж ярьж байгаа цаг үе байдаг…?
-Өнөөдрийн цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа тасаг, хэлтсийн дарга нарыг харахад бүгд социализмын үед бэлтгэгдсэн, төрийг, даргыг хамгаалах ёстой гэсэн школтой хүмүүс л байгаа. Угаас дөрвөн жилийн турш толгойнд ийм л зүйлийг заачихаар суухаас аргагүй. Гэтэл АНУ, Солонгос, Япон, Германы цагдаа нар шал өөр. Согтуу хүнийг манайхан бол гавлана, эрүүлжүүлэхэд аваачаад хийнэ, торгоно. Харин энэ улсуудад аюулгүй байдлыг нь хангаж, гэрт нь хүргэх зэргээр шал өөрөөр ажилладаг.
Цагдаа гэж ямар хүн бэ гэдэг хөтөлбөрийн агуулга ОХУ болон бусад хүний эрхийг хамгаалдаг улсуудад өөр. Өндөр хөгжилтэй орнуудад цагдаа та гудамжинд жагсаж байгаа иргэдийг хамгаалах ёстой гэж заадаг. Хойно бол та төрийн хуулийг, даргын тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой гэж заадаг. Тийм учраас манай цагдаа нар, тэдний удирдлага ч тэр хүний эрхийн мэдрэмжгүй үг үйлдэл гаргасаар байгаа шалтгаан энэ юм.
-Англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэл болгох тухай яригдаад удаж байна. Та ч энэ асуудлыг хөндөж ярьдаг. Ерөөс өнөөдрийн дэлхийн хөгжил монголчуудыг англи хэл эзэмшихийг шаардаж байна шүү дээ?
-Хамгийн гол нь хэрэглээний асуудал байгаа юм. Бид ямар нэгэн гадаад хэл сурч байгаа бол хэрэглэдэг байх ёстой. Тэр хэрэглээ нь үр шимээ өгдөг байх ёстой. Орос хэлний хувьд хэрэглээ нь сүүлийн 30 жилд маш их багаслаа. Социализмын үед монголчууд шинжлэх ухааны ном сонин уншъя, мэргэжил эзэмшье гэвэл орос хэл дээр л ном материал ашигладаг байсан. Тэгвэл сүүлийн 30 жилд энэ байдал өөрчлөгдсөн. Зөвхөн манайх гэлтгүй Азийн бусад орнууд, тухайлбал, Япон, Солонгос, Хятадад англи хэлийг маш эрчимтэй сурч байна. Бид дэлхий нийтийн трендээс ерөөсөө хоцорч болохгүй. Үүнтэй хөл нийлүүлээд явах ёстой.
Солонгост очиход залуус нь бүгд англиар ярьдаг. Заавал солонгос хэл сурах шаардлагагүй, англи хэлтэй байхад л болно. Япон, Хятадад очиход ч ялгаагүй. Ерөөсөө орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлж алхаж, амьдаръя гэвэл англи хэл зайлшгүй сурах ёстой. Дэлхийн том сургуульд суръя, ажил хийе гэхэд хамгийн гол шалгуур англи хэлний мэдлэг болчихоод байна. Гэтэл орос хэлний хэрэглээ хамгийн бага байгаа. Оросоор ярьдаг улс гэвэл ОХУ өөрөө болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан цөөхөн хэдэн улс л байна.
-Хоёр дахь хэлээ болговол хүүхдэд багаас нь сургах нь зөв гэдэг?
-Одоо бол ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс орос хэлийг хасах хэрэгтэй. Харин оронд нь англи хэлийг бүр бага ангиас эрчимтэй заах нь чухал.
Дээр нь бид хамгийн эхлээд хэл сурахын тулд багшаа бэлдэх ёстой. Улсын багшийн их сургуульд англи хэлний багш бэлддэг анги байдаг уу, хэчнээн байна вэ. Түүнийг бодлогоор нэмэх хэрэгтэй. Ингээд бага ангиас нь англи хэлийг заадаг, зарим хичээлийг англиар ордог болбол хүүхэд багаасаа сурсаар төгсөхдөө боломжийн мэдлэгтэй болчихно. Дээд сургуульд ороход ч тэр, 10 хичээл ордог бол 1-2 хичээлийг англи хэл дээр зааж болно. Ингэснээр улсаараа англи хэлтэй болох бололцоо байна.
Учир нь Европын цөөн хүн амтай улсууд болох Дани, Финлянд, Норвеги, Бельги гэхэд өөрийн үндсэн хэлтэй. Норвеги гэхэд норвеги, Финлянд фин гээд хэлээрээ ярьдаг. Харин тэд хоёр дахь хэлээ англи хэлийг сонгочихсон. Ингэснээр англи хүнтэй ярьж байна уу, финлянд хүнтэй ярьж байна уу гэдгийг ялгах боломжгүй болтлоо англи хэлийг эзэмшдэг болсон. Хүүхдэд цэцэрлэг, сургуулиас нь заагаад эхэлбэл унаган хэл шигээ эзэмшдэг. Хэл эзэмшсэн хүмүүс дэлхийн аль ч сургуульд очоод сурчихаж байна. Аль ч улсад том компанид ажиллах боломжтой байна шүү дээ.