Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Ариунзаяа: Боловсрол гэдэг ямар чухал, гоё зүйл болохыг ойлгосон учраас түүнийгээ эргүүлж түгээмээр байна DNN.mn

АНУ-ын Бостоны их сургуулийг Санхүүгийн шинжлэх ухааны бакалавр, улс төрийн шинжлэх ухааны дэд зэрэгтэй төгссөн, “Ариун Оюун” академийн үүсгэн байгуулагч О.Ариунзаяатай ярилцлаа.


-Одоогоор “Ариун Оюун” академи дээр ямар сургалтууд явагдаж байна, ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Яг одоогоор манай академийн “College Prep” буюу коллежийн бэлтгэл хөтөлбөрт их сургуульд өргөдлөө бэлтгэх үйл явцыг заадаг. Энэ хөтөлбөр эрчимтэй хичэээллэж байна. Эрчимтэй гэдэг нь манай сурагчдын ихэнх нь АНУ-ын сургуулиуд руу өргөдлөө илгээдэг. АНУ-ын их сургуулиудын тухайн жилийн өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа нэгдүгээр сарын 1-15-ны өдрийн хооронд байдаг. Шинэ он дөхөөд баярын уур амьсгалтай байгаа бол бид сургалтынхаа өргөдлийг бэлтгээд завгүй ажиллаж байна.

-Та АНУ-д их сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байсан. Таны хувьд АНУ-д ажиллах, Монголд ажиллах хоёрын ялгаа нь юу вэ?

-Би Монголд нэг л компанид ажиллаж үзсэн. Таалагдаагүй ажлаасаа гараад хувийн зүйлээ эхлүүлэхээр болсон. Уг нь АНУ-д ажиллаад өөрийн “Ариун Оюун” брэндийг хөгжүүлээд явах шийдвэр гаргачихсан байсан. Тэгээд Монголдоо иртэл монгол компаниудаас ажлын санал ирсэн. Монгол компанид ажиллаад үзье гээд ортол жаахан хэцүү санагдсан. Эмх замбараагүй, баг хамт олныхоо хувийн амьдралыг хүндэлдэггүй, тэр хүний амьдрал нь ажил юм шиг ханддаг. Иймэрхүү ажлын байран дахь эрүүл бус уур амьсгал нь хэцүү байсан. АНУ-д мэргэжлээрээ ажиллахад бүх зүйл маш эмх цэгцтэй, тэр дунд ажилласан туршлага, нас, хүйсээр нь эрэмбэ огт тогтоодоггүй. Би АНУ-д “Cue Ball Capital” хөрөнгө оруулалтын санд ажилласан туршлагаасаа хуваалцвал, анх 100 хувь дадлагажигчаар орсон. Дадлагажигчаар ороход л миний бодлыг маш их асуудаг байсан. “Ариунзаяа чи юу гэж бодож байна, үүнийг яаж шийдэх үү” гэж асуудаг, би гоё санал хэлвэл тэрийг шууд хэрэгжүүлэхээр. Захирлууд ярина, дадлагажигчийн үгийг сонсохгүй гэдэг юм огт байхгүй. Энэ нь АНУ-д их сургуулийн лекцийн танхимд хичээлийн цаг яаж өнгөрдөг байсантай шууд холбоотой. Лекцийн танхимд оюутнууд гараа өргөөд бодол, санаагаа илэрхийлээд бараг багш нь хүүхдүүдийнхээ бодлыг чиглүүлээд байж байдаг. Нэг талыг баримталсан биш хоёр, гурван талын урсгалтай хувь хүний үзэл бодол гэдэг өндөр байр суурь эзэлдэг.

-Тэгвэл таны хувьд боловсролын ялгаа нь юу вэ?

-Хоёр том ялгаа анзаарагдсан. Нэгдүгээрт, сурагч бүр онцгой, өөрийн гэсэн ертөнцтэй. Монголд гадаад үзэмжээсээ эхлээд нийтээрээ ойролцоо хүмүүс байдаг. Харин АНУ-д хүн болгон тэс өөр. Хоорондоо төстэй хүмүүс ч цөөн. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй, түүнийгээ гүнзгий хөөсөн байдаг. Бидэн дунд хоббитой хүн ч цөөн, хобби хөөх завгүй амьдардаг. АНУ-д хоббигоо маш гүнзгий хөөж, олон төрлийн мэдлэгтэй, сонирхсон салбарынхаа мэдлэгийг гүнзгий эзэмшсэн байдаг. Хоёрдугаарт, хэнээс ч эмээлгүй бодлоо илэрхийлдэг. Түүнийг нь эрх мэдэл бүхий хүмүүс эн тэнцүү хүлээж авдаг.

-“Урлах клуб”-ийн тухайд суралцсан гишүүдээс ямар үр дүн гарч байна вэ. Яагаад “Урлах клуб”-ийг байгуулах болсон бэ?

-“Урлах клуб” эхний элсэгчээсээ л миний хүлээлтийг давуулан биелүүлсэн. “Урлах клуб”-ийг байгуулах болсон шалтгаан гэвэл би өөрөө маш хэцүү үеийг даван туулж байсан. Сэтгэлийн шархаа олж илрүүлээд түүнийгээ эдгээх эдгэрлийн үе шатыг даван туулж байхад тусалж, чиглүүлэх монгол хүн байгаагүй. Үүнд би өөрөө судалгаа хийж, ээжтэйгээ ярилцаад ээжийнхээ зөв чиглүүлгээр хэцүү биш арай зөв талд нь гарч ирсэн. Хүний сэтгэлд эдгэрлийн үе шат маш чухал юм байна, дотоод шархаа илрүүлж эдгээж байж цааш утга учиртай амьдрах, зорилго, тэмүүлэлтэй байх, дотроосоо гэрэлтэж эхэлдэг юм байна гэдгийг их сургуулийн 4-5 жилийн хугацаанд ойлгосон. Энэ маш хэрэгтэй юм байна, үүнийг өөрийн чадахаараа хийе гэж эхлүүлсэн.

Дотоод эдгэрэл эхлэхээр хүн дотроосоо гэрэлтэж, амьдралыг харах өнцөг нь өөр болох гэх мэт гарт баригдахгүй мөртлөө амьдрал чухал нөлөөлөхүйц өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

-Шинэ он гарах дөхөж байна. Хүн бүр ирэх жилээ төлөвлөж, бодож байгаа байх. Эхлээд өнгөрсөн жилээ дүгнээд дараа нь ирэх жилээ төлөвлөдөг гэж та хэлж байсан. Таны хувьд энэ оноо дүгнэхэд хэр зэрэг бүтээмжтэй, зорилгодоо хүрсэн бэ?

-Миний хувьд 2021 оны жилийн эцсийн төлөвлөлтөөр бол энэ онд академи үүсгэн байгуулна гэж бодоогүй байсан. Тийм болохоор энэ оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн жил болж таарч байна. Тэгэхээр миний хувьд их баяртай байна. Түүнээс гадна 2022 онд өөртөө тавьж байсан хамгийн том зорилгуудын нэг нь баг хамт олноо удирдаж сурах. Би залуу эмэгтэй хүн, мэргэжлээрээ ажиллахгүй өөрийн зүйлийг эхлүүлж, багаа удирдаад авч явахад маш их зориг шаарддаг, хэцүү үе олон байдаг. Ийм үеүдийг даван туулаад энэ жилийн эцэс гэхэд жаахан ч болов баг хамт олноо ойлгож, яаж удирдах, ямар ур чадварууд хэрэгтэй байдаг гэх мэт тэр болгоныгоо жаахан ч гэсэн сайжруулж чадсан нь хамгийн том амжилт гэж харж байна. Ихэнх хүмүүс арванхоёрдугаар сард дараа жилийнхээ том төлөвлөгөөг гаргадаг. Хамгийн наад зах нь жин хасна гээд л эхэлдэг. Уралдах маягтай төлөвлөлтүүд гаргадаг. Уншигчид маань энэ дээр анхаараарай, дараа оны төлөвлөгөөндөө орохоос өмнө энэ оноо нэг хараад үзээрэй. Яагаад энэ оноо дүгнэ гээд байгаа юм бэ гэхээр та нэг жилд юу хийж чадахаар байна, ямар гүйцэтгэлтэй байснаа харахаар өөрийн бүтээмжээ барагцаалаад ирдэг. Тэгэхээр та энэ жил өөрийгөө үр бүтээмжгүй байсан гэж дүгнэж бараг болохгүй, учир нь та хамгийн сайнаараа л хичээсээн. Өөрийн үр бүтээмжээ хараад түүнтэйгээ ойролцоо зорилго тодорхойлоход болно. Түүнээсээ илт давуу зорилго тодорхойлчихоор түүндээ хүрэхгүй шантарна. Харин ойролцоо зорилго тавьбал түүнийгээ давуулан биелүүлэх магадлалтай. Үгүй юм гэхэд түүн дээрээ байна. Өөрийнхөө үр бүтээмжийг ойлгож байж дараагийн оноо төлөвлөвөл хүлээлт ойролцоо төлөвлөлт гарна.

-Зорилгоо тодорхойлоод тууштай байхад таны хувьд юу хамгийн чухал вэ?

-Эцсийн тавьсан зорилго л утга учиртай байх ёстой. Тийм тохиолдолд хүн тууштай байхаас өөр аргагүй байдаг. Тэгэхээр эргээд тухайн хүн ухаалаг төлөвлөлт хийж чадаж уу гэдэг чухал. Хамгийн эхэнд өнөөдөр, дараа сараа төлөвлөхгүй ирэх арван жилээ харж төлөвлөх ёстой. Чадахгүй байвал таван жилээр төлөвлөх хэрэгтэй. Тэр хугацаанаас нааш нь эмх цэгцтэй төлөвлөх хэрэгтэй. Дараагийн тав, арван жилийн зорилго тань таны үнэт зүйлтэй, дотоод эдгэрэлтэй, утга учиртай амьдралтай нягт холбоотой байх ёстой. Тийм биш болохоор хүн амархан хаячихдаг. Миний хувьд тэр зорилго маань гэр бүлийн, бага насны гээд маш олон зүйлтэй холбоотой мөрөөдөл, зорилго, тэмүүлэл байдаг учраас тэр бол миний хүн болж төрсний утга учир. Мөн таван жилээсээ нааш нь жил, сар, долоо хоногоор нь ч гэх юмуу ухаалаг төлөвлөлт хийчихээр хүнд тийм бууж өгөхөөр хэцүү биш байдаг. Өөртөө тохируулаад бэлдээд өгч болдог.

-Та “Ариун Оюун” төлөвлөгч дэвтэр гаргадаг. Хүмүүс жагсаалт гаргаж бичиж төлөвлөдөг ч ухаалаг төлөвлөж чадахгүйн улмаас зорилгодоо хүрэлгүй няцаад байдаг юм болов уу. Тэгэхээр ухаалаг төлөвлөхөд юу чухал вэ?

-Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь төлөвлөхийн тулд л төлөвлөөд байдаг. Гоё төлөвлөгч дэвтэр авчихаад түүнийгээ дүүргэхийн тулд л бичдэг. Гоё харагдуулахын тулд их цаг үрээд яг үнэндээ тэр дотор бичсэн зүйлс нь амьдралд хэрэгтэй эсэх нь асуудалтай. Жишээлбэл, өглөө зургаан цагт босоод 30 минут дасгал хийж, 30 минут ном уншаад, 30 минут бясалгал хийнэ гэх мэт өдрөө ингэж төлөвлөөд түүндээ хүрч чадахгүй болохоор шантраад дараагийн өдрөө төлөвлөхөөс ч уур нь хүрдэг. Энэ тал дээр миний зүгээс төгс өдрийн хуваариа гаргачих, түүнээсээ хамгийн чухал гэж үзсэн нэг юм уу гурван зүйлээ сонгоод хий. Тэр нэг юмуу гурван зүйлээ өдөр бүр хийгээд явбал тэр нь амжилттай төлөвлөлт. Өдрийн 30 минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлнэ гэж төлөвлөөд түүндээ хүрэхгүй шантарвал тууштай байж чадахгүй. Тэгэхээр өөртөө зөв хүлээлтийг тавих хэрэгтэй. Миний баримталдаг зарчим бол “Би өнөөдөр таван жилийн дараах зорилгынхоо төлөө юу хийсэн бэ” гэдэг асуултыг асуудаг. Нэг юм хийсэн байхад л хангалттай.

-Таны хувьд утга учиртай амьдрал гэж юу вэ?

-Миний хувьд сэтгэлээрээ дүүрэн, зүрхээрээ эрүүл, маш гоё тайван, юуны ч төлөө уралдаад яараад зовохгүй цөөн зүйлийн төлөө амьдардаг. Утга учиртай зорилгоо биелүүлэх гээд явж байхдаа зовдоггүй, ажил ч гэж хардаггүй эргээд тэр нь надад болон маш олон хүнд эерэг нөлөө үзүүлдэг зүйл. Нэгтгээд хэлвэл боловсролын салбарт өөрийнхөө нөлөөг гаргах гээд явж байна. Би багаасаа онц сурах дуртай хүүхэд байсан, онц сурдаг ч байсан. Эргээд бодоход манай аав, ээж маш их шахдаг байсан. Маш өндөр хүлээлттэй аав, ээжтэй байсан. Гэр бүлийн тэр нөхцөлдөө зовж шантралгүй, надад угаасаа л ийм эцэг, эх заяачихсан юм чинь энэ хүлээлтэд нь хүрэх гэж хичээе гэж бодсон. Хичээх явцдаа онц сурахдаа дуртай болчихсон. Онц сурах гэдэг зүйлийг ойлгочихсон, мэдэрчихсэн болохоор их сургуульд сурахдаа академийн ертөнцөөс маш их үр шимийг хүртсэн. Академийн ертөнц, боловсрол гэдэг ямар чухал, гоё зүйл болохыг олж мэдсэн учраас түүнийгээ эргүүлж түгээмээр байна. Энэ бол одоогийн Ариунзаяагийн хувьд утга учиртай амьдрал. Тав, арван жилийн дараа өөрчлөгдөнө. Утга учиртай зорилго чинь тантай адилхан хувьсаж, өөрчлөгдөж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *