Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
-Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд та бүхэн Хятадын талтай хамтарч “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” формыг зохион байгуулсан. Тэрхүү форумын үр дүнг ерөнхийд нь дүгнэж хэлэхгүй юу. Нааштай олон эерэг нөлөөг авч ирлээ хэмээн Монголын хөрөнгө оруулагчид олзуурхаж байсан?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа айлчилсан айлчлалаас хойш таван жилийн дараа болж байгаа айлчлал. Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа форумд том бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бүх Хятадын худалдааг дэмжих хороо болон МҮХАҮТ хамтарч зохион байгуулсан. Форумд талуудын танхимууд маш өндөр ач холбогдол өгсөн.
Энэ утгаараа бизнес форумын агуулга, цар хүрээ маш өргөн байлаа. Форумд оролцогчид “Өмнө нь байгаагүй өндөр хэмжээний ач холбогдол, үр дүнтэй арга хэмжээ боллоо” гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хүнс, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын гол компаниуд оролцсон. Арга хэмжээний үеэр 2.8 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ зурагдлаа. Манай экспортын гол худалдан авагч бол БНХАУ. Мөн дэлхийн хоёр дахь том зах зээл БНХАУ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тиймээс дээр хэлсэн гол салбарт бодит хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хятадууд хүсч байна. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл бид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, хууль эрх зүйн орчин нь тогтвортой бус, төрийн шийдвэр нь ойлгомжгүй, уялдаа холбоогүй, хөрөнгө оруулагчаа хохироодог байдалд хятадууд нилээд болгоомжилж байна. Тэд энэ асуудлаа та нар өөрсдөө мэдэж байгаа юу гэсэн асуултыг их тавьж байсан.
Ерөнхий сайд форумыг нээж үг хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл буруу зүйл хийсэн бол уучлал хүсье. Цаашид авлига, хүнд суртал, төрийн албаны ойлгомжгүй байдлаа бид алхам тутамдаа засч залруулна” гэсэн нь хөрөнгө оруулагчдад нилээд том итгэл өгсөн, итгэлийг сэргээсэн алхам болсон. Энэ үгэнд хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгч, дахин дахин цохон тэмдэглэж байсан.
Ер нь Хятадын хөрөнгө оруулагчид, төрийн ч хувийн ч том компаниуд, мөн олон улсын компаниуд Монголын эдийн засаг, бизнес, улс төрийн ойлгомжтой байдлыг хүсч байна. Юуг хийж болох нь ойлгомжгүй, мөн юуг хийж болохгүй нь ойлгомжгүй, яг хэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байдаг. Одоо цэгцтэй, тодорхой боллоо гэдэг байдлаар асуудалд хандаж байсан. Нөгөө талаар Олон улс судлаач Д.Баярхүү гуай дүгнэхдээ “Түүхэн айлчлал болж байна. Үүний дараа маш том бүтээн байгуулалт бий болно. Монгол-Хятадын харилцааг эрчимжүүлнэ” гэж дүгнэж байсан. Ковидын дараах дэлхий нийтийн хүндрэл, Орос-Украины дайнтай холбоотой үүсч байгаа геополитикийн нөхцөл байдлын ард дэлхийн хүчний төв зүүн өмнөд Ази, тэр дундаа Хятад руу шилжиж байна. Энэ шилжилтээс монголчууд өгөөж хүртэхийн тулд хамтын ажиллагаа чухал.
-Форумын үеэр хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүч чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь анзаарагдсан. Энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар таатай боломжийг бид бий болгох хэрэгтэй вэ?
-Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь форумд оролцсон. Маш том амбицтай байгууллага л даа. Монгол Улс тус банкны үүсгэн байгуулагч орон шүү дээ. ADB бол илүү япон төвтэй. EBRD бол европ талдаа. Харин Дэлхийн банк илүү Америк төвтэй. Эдгээр банкуудтай өрсөлдөхүйц том амбицтай байгууллага. ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь хэлсэн үгэндээ “Нүүрс болон нүүрстэй холбоотой эрчим хүчний чиглэлд бид хөрөнгө оруулалт огт хийхгүй. Бид ирээдүйд чиглэсэн, инноваци шингээсэн, ногоон хөгжилд анхаарна. Монголын сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, байгаль экологид ээлтэй гүн боловсруулалт, дэд бүтцийн санхүүжилтийг дэмжинэ” гэсэн.
Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц гурван тераватт. Энэ нь одоогийн манай нийт хэрэглээ 1.5 гегаваттаас бараг хоёр мянга дахин их. Үүнээс харахад ямар том нөөц боломж байгаа нь ойлгомжтой. Бид сэргээгдэх эрчим хүчийг өмнө нь Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын хэмжээнд хараад байх шиг байна. Манайд байгаа технологи нь нилээд хоцрогдчихлоо. Бүтээмж муу байна. Түүнчлэн бага хэмжээгээр учраас системд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Технологи асар шинэ болсон байна. Энэ форумд оролцсон Хятадын сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний томоохон компаниуд өөрийн төслийг танилцуулсан. Салхины турбин хоёр мегаватт цахилгаан үйлдвэрлэдэг байсан бол одоо 10 дахин илүү бүтээмжтэй турбинууд бий болчихсон байна. Монголын говийн салхийг ашиглахад л Монгол Улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна Хятад руу экспортлох боломж бүрдэнэ гэж харж байна.
Өнөөдөр бид 1.5 гегаваттыг хэрэглэж байгаа. Үүний 0.5-ыг нь импортоор авч байна. Эрчим хүч импортлогч биш экспортлогч улс болоход хамгийн том боломж нь сэргээгдэх эрчим хүч юм. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэлээ ч худалдаж авах сонирхол байхгүй гэдгээ илэрхийллээ шүү дээ. Тиймээс том нөөц бололцоог, нарны салхины усны сэргээгдэх эрчим хүчийг маш их хэмжээгээр үйлдвэрлэх. Үүнийгээ экспортлогч болох хэрэгтэй байна. Ингэвэл санхүүгийн институциуд үүн дээр хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. энэ нь өөрөө монголчуудын хувьд экспортын маш том гарц гэж харах хэрэгтэй.
-Дэлхийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байгаа энэ үед монголчууд үүнээс өгөөж хүртэхийн тулд нэн тэргүүнд яах ёстой вэ?
-Ази Европыг холбосон транзит тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр дундаа зүүн европи Азийг холбосон. Зөвхөн Орос-Хятадын хооронд дахь худалдаа 200 тэрбум ам.доллар. Тиймээс Монгол нэмүү өртөг, орлого, ажлын байр бий болгосон тээврийн оролцоог бий болгох ёстой. Нөгөө талаар уул уурхайн гүн боловсруулалтыг Монгол Улс хийх ёстой. Өнөөдөр бид анхан юм уу, эсвэл нэгдүгээр шатны боловсруулалт хийж экспортолчихоод байна. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд АМНАТ-ын хуулийг эргэж харах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрчим хүч экспортын маш том боломж. Суурь хөрөнгө оруулалтыг хийчихвэл Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгож Азийн супер сүлжээнд холбож экспортлох боломж байна. Гуравдугаарт, аялал жуулчлал. Экспортыг дэмждэг том тулгуур салбар бол аялал жуулчлал. Үүний хамгийн ойр цэг бол Ази, зүүн өмнөд Ази. Аялал жуулчлалыг дагаж тухайн улсын маш олон үйлчилгээний салбар, тухайн улсын онцлог бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаа нэмэгддэг. Үүний тулд хөрөнгө оруулалтууд бий болж байдаг. ингэхийн тулд нөгөө л тээвэр логистикийн асуудал чухал. Агаарын болон газрын тээврээ илүү хялбаршуулж, сайн болгох ёстой. Өнөөдөр Замын-Үүд боомт зорчигч тээврийн ачаалал авч чадахааргүй байна лээ. Эндээс эхлээд бид асуудлаа цэгцэлж шинэ түвшинд хөгжүүлэх ёстой. Хятадаас агаарын тээврээр ирье гээд нислэгийн тийз олдохгүй байна. Эрэлт байхад яагаад урсгалаа нээж чадахгүй байна. Энэ мэтээр шийдэх асуудал их байна. Дараагийн том салбар нь Монголын органик хүнсийг боловсруулалт хийж экспортлох. Энэ бүгдийг бид дангаараа хийнэ гэж байхгүй. Хамтрах ёстой. Тиймээс түншээ зөв ойлгох хэрэгтэй. Бизнес хөрөнгө оруулалт гэдэг бол харилцан ашигтай байх тухай ярина. Манай өмнөх үе хөрөнгө оруулагчдыг хохироодог, дээрэмддэг, луйварддаг, зальддаг байсан бол бид шинэ орчинд ил тод, шударга бизнес хийх ёстой. Хариуцлагатай, ил тод, нээлттэй, төр засаг нь хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдах гэж байгаа. Энэ бол чухал, дэмжих ёстой. Ингэж байж Монголын эдийн засаг тэлнэ. Бидэнд өөр сонголт байхгүй.
-Манай мөнхийн хоёр хөрш орны худалдааны тариф маш өндөр байдаг. Саяны форумаар тарифын асуудал хөндөгдсөн үү?
-Саяхан гурван улсын Танхимуудын дээд чуулган болсон. Энэ үеэр тарифын асуудлыг хөндсөн. Оросын талын худалдааны танхим үүнд онцгой анхаарч ажиллая гэж хэлсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы өмнөхөн Москвад айлчлахдаа хөндсөн. Энэ удаад энэ яриа харьцангуй нааштай байгаа. Хятадын талд ч энэ асуудлыг хөндсөн.
Ази Номхон далайн худалдааны хэлэлцээр гэж байдаг. Бид үүнд элсэж орсон. Үүгээр дамжуулж тарифыг тодорхой түвшинд хөнгөлж байгаа. Цаашид чөлөөт худалдааны хэлцлийн тухай бид ярих ёстой. Ер нь манай экспортын худалдааны баланс эерэг байдаг ганц улс нь Хятад. Энэ утгаараа авч болох бүх зүйлээ авч байгаа. Тиймээс үүнд болгоомжлох зүйл байхгүй. Хятад руу өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнсийг экспортлоход илүү хялбар болно. Ер нь татвар гэхээсээ илүү Хятадын зах зээл, тэдний эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүнээ бүрэн зарах ёстой. Жишээлбэл, дэлхий дахинд Хятадын махны хэрэглээ хамгийн их өсч байгаа. Тэр дундаа хонь, үхрийн махыг маш ихээр сонирхдог. Бид үүнийг ашиглаж махан бүтээгдэхүүнээ сайн борлуулж чадахгүй байна. Хоорондоо ямар ч нэгдсэн уялдаа холбоо алга. Салбарын ч, компанийн ч, төрийн ч уялдаа холбоо алга. Тиймээс илүү цахимжуулах, хялбаршуулах хууль дүрмийг мөрддөг байх хэрэгтэй байна. ХХААХҮ-ийн яамнаас лиценз өгдөг. Тэрийг нь цөөн хэдэн компани авдаг. Тэрхүү лицензээ дамжуулан зардаг асуудал бий. Өөрсдөө 10 мянган тонны эрх авчихвал таван мянган тонныг нь шаглаад зарчихдаг. Энд чанар, стандартын асуудал үүсдэг. Энэ нь яваандаа бидэнд сөрөг нөлөө үзүүлнэ үү гэхээс ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй. Танхим үүнийг санаачилж “Эрхээ бидэнд өгөөч. Тэгвэл илүү зөв зохион байгуулъя” гэж байгаа. 100 мянган тонн мах экспортолмоор байна. Экспортын гол цэг Хятад байна. Бид 70-80 сая малтай гээд л байдаг. Гэтэл арилжааны биш байна шүү дээ. Бид дотооддоо ес орчим сая малыг хэрэглэнэ. Цаана нь 15-20 сая малыг эргэлтэд оруулж болно. Ер нь экспортыг зохион байгуулалттай, тодорхой дүрэмтэй хийдэг. Ингэж чадвал бид илүү ихийг олох боломжтой. Уул уурхайн бус салбараас хамгийн богино хугацаанд хамгийн их орлого олох боломжтой бүтээгдэхүүн бол мах. Брэнд хийх, маркетингийн зардал гаргах шаардлагагүй. Бид стандартаа барьж тоглоомын дүрмээ зөв тодорхойлоод уялдаа холбоотой нэгдмэл ажиллавал болчихно. Энэ мэтээр салбар салбараар асуудлаа ярих ёстой. Аль нэг компани дангаараа үүнийг хөөцөлдөнө гэвэл богино хугацааны тоглолт болчихоод байгаа юм.