Categories
мэдээ цаг-үе

О.Адъяа: Америк, Хятадын худалдааны хурцадмал байдал манай хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт боломж олгож байна

Монгол дахь Америкийн худалдааны танхим өнгөрсөн баасан гаригт 2018 оны тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлаж, байгууллагын цаашдын зорилго, тэргүүлэх чиглэлээ тодорхойлов. Энэ үеэр Америк, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.


-Энэ онд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

-Энэ оны эхний хагас жилд Америкийн зүгээс Монголын тал дээр ямар бодлого явуулж буй нь ойлгомжгүй байсан. Харин хоёр дахь хагас жилд харилцаа эрчимжиж, тодорхой ахиц гарсан. АНУын Конгрессын гишүүд гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл санаачилсан. Энэ хууль батлагдвал оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд тарифгүй гарах юм. Одоогоор тус хууль нь Конгрессоор хэлэлцэгдэх гэж байгаа. Албаны хүмүүсээс сонсоход Америкт хуулийн төсөл санаачилж, батлагдах процесс нь их уддаг юм байна. Санаачлаад хороодоор хэлэлцэгдээд явахад гурван жил зарцуулдаг. Харин энэ Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл харьцангуй хурдан батлагдах магадлалтай. Ойрын өдрүүдэд Америкт сонгууль явагдаад төслийг хэлэлцэх асуудал хойш тавигдсан. Гэхдээ удахгүй эрчимтэй явах байх. Энэ хуулийн төслийг санаачлагч Тэд Йохо тэргүүтэй Америкийн Конгрессын гишүүд өнгөрсөн аравдугаар сард манайд айлчилсан. Айлчлалын үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилсан. Энэ хүрээнд эдийн засаг, бизнесийн чиглэлд ямар ахиц гарав?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Америк дахь айлчлал амжилттай болсон. Бидний зүгээс Ерөнхий сайдын айлчлалын үе дүнд хоёр эерэг зүйлийг харж байна. Нэг нь, Мянганы сорилтын сангаас усны хангамжийг сайжруулах тал дээр 350 сая ам.долларын төсөл орж ирсэн. Бизнесүүдийн хувьд энэ том төслийг дагаад олон тендер зарлагдаж, тодорхой тооны ажлын байр бий болно гэж харж байгаа. Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой өөр нэгэн асуудал нь хоёр улсын Засгийн газрын хооронд Өргөтгөсөн эдийн засгийн хамтын ажиллагааны зураглал гэж гарсан. Энэ нь хоёр орны бизнес, худалдааг яаж өргөжүүлэх вэ гэдэгт ямар ажлуудыг хийх вэ гэдгийг тодорхойлсон.

-Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ онд ямар ажлуудыг хийсэн бэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхим бүх гишүүдээ оролцуулсан хурлаа хийлээ. 2018 оноо эргээд харвал Монгол Улсын хэмжээнд бизнесийн орчинд эерэг үзэгдлүүд гарлаа. Мөн цаашид анхаарах зүйл ч гарсан. Сайн зүйл нь Монгол Улс макро түвшний үзүүлэлтийг олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллагуудаас хэтийн төлөв эерэг гэж үзсэн. Үүнийг Олон улсын валютын сантай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр дүн гэж ойлгож байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга бат сайжирсан, өрийн удирдлагын асуудал шийдэгдсэн. Макро түвшинд гарч буй эдгээр эерэг үзүүлэлтийг микро түвшний компани, бизнес дээр хэрхэн буух вэ гэдэгт анхаарах асуудлууд бий. Төр, засгийн хамтын ажиллагааг сайн үргэлжлүүлсэн. Санхүүгийн салбарт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд холбогдох яамдтай хамтрах болсон. Хамгийн гол нь автомашин, механизмын чиглэлээр Зам, тээвэр хөгжлийн яамтай хамтарсан ажлуудаа хийж эхэлсэн явдал юм. Америкийн худалдааны танхим гэдэг үүднээс тус улстай харилцах тал дээр анхаарсан.

-Бизнесийн орчинг сайжруулахад эрх зүйн орчин ямар байна вэ. Одоогоор хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Танай зүгээс эрх зүйн орчинг ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Татварын багц хуулиудыг манай гишүүн компаниудын зүгээс дэмжиж байгаа. Бидний санхүүгийн тайлагналын асуудлыг энгийн, шуурхай болгох эерэг зүйлүүд энэ хуульд бий. Харин бидний зүгээс асуудал тавьж буй зүйл нь газрын болон уул уурхайн лицензийг шилжүүлэхтэй холбоотой татвар юм. Иймэрхүү татварыг 30 хувь болгох асуудал маань бидний хөрөнгө оруулагчидад сөрөг нөлөө үзүүлнэ. Бас нэг анхаарах зүйл нь удахгүй УИХаар хэлэлцэх гэж буй Валютын зохицуулалтын хуулийн төсөл юм. Энэ хуулиар Монголд хөрөнгө оруулсан, оруулах гэж буй бизнес эрхлэгчид, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн валютын урсгалд хяналт тавих гэсэн нь гаднаас орж ирэх валютын урсгалд саад болох сөрөг нөлөөтэй. Монгол Улс нь Валютын зохицуулалтын тухай хуультай. Энэ хуулийн дагуу Монголбанк өнөөдрийг хүртэл валютын зохицуулалтын үүргээ амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүнээс гадна манай улс банкны хоёр шатлалын тогтолцоотой. Монголбанк нь хяналт, зохицуулалтын үүрэгтэй. Арилжааны банкууд өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа санал болгосон Валютын зохицуулалтын тухай хууль дээр хоёр хувилбар яваад байгаа. Нэг нь М.Оюунчимэг гишүүнийх, нөгөө нь Ерөнхийлөгчийн гаргасан.

-Үүн дээр ямар асуудал байна?

-Монголбанк өөрөө арилжааны банк шиг ажиллах зүйл яваад байгаа юм. Тэгэхээр манайх банкны тогтолцооны асуудлаа эргэж харах болно. Мөн Монголбанк хяналт, зохицуулалт хийх үүрэгтэй байтал Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллага хяналт тавих, хязгаарлалт хийх үүрэгтэй гэж заачихсан. Тэгэхээр төрийн байгууллагын шат дамжлага нэмэгдэх юм. Дээрээс нь томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг Монголбанкин дээр данс нээн байршуулах ёстой болно.

-Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Тодорхой хэмжээний валют Монголд ороод ирлээ гэж бодъё. Тэр мөнгөнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, гүйлгээг нь хаах эрхтэй гэсэн үг. Гарах хаалгыг хаачихвал хүмүүс мөнгө оруулж ирэхээ болино. Нэгэнт ийшээ орсон мөнгө эргэж гарч ирэхгүй гэсэн ойлголт, болгоомжлол хөрөнгө оруулагчдад бий болох учраас манай танхимын гишүүд үүн дээр санаа зовоод байгаа юм. Бид үүн дээр Эдийн засгийн байнгын хороонд албан бичиг хүргүүлсэн. Заалт болгоноор яагаад болохгүй байгаа, бид ямар саналтай байгааг албан бичигт тодорхой заасан. Энэ бол зөвхөн Америкийн худалдааны танхимтай холбоотой юм биш. Монголын банкны холбоо ч бидэнтэй ижил байр суурьтай байгаа. Бид энэ талаар хуулийн төслийн ажлын хэсэгт танилцуулна. Мөн Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгт танилцуулахаар болсон.

-Америк, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ дайн Монголд ямар нөлөөтэй вэ?

-Америк олон орнуудын хамтарсан худалдааны хэлэлцээр гэхээс илүү хоёр улсын хоорондын худалдааны хэлцлийг голчилох болсон. Уг нь Америк, Канад, Мексик гэсэн бүсийн гэрээг задлах маягтай байна. Америк-Канад, АмерикМексик гэсэн гэрээ хийх юм. Зүүн Өмнөд Азийн ТрансНомхон далайн түншлэлийн гэрээнээс Америк гарчихсан. Ингэхдээ 10 гаруй орон бөөнөөрөө ажиллахаас илүү тус тусад нь хамтран ажиллах сонирхолтой байгаа нь ажиглагдсан. Нөгөө талаасаа Хятадтай үүсгээд буй худалдааны хурцадмал байдал нь Монголд тодорхой хэмжээний боломж олгож байна гэж болно. Дээр хэлсэн Америкийн Конгрессын гишүүд Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл санаачилсан нь хоёр талын худалдааны чиглэлийг баримтлах болсонтой холбоотой. Мөн ноолуурын зах зээлийн томоохон тоглогч болох Хятадтай зөрчилдөөн үүсгэж байгаа учраас манайхыг дэмжих уг хуулийн төсөл харьцангуй батлагдах магадлал өндөртэй. Учир нь Хятадтай ноолуураар өрсөлдөж байгаа Монголыг дэмжье гэсэн хандлагаар энэ хуулийн төсөл дэмжигдэх байх.

-Үүнээс өөр боломжууд бий юу?

-Хөдөө аж ахуйн чиглэлд ноолуураас гадна мах, цагаан идээний чиглэлээр боломж нээгдэж байна. Махны хувьд нэлээд эрчимтэй явж байна. Цагаан идээний хувьд Маку ХХК-ийн үйлдвэрлэсэн бяслагууд дотоодын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд зарагддаг. Энэ монгол бяслагийг хоёр хөрш рүүгээ гаргах сонирхолтой байгаа. Цагаан идээний чиглэлээр хоёр хөрштэй хийсэн худалдааны хэлэлцээр байдаггүй. Тиймээс энэ асуудлаар холбогдох яамдтай холбогдсон. Үүнээс гадна эрчим хүчний чиглэлээр боломж нээгдэнэ. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, нар, салхинаас эрчим хүчний нөөцөө ашиглах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчээ экспортлох боломжтой гэж харж байна. Өнгөрсөн аравдугаар сард Америкийн таван компанийн бизнес төлөөлөгчид манайд айлчилсан. Эдгээр нь хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм. Манай гишүүн компаниудтай ямар боломж, сорилтууд байгааг ярилцсан. Бид ирэх оны намар иймэрхүү төрлийн айлчлалыг Монголд зохион байгуулах болно. Уулзалтын чиглэлийг франчайзинг, эрчим хүчний чиглэлээр байж болох юм гэж үзсэн. Энэ хоёр чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломж их байна. Зах зээл бага, хүн ам цөөн гэсэн шалтгаанаар Америкийн хөрөнгө оруулагчид тийм амархан манайд орж ирдэггүй. Гэхдээ бид төрийн шугам болон бизнесбизнес гэсэн чиглэлээр Монгол Улсыг таниулах ажлыг хийж байна.

-Америкийн хөрөнгө оруулагчдыг татахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид тоглоомын дүрэм тодорхой байхыг л хүсдэг. Хамгийн төгс хувилбар биш ч гэсэн өмнөх Засгийн газрын бодлогыг дараагийнх нь үргэлжлүүлдэг залгамж чанартай байхыг л шаарддаг. Төрийн савлагаатай бодлого нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс тогтвортой, тууштай бодлого хэрэгтэй. Ийм тогтворгүй байдал нь бизнес эрхлэгчдийн цаг зав, хөрөнгийг бардаг.

-Ирэх онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ. Танхимынхаа цаашдын чиглэлийг танилцуулахгүй юу?

-Уул уурхай, санхүүгийн зах зээл, хөдөө аж ахуй, автомашин, механизм гэсэн дөрвөн чиглэлээр төрийн байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ Америктай бизнес харилцаагаа өргөжүүлье гэж бодож байгаа. Манайхаас жил бүр Америк руу бизнес айлчлал зохион байгуулдаг. Ингэхдээ Вашингтонд очиж, төрийн байгууллага, Конгрессын гишүүдтэй уулзаж манай улс жижиг хэдий ч эдийн засаг, бизнесийн боломж байгаа шүү гэдгийг ухуулан сурталчилдаг. Нөгөө талаасаа манай танхимын гишүүд прагматик бодлогын онолыг баримталдаг. Америкийн Конгрессын гишүүнтэй уулзах нь нэг талын асуудал. Нөгөө талаасаа Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүд маань бизнесбизнес гэсэн уулзалт хийх хүсэлтэй байдаг. Франчайзинг экспо ч юм уу, томоохон экспог үзэж, тэр хүрээнд уулзалт хиймээр байна гэдэг. Энэ утгаараа ирэх онд бизнесбизнес гэсэн айлчлалыг хийхээр санал тавьсан.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *