Увс аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс нуур болон Хяргас нуурын эргээр морьтой эргүүл ажиллуулж эхэлжээ. Нуурт ойрхон сумдын холбогдох байгууллагын албан хаагчдыг байнгын эргүүлээр ажиллуулахаар болсон байна. Гол мөрөн, нуур ус элбэгтэй Увс аймгийн ард иргэд зуны дэлгэр цаг ирсэнтэй холбогдуулан агаарт гарч амарч зугаалах, архидан согтуурах явдал ихэсчээ. Хууль сахиулах байгууллагууд нойр хоолоо хасан эрчимтэй ажиллаж байгаа ч иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгаа юм. Усны түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ эгзэгтэй үед иргэд аль болох нуурт орохгүй байх, зайлшгүй тохиолдол гарахад гүн рүү нь орохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн газраас иргэддээ анхааруулжээ.