Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсний сонсгол “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар өнөөдөр эхэлж, дөрөв хоног үргэлжилнэ DNN.mn

Өнөөдөр нүүрсний сонсгол албан ёсоор эхэлнэ. Хамгийн эхлээд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-тай холбоотой асуудлыг нүүрсний сонсголоор хэлэлцэх юм. Тус асуудлыг сонсголын хүрээнд дөрвөн хоног үргэлжлүүлэн явуулахаар байгаа. УИХ-аас байгуулагдсан нүүрсний асуудлыг судлах хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр эл сонсголоор “Таван толгой” компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно гэдгээ мэдэгдсэн. Нийт 62 хүнийг гэрчээр дуудсаны олонх нь Ардчилсан намын угшилтай улстөрчид багтаад буй. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголоор эхлээд Ардчилсан намын угшилтай улс төрчдийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эхлээд манай намын угшилтай улс төрчтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол уг сонсголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Юутай ч өнөөдөр сонсгол болно. Нөгөөтэйгүүр Засгийн газар орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан ч удалгүй буцаан татсан. Учир нь, “Таван толгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил газар руу хилийн зурвас хэтэрч олборлолт хийсэн гэдэг маргаан нь хуулийн байгууллагаар шалгагдаж, төлбөр барагдуулах ажил дуусах шатандаа орсон байсан тул Засгийн газраас томилогдсон БЭТ-д хийх ажил байгаагүй гэж хэлж болно. Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний сонсголыг өнөөдөр эхлүүлэх бол хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо байгуулагдсан. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Энэ удаагийн сонсголд ажиллах шинжээчид өмнөх Ажлын хэсгийн шинжээчдийн дүгнэлттэй танилцсан эсэх талаар асуухад Түр хорооны дарга Б.Энхбаяр, өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал байгаа ч гарын үсгээр баталгаажаагүй. Улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн. Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас хоёр хүн, Монголбанкнаас дөрвөн хүн оролцуулах саналтай байна. Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн байгаа. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас авч ажиллуулна гэсэн юм.

Э.ТҮВШИН

2 replies on “Нүүрсний сонсгол “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар өнөөдөр эхэлж, дөрөв хоног үргэлжилнэ DNN.mn”

яахаараа нийт ард түмний өмч 1 хүний, 1 аймгийн өмч болчихоод 1 амьтныг баяжуулаад байдаг юм бэ ??? Ер нь Энэ Монголд чинь
толгой байна уу?

Нүүрсний сонсголоор давхар тээврийн компаниуд Хятадын хөрөнгө оруулалттай Дайлангийн Хишиг Тээвэр ХХК өмнөх хуучин нэр нь Тэнгри Транс энэ компани УИХ-ын гишүүн Адъяасүрэнтэй холбоотой Өмнөговь аймагт Цогтцэций Ханбогд суманд том газруудтай энэ газруудыг Цогтцэций Ханбогд сумын засаг дарга газрын албад оролцсон зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй монгол улсын газар ард түмний өмч.Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын газар нутаг хятадын хөрөнгө оруулалттай компаниуд эзэлчихсэн энэ аймагт онц байдал тогтооход болохгүй юм байхгүй Авилгатай Тэмцэх газар ажлаа хиймээр байнаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *