Нүүрсний эрэлт сар шинийн өмнө суларсантай холбоотойгоор экспорт буурчээ. Мөн нүүрсний борлуулалт төлөвлөгөөнийхөө тал хувьтай тэнцсэн байна. Ашигт малтмалын газрын мэдээллээр нэгдүгээр сард нүүрс олборлогчид 1.9 сая тонн нүүрс борлуулснаас 1.1 саяыг нь экспортод гаргажээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад борлуулалт 3.4 хувь харин экспорт 12.5 хувиар буурсан байна.
Энэ оны эхний сарын байдлаар экспортын хэмжээ төлөвлөгөөнийхөө 37.3 хувьтай тэнцэж байгаа бол дотоодын борлуулалт 95.6 хувьтай тэнцүү байна. Экспортлогч компаниудын хувьд “Эрдэнэс Таван Толгой” цанхийн баруун хэсгээс 400 мянган тонн, “МАК” компани 237 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн экспортолсон нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна.