Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүдэлчний хараал

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


НЭГ. ШИНЭ МАЯГИЙН “ХҮҮР”

-Хаана суралцсанаа ойлгохгүй явсаар баахан юм мэдээд авчихсан гэвэл хүмүүс гайхаж таарна. Гэтэл, хэлбэр нь огт ойлгогдоогүй атлаа, агуулга нь мэдрэгдээд байдаг зүйлс амьдралд бишгүй тааралдах аж.

Ийм юмны нэг нь манай сургуулийн хаяг байв. Ер нь бол учрыг нь олоогүй явсаар төгссөн гэхэд болно. Хаягийг нь ухаараагүй явдал тэнд заасан зүйлсийг ойлгоход огт садаа болсонгүй нь сонин.

Мөнөөх ойлгомжгүй хаягтай газарт найман жил болохдоо олон юмыг хэвийн ойлгож чадаад байсныг нотолсон “Бүрэн бус дунд боловролын гэрчилгээ” хүртэл надад бий. Сургуулийнхаа хаягийг бүрэн ухаараагүй надад болон миний өрөөсөн дугуйнуудад олгосон тэр сертификатад, БНМАУ-ын Ардын боловсролын Яамны нэрийн өмнөөс манай сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нар гарын үсгээ итгэлтэйгээр зурсан байдаг.

Гэрчилгээний “Бүрэн бус” гэдэг тодотгол нь сургуулийнхаа хаягийг бүрэн ойлгоогүйг тэмдэглэсэн хэрэг биш бөгөөд 10 жилийн шатлалтай сургуулийн 8 дугаар ангийг төгссөнийг заах аж. Дотор нь математик, физик, утга зохиол, хэл бичиг зэрэг ерөнхий эрдмийг зохих хэмжээнд заалгаж шалгуулсан дүнг жагсаасны дотор сургуулийн хаягтай холбоотой зүйл огт үгүй.

Манай хаяг дээр “Шүлүүстэй сумын хөдөлмөр-политехникийн найман жилийн дунд сургууль” гэсэн бичиг байх. Амьдардаг сумаа мэдээд, сургууль гэдгийг нь ойлгоод, найман жилийг нь багцаалаад байв ч “хөдөлмөр”, “политехник” хоёр дээр очоод гацчихсан.

Боловсролын Яам, энэ этгээд сургуулийнхаа хаягийг ойлгоогүй явдал нь цаашдаа суралцахад саад болохгүй, улмаар бүрэн дунд, дээд боловсрол эзэмшихэд харшлахгүй гэж үзсэн учраас намайг аймгийн төвийн бүрэн дунд сургууль руу илгээв.

Олон жилийн хойно мэдэх нь ээ БНМАУ-д ХХ зууны далаад оноос ирээдүйн коммунист нийгэмд амьдрах өв тэгш хүнийг бэлдэж эхэлсэн юм билээ. Марксын онол ёсоор ирээдүйн коммунист нийгмийн гишүүн нь “өдөр банз харуулдан гампанз хийгээд, орой харьмагцаа театрын шүүмж бичих” хэмжээний боловсрол чадамжтай “Сарваахь-мужаан” байх аж. Монголчууд олон авьяастай хүнийг “арван (гарын) хуруу тэгш” гэж хэлдэг бол Марксын мөрөөдсөн тэр хүн “Хорин(хөлөө нэмээд) хуруу тэгш” болох учиртай ажгуу. ( Зөвлөлтийн шогч И.Ильф, Е.Петров нар “12 сандал” бүтээлдээ “Дунд боловсролтой Слесарь-сэхээтэн” хэмээх нэршлээр энэ үзэл санааг битүү егөөдсөн нь буй)

Хожим мэдэх нь ээ, бидний үеийнхэн тэрхүү “хөдөлмөрчин бөгөөд политехникчин” хүний болох туршилтад аль хэдийнэ орчихсон явжээ. Тэр нь юу гэхээр, хөвүүд, охидыг ялгаад ордог “Дархан мужаан”, “Гэр ахуйн” хичээлүүд үүний баталгаа аж.

Банз харуулдах, сандал хийх цаашаа ахисаар төмөр зорох хичээл орно. Охид нь юм оёх, хоол хийхийг хэлээд заалгана. Гоёор төсөөлөхөд: биднүүс өдөр нь дээд сургуульд дээд тооны лекц уншихаад, орой суурь машин дээр боолт зордог хүн болно гэсэн үг. Эсвэл урвуугаараа, өдөржин банз харуулдаж сандал хийчихээд, шөнө хагаслан тоо бодож, Фермагийн их теоромыг батлах жишээний нэгэн болох нигууртай байх жишээний. Харин зөвхөн сайхан зордог, эсвэл тоо бодохоос өөр чадамжгүй бол коммунизмд амьдарч чадахгүй, айн?

Бяцхан дизель станц асааж, өвлийн улиралд 18.00-23.59 цагийн хооронд тог өгдөг газрын сургуульд хүртэл суурь машин, зоомол цахилгаан өрөм байгааг бодоход биднийг “өвтэгш” хүн болгохоор их л шургуу бэлдэж байж.

Ямар ч байсан бид “өвтэгш хүн” болох бэлтгэл ажлыг хүрээнд олон зуун гурилын элдүүр, гампанз, мах татдаг мод хийсэн. Дарханы хичээл дээр заазуур их урласан. Бусад олон сургууль ч бас хийлгэсэн гээд бодохоор тухайн үеийн БНМАУ-ын бүх малыг (тэр үед 24 сая толгой мал байсан) нэг дор төхөөрлөө гэж бодоход гампанз, заазуураар л лав дутахааргүй байж.

Хүүхэд бүхэн үүнийг чадахгүй тул манай сумын гарын дүйтэй гэгдэх Далх гуай, Гүрцог гуай, Сандаг ах зэрэг хүмүүс “өвтөгш” болох найдвар муутайчуудын эцэг эхийн гуйлгад дараастай. Багш нар хараад л “Энэ ч Сандаг гуайн хийц”, “тэр сандал бол Гүрцог гуайн гараас гарч” гэдгийг мэдэх боловч хэн нэгэн сурагч Цогтгэрэл, Мягмаржав, Сэр-Од нарыг гэрийн даалгавраа сайн хийсэнд эргэлзээгүй тооцно. Бидэнтэй хамт манай сум тэр аяараа суралцаж байсан гэсэн ч болмоор.

Харин аймгийн төвийн сургуульд шилжиж ирээд өвтэгш болох шалгуур бүр хүндэрснийг харав. Сурагчдад алх хийх даалгавар өгөөд, авто засварын заводын токарьч ах нарыг царайчилж явснаа л сананам.

Хачирхалтай нэг юм гэвэл, хичээлдээ тааруухан хүүхдүүд дархан мужааны хичээлд авьяастай биш юм гэхэд мэрийлттэй нь ажиглагдах. Болдогсон бол манай болоод хөрш ангийн зарим нөхдийг анги улируулан зовоож, байн байн самбарт дуудан тэртэй тэргүй ойлгоогүй өдий хүрсэн юмыг асууж эрүүдэхээ болимоор. Оронд нь дуртай мужаан, зүтгэлтэй дархны чиглэлээр явуулбал сургууль ч яс амраад, тэд ч нуруу нь тэниймээр.

Багшийн дэргэд очоод шалгуулж байгаа тэднийг харахад, хэзээ ч хийгээгүй хэрэг тулгагдсан гэмгүй сэжигтнээс ч нажидтай, бас өрөвдөлтэй. Хилс хэрэгт унаж байгаа этгээдэд бол байцаагчийн хэлсэн болгоныг л зөвшөөрөөд байхад хурдан нэг талдаа багтана. Гэтэл сурлага муутай гэмтнээс багш

-Устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомтой нэгдээд ус болсон гээд л хүлээчих! Тэгэх үү? гэхчлэн хэзээ ч асуухгүй.

Хичээл тарангуут л баяр хөөр цацарсан жирийн хүүхэд болон дэгэж дэрвэж оддог тэднийг ихэд өрөвдөнө. Анги танхимд орж ирэнгүүтээ хэзээ ч хийгээгүй гэмт хэргийнхээ буруутан маягтай байцаагдан, самбарын өмнө шүүгдэхийг харах харин ч амаргүй.

Тэдний зарим үнэхээр шүүх, цагдан сэргийлэх байгууллагын байнгын үйлчлүүлэгч болж хувирах. Амьдрал угаасаа шүүх мэт санагдаад сурах, шүүгдэх ялгаагүй санагдсанаас ч тэгдэг байсан юм бил үү, хэн мэдлээ.

Би ч тэднээс дээрдээд байх юмгүй, хичээлдээ боломжийн авч “өвтөгш” болох найдлага багатайн тоонд орно. Миний хийсэн гампанзан дээр, урласан ганжингаар маань гурил элдвэл Сальвадор Дали-гийнх шиг бүтээл гарч мэдэхээс биш, ахуйн хэрэглээний элдсэн гурил хүлээгээд нэмэргүй. Үнэхээр, “далий” бүтээл туурвисан байлаа ч Социалист реализм хэмээх урлахуйн ганц арга зөвшөөрөгддөг нийгэмд тэрний нэмэр гэж үгүй.

Нөгөөдүүлээсээ азтай нь миний өмнөөс “өвтөгш” хүний бүтээл хийгээд өгөх хүн олдоно. Харин тэдний өмнөөс самбарт гарах ачтан гэж үгүй. Иймээс, гол төлөв мужааны хичээлд хамт суралцсан Сандаг ахынхаа хойноос маанийн ерөөл айлтгаму.

Харин охидод маань “Гар ахуй” орохоо болиод, нас бие гүйцэхийн хэрд “Үйлчлэх хөдөлмөр” заасан байдаг юм. Юунд үйлчилдэг, тэгээд яадаг хөдөлмөр зааж байсныг бүү мэд, ямар “юм” сурснаа өөрснөө л хэлэх байх даа.

Үүнээс ч аймаар юм бас байх. Биднээр эхэндээ зурам агнуулж байлаа. Зуны даалгавар шүү дээ. Бусад газрын хүүхэд төгсгөсөн ангидаа үзсэн хичээлээ давтан бататгадаг, эсвэл зүгээр л энэ хорвоод сургуульд сурах, самбарт гарч асуугдах гээч юм огт байдаггүй аятай зугаацан цэнгэж зусдаг ч байсан байж магадгүй.

Харин “хөдөлмөр-политехник”-ээр хүмүүж байгаа бид тэгэхгүй. Зун хичээлээ давтахаас гадна амьтан алахад дадлагажина. Ер нь бол, коммунизмд хүрч чадсан “өвтөгш” хүн байлаа гэхэд аг агнуурхнаар л амь зогоох учиртай байсан юм болов уу, гэмээр. Наснаасаа хамаараад нэг сурагч зуны амралтаараа 5-10 зурам агнаж арьсыг нь авчрах даалгаврыг БНМАУ-ын Ардын боловсролын Яамны нэрийн өмнөөс сургуулийн захиргаа бидэнд өгөх.

Ингээд бид зурамны нүхэнд ус цутгаад, гарч ирэнгүүт нь толгойг хага цохих эрдэм сурцгаав. Фашист германы гитлергюндын тусгай сургалт бус аа, ХХ зууны БНМАУ-д болсон явдал. Ахлах ангид оронгуут хонь алуулж эхлэв. Сум-нэгдэлд улсаас өгсөн төлөвлөгөөний дагуу олон зуун мал нядална. Тэр төлөвлөгөөний тодорхой хэсгийг сургуульд хуваарилна. Тэнд бид хулгана зурам мэтийн жижиг амьтан дээр сурсан мэддлэг чадвараа ахиулна.

Сумын бойны газар (орос хэлний бойня гэдэг үг) хэмээх яргын хашаанд хүүхдүүдийн дутуу алж гэдсийг нь цувуулсан хонь, голыг нь таслахын оронд улаан хоолойг нь таслаад тарчлаан бахируулсан ямаа…( Ум мани бадми хум. Хамаг амьтны, бусдын эрхшээлд үйлдсэн хийгээд мунхагийн эрхээр шохоорхон хийсэн хилинц нүглүүд нимгэрэх болтугай)

Дутуу алагдсан тарчилсан малыг томчууд заримдаа гүйцээж өгөх ба ингээгүй тохиолдолд нийлж амыг нь барьсаар бүтээж алдаг байж. Аймшгийг зохиолын хаан гэгдэх Стивен Кингийн туужийн хэсэг бус “өвтөгш хүн” болохоор чармайж яваа БНМАУ-ын хүүхдүүдийн нэг өдөр.

Дотуур байрны нэг өрөөнд амьдардаг Ц.Сэр-Од гэдэг найзтайгаа “анги танхимд сурсан зүйлээ” бататгах хүрээнд айлын идэш хийж үзэв. Нэг богийг нэг төгрөгөөр тооцон төхөөрч, тус бүр 10 гаруй төгрөгтэйгөөр анхны капиталаа хуримтлуулж байтал хэрэг бишидлээ. Ар гэрийнхэн бидний бизнесийн гарааг дуулаад их багагүй л галзуурах дөхсөн юм байх. Муу ээж минь, дуулуутаа л бараг дээлээ солилгүй мордоод ирсэн байж билээ. Үхтлээ загнуулаад, дахиж хэзээ ч амьтны амь тасалж мөнгө олохгүй гэдгээ андгайлснаар анхны “старт-Ап” төсөлдөө цэг тавилаа.

Харин анги танхимд бидэнд хүнлэг үзэл, энхтайванч ёсыг заана. Сургуулийн босго алхмагц “Хүний зүрхийг үгээр дулаацуулна. А.С.Пушкин” гэсэн сэтгэлийн утас хөндсөн мөрүүд биднийг тосох. Тэнд бид дэлхийн сонгодгууд, хүнлэг үзэл санааны туг болсон эрхмүүдийн номлолд боловсрох. Аа бас гараад амьтан алах дадлага хийх. Бусдын төлөө эргэлзээнгүй амиа өгөх, бас бусдыг эргэлзээнгүй алсан ч чадах учиртай байсан юм болов уу “өвтэгш” хүн маань.

Азаар, ямар ч үзэл санааг өнгөц төдий дагаад хэрэггүй болсон газарт нь хаядаг нүүдэлчдийн удам байлаа, бид. Өвлийн дээлээ хаваржаан дээрээ тайлаад явахдаа, зуны тэрлэгээ намаржаанд буугаад далд хийхдээ өчүүхэн ч гайхаж эргэлздэггүй шигээ, “өвтэгш” болгох бүхий л сургалтыг танхимд нь, бойны цэгт нь орхиод бид цаашаа явцгаасан. Бид өвтөгш коммунистад хувиран хүмүүжээгүй, бас террорист ч болоогүй нууц энд л байгаа байх. Сурсан мэдсэн бүхнийг буурин дээрээ хаяад, шинэ өдөр, шинэ цаг агаарт дасахаас өөр аргагүй болгодог хээр мал минь. За энэ ч яах вэ, гол юмандаа орох минь.

…Ахлах ангид орохын хэрээр, бидний “хөдөлмөр ба политехник” сургалтад дэвшил гарч суурь машин дээр юм хийж үзэв. Тэр нь цахилгаан өрмийн машин гэж юу болохыг мэдэх бас түүгээр төмөр өрөмдөж үзэхээс эхэлсэн юм, уг нь.

Гэтэл, манай ангийн Чадраа золиг, өрмийн даралт тохируулдаг гарыг хамаг бяраараа дараад хөдөөгийн бяцхан суманд ирээд байсан технологийн шинэ эрэмбийг хийсгэж орхив. Тасхийн дуугараад тэртээ булан рүү үсрэн одох өрөмний хугархайтай хамт “коммунист өвтөгш хүн” болох найдлага шунгинан нисч одсон хэрэг.

Сайхан ааштай, өвгөн багш маань царай нь хувьсхийн босч ирснээ,

-Эй, яс нь цайрсан хүүрнүүд, яс нь цайрсан хүүрнүүд… яс нь цайсан хүүрнүүд хэмээн харааж гарлаа. Харин “Яс нь цайрах” нигууртай хүүрнүүд нь чив чимээгүй. Тарчигнаж байсан суурь машин ч дуугаа хураав. Нам гүм байдал нь багшийн уурыг улам дүрсхийлгэсэн бололтой, илүү чанга тембрээр “ясан цайсан хүүр”-ээ урсгана.

Ядрах шинж түүнд үгүй. Тэндээс би, монгол хүн хараахаараа харин ч хүч орж байгааг харах шиг санагдсан. Төө хэрийн урттай тэр өрөм, багшид төдийгүй манай сумын хэмжээгээр ганцхан байсан эд байхаа, тэгж их харамсаж байгааг бодоход.

Багш маань, ганц өгүүлбэрээс бүрдсэн ч үл дуусах, үл дундрах хараалынхаа чөлөөгөөр,

-Зайлцгаа… гэдэг сул үг оруулангуут үүнийг л хүлээж байсан мэт бид дэрхийн гараад “яс нь цайхаар” одлоо. Багшийн уншлага, хөвөн зулж хавсан даалимбан давхаргатай хаалганы цаана бүдэгрэн үлдэв.

Яс нь цайран үлдэх, амьд бие нь хүүр болох тухайд бидний хэн ч гомдсонгүй. “Хүүр” гэдэг бол бидний өдөр тутам сонсдог, хэлдэг үг байв. Миний найз өвгөчүүдийн нэг, цагтаа чойрын номд умбаж лам явсан Дэмбэрэлсүрэн гуай маань хүртэл багачууд биднийг хурга тугал нийлүүлсний төлөө “Улаан хүүр”-ээр нь өдөржин цоллоод, орой нь сан тавьж, ариулж, өхөөрдөн ерөөж өгөх нь олонтаа.

Хүүр бол хараал гэхээсээ илүү ерийн уулга алдалт, хүч нэмэгдүүлэх сул үг төдий болсон хэллэг. Хэрвээ “намайг хүүр гэж хараалаа” гэсэн гомдол гаргавал “Эрүүл байна уу, хүүр минь”гэсэн хариу ч сонсож мэднэ.

-Би гэдэг хүүр, ингээд хө

-Ямар хөөрхөн хүүр вэ, тиим ээ гэсэн, хараал зүхлийн өчүүхэн ч амьсгалгүй, харин ч эелдэг дотно хүүрнэлийг сонсож болно. (Хүүр, хүүрнэл хоёр нэг язгуургүй гэж найдъя)

Ийм болохоор багшдаа хараалгаж зогссон бид юун гомдох вэ, харин ч “Хүүр”-ийн цоо шинэ, сонирхолтой хувилбар сонссондоо харин ч олзуурхав.

Хэрвээ, манай сургууль үнэхээр л хаяг дээрх шигээ, биднийг “хөдөлмөрчин-политехникчин” хүн болгож чадлаа гэхэд “хүүр”-нээс нь бол салгаж дийлэлгүй үлдээх байсанд итгэсээр явдаг.

Харин ч, монгол хэлний хүндэт үгийн тоонд орж, “Маркс хүүр хэлэхдээ” “Хайрт хүүр МАХН, мандтугай”, “Орон бүхний хүүрнүүд ээ, нэгдэгтүн”(уг эх:Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн) болох ч байсан юм бил үү? Өнөө, Халхад дэлгэрсэн Шарын шашныхан овоо тахих бөөгийн зан үйлийг хориглож барахаа болиод, ламаар тахиулдаг болгож үлдээсэн шиг.

Ингэхэд яагаад “Хүүр” гэдэг үг бидний аманд хоногшин, хэлэгдсэн байдлаараа “Ум мани бадми хум”-ын араас дугаарлах болов?

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *