Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.
Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн аль манах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “нүүдэлчид ба хууль цааз” хэсгээс толилуулж байна.
МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРАВ ХОНОГ
Монголчууд Чингис хааны тогтоосон “Их засаг” хууль, халх журам, ер нь хууль цаазын уламжлалаараа их бахархдаг. Их гүрнийг байгуулан, дэлхий дахины дэг журмыг тогтоож явсан монголчуудад л бахархах хууль цааз байхгүй бол өөр хэнд байхсан билээ. Гэхдээ монголчуудын уламжлалт амьдралын хэвшил ба хууль цаазанд хандах хандлага өвөрмөц юм.
Хууль журам бол хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулдаг утгаараа суурин иргэдийн аж төрөх урлагийн нэг хэсэг бөлгөө. Гэхдээ энэ нь нүүдэлчид хууль дүрмээс гадуур амьдардаг гэсэн үг биш. Нүүдэлчдийн хууль цааз нь малын хулгай, гэнэтийн олз ашгийг хуваах, гэр бүл, нутаг бэлчээрийн хил хязгаарыг ойлголцох гэхчлэнгийн чамгүй олон салбарыг зохицуулах боловч хамрах хүрээгээрээ суурин иргэдийнхийг гүйцэх боломжгүй. Олон асуудлыг орхин нүүх, оргох замаар шийдэх учраас зохицуулах шаардлага бага. Эзнийхээ араанд зуугдаад ирэх юм уу, хулгай зэлгийн хэрэг баригдах шинж гармагц оргон зайлчихна. Оргон зайлалт, нүүдэл хоёр ялгаа бага учраас амьдралд дарамт учруулахгүй.
Ийм учраас оргон зайлж чадаагүй баригдсан этгээдийг аль болох хурдан яллаж, түүнийг нь эдлүүлэх учиртай. Тэгэхгүй бол нэг л өглөө оргоод шүүхээс зугтааж, ял завшина. Ийм учраас гэмт этгээд баригдсан алтан боломжийг ашиглан шүүж, оргохоос нь өмнө ялыг эдлүүлж амжих нь шударга хууль цаазын амин чухал хэрэгцээ байв. Ингээд банздаж шаахайдан газар дээр нь ялыг эдлүүлээд, бие махбодийн тарчлаанаас залхаж, хүмүүжсэн байгаасай хэмээн тэнгэрт залбираад хээр талд нь дураар нь одуулахаас өөр замгүй ажээ. Монголчуудын нэгэн адил гөрөөчин нүүдэлчин Зөрчид угсаатны байгуулсан Манж Чин гүрний есөн эрүү зэрэг залхаалтын арга Монголд маш сайн идээшин хэрэгжсэн байна. Түүгээр ч барахгүй Манжийн хааны “Шинэ засгийн бодлого” хэмээх Хятадыг өрнөдчилөх бодлогыг эсэргүүцэн заалдсан монгол ноёдын бичигт, эрүү шүүлтийг халснаас болоод хулгай худлыг гэсгээх аргагүй болсон тухай гомдол ч байдаг.
Нөгөөтэйгүүр хүн юм хойно аятайхан шорон баривал ч барих боловч нүүдэлчин амьдралаа яалтай билээ? Шоронгоо манаад нүүхгүй үлдвэл мал нь бэлчээргүй болж хэцүүднэ. Шорон барьчихаад түүнийгээ ачаалаад нүүгээд байна гэвэл бөөн түвэг. Чухам энэ байдал “Монголын нууц товчоо”-нд тодорхой гарна. Тэмүүжин хөвүүнийг олзлон ирсэн тайчууд хорих шоронгүйн эрхэнд айл айлаар хэсүүлэн, хадгалуулдаг. Нүүдэлчдийн гэр амьдрах орчин, зочид буудал, тэр ч бүү хэл шоронг хүртэл орлох ажгуу. Нүүдэлчдэд шүүх хурлыг алгуурлах, зохих ялыг эдлүүлэхгүй хүлээх нь хичнээн хортой болохыг нотолж Тэмүүжин ч оргон зайлж чадсан бөлгөө.
Ийм учраас “Монголын хууль гурав хоног” хэмээх зүйр үг гарсан бололтой. Юуны өмнө, хуулиар яллах, гэсгээх ажлыг нь “гурав хоног”-т л амжиж хийхгүй бол шударга ёсыг сахиулах ажил талаар болно гэсэн утгаар. Бас үргэлж нүүж сууж, нөхөр дайсан солигдож, нөхцөл байдал хувирч байдаг нөхцөлд хэлэлцсэн тогтоосон ямар ч журам богино настай байдаг гэдэг утгаар.
Жинхэнэ утгаараа иргэн суурьшсан амьдралд шилжсэн монголчууд ХХ зуунд хэд хэдэн Үндсэн хууль батлан мөрдсөн юм. БНМАУ нь нүүдэлчид анх удаагаа иргэншсэн ертөнцийн хууль дүрмийн агуулгаар амьдарсан явдал байв. Гэвч энэ тогтоц нь коммунист дэглэм байснаас болоод нийтэд зориулсан хуулийг эрх баригчдын тогтоол шийдвэр дарангуйлдаг гажиг тогтолцоо байв. Иймээс 1911 оноос эхэлж, 1921 оны хувьсгалаар дамжин үргэлжилсэн иргэнших процесс нь монголчуудыг хуулийн дор амьдрах олигтой сургууль болж чадаагүй юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар монголчууд ардчилсан үндсэн хууль болон түүний агуулгын хүрээнд олон арван хууль шинээр баталж мөрдөж эхлэв. Монгол оронд ардчилсан түгээмэл хууль тогтоомжийг гаргах, нийтээрээ ерөөсөө хууль мөрдөж сурах хоёр процесс зэрэгцэн алхам алхмаар урагшилж байна.
Социалист тогтоц нь хууль цаазыг нийтээр тэгш дагах зарчим гэхээсээ илүүтэй ард түмнийхээ тусын тулд намтөрөөс үйлдсэн бурханы судар сургааль маягийн зүйл болгон сурталчилна. Намын тогтоол шийдвэр, удирдагчийн заавар зэрэг нь үргэлж хууль тогтоомжийг дарангуйлах хүчтэй тул нийтээрээ түүнийг бэлгэ тэмдгийн утгаар ойлгох нь элбэг. Жишээлэхэд, БНМАУ-ын үндсэн хууль ёсоор иргэд шашин шүтэх эрхтэй боловч нам эвлэлийн гишүүдэд хатуу хориотой, өндөр настнуудын шүтлэг нь чанд хяналттай байсан юм. Мөн иргэдийн хөдөлмөрлөх эрх гэдэг их сонин. Бүхий л насанд хүрсэн этгээд заавал нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх үүрэгтэй, ингээгүй бол “нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн” заалтаар шийтгэл хүлээдэг байсан.
ХУУЛИАР НААДАХ УРЛАГ
Монголчуудад нийтлэг байдаг нэгэн хандлага бол хуулийг боломжоороо сөрөх, түүний нүх сүвийг ашиглан гарц олох эрмэлзэл юм. Баабар, энэ хандлагыг сүүлийн гурван зууны турш гадаад гүрний эрхшээлд байсны ул мөр, хөндлөнгийн улсын дарамтыг сөрөх эрмэлзэл хэмээн тайлбарласан байдаг.
Манжийн үед Гадаад Монголд Чин гүрний цааз бус өөрийнх нь хууль журам мөрдөгдөж байсан ч гэсэн төрийн тулгаж байгаа дэг болохынхоо хувьд монголчуудад таагүй мэдрэмж төрүүлж байжээ. Хуулиас бултах, түүнийг боломжоороо хохироох нь бодлогоо тулгагч Манж нарын төрийг эсэргүүцэх хэлбэр аж. Монголчууд малын хулгайд маш хатуу ханддаг, “Нууц товчоо”-ны сурвалжуудаас харахад адууны хулгай нь томоохон дайсагналын илэрхийлэл болдог байсан нь мэдэгддэг. Гэтэл Чингийн үеэс малын хулгай хийдэг хүмүүсийн иймэж өөрчлөгдөж, тэднийг сайн эр хэмээн эрхэмлэн, шүтэх болжээ. Сайн эрчүүд мал хулгайлахаасаа илүүтэйгээр баригдалгүй зугтаан хуулийг хохироодог, баригдсан ч хэргээ хүлээлгүй гүрийсээр хууль цаазыг давдаг чанар нь үндэстэндээ бахдал төрүүлсэн хэрэг юм. ХХ зуунд монголчууд иргэншин хөгжих явцдаа ч Зөвлөлтийн дагуул улс байх тавилантай учирчээ. Албан ёсны тусгаар тогтнолтой ч гэсэн төрөөр нь дамжуулан бодлогоо тулгасан Зөвлөлтийн талыг эсэргүүцэх хэлбэр нь уламжлалаа дагаад хуулийг болж л өгвөл эс хэрэгсэх арга байлаа. Чухам ийм утгаараа, хэдийгээр гэмт хэргийн ертөнцийн төлөөлөл боловчтөрөөр дамжуулан эрхшээлдээ байлгаж буй Зөвлөлтүүдийг хуулийг сөрөх замаар эсэргүүцэгч хулигаанууд хэмээх шинэ цагийн сайн эрсийн иймэж бас бүрдэж байв.
Амьдралынхаа тодорхой үеийн социалист системд өнгөрөөсөн улс “Уг номоороо бол болохгүй эд. Гэвч би чамайг бодоод…ингэе, тэгье, дуугүй өнгөрөөе” гэсэн хэллэгийг сайн санаж байгаа. Ихэнхдээ төлөв төвшин, хүн сайтай, хүний мууд дурладаггүй, шударга голч хүний амнаас гарч байсан энэ хэллэгүүд олон арван хүний хэргийг бүтээж, хэлмэгдэн хохирохоос аварч байсныг ч бас андахгүй.Энэ нь илүү сэхээтэнлэг орчинд, боловсон маягаар Зөвлөлтийг эсэргүүцэх хэлбэр байж.
Иймэрхүү сүүлийн гурван зууны туршид хууль цаазыг хамтран амьдрах урлаг гэхээсээ илүү түрэмгийлэгчдийн тулгасан хүчирхийллийн илэрхийлэл, боломжоороо эсэргүүцэн дургүйцлээ илэрхийлэх объект талаас нь харж сурсан үндэстэн бөлгөө, монголчууд.
Яг энэ утгаараа хуулийг өөрийнхөөрөө ойлгон, эрх мэдлээрээ гуйвуулан хэрэглэж өрсөлдөгч этгээдээ дарах урлаг тал нутагт гурван зуун дамжин хөгжсөн гэж үзэж болно. Тааламжгүй этгээдийн Манжийн хааны дайсан, Зөвлөлтийн эсрэг этгээд болгон дүрсэлж, гөрдөн унагаж чадсан түүх үлэмж олон. Хуулиар юуг яаж журамласан нь сонин биш харин түүнд юмыг “яаж хамааруулах, эс хамааруулах” урлаг тал нутагт ихэд хөгжсөн гэсэн үг.
Шинэ нөхцөлд амархан орж, өөрийнхөөрөө хувиргах төрөлх чадвар нүүдэлчин ард түмэнд, монголчуудад түгээмэл. Монголчууд ч ардчилсан ертөнцөд нэг талаасаа амархан дасан зохицож байгаа боловч өрнөдөд маш сайнаа харуулсан олон арван дэг журмыг монгол маягаараа сөрөх, урвуулан ашиглах чадвар суусан аж. 1990-ээд оноос хүний нийгмийн хөгжлийн нийтлэг замд орж ирсэн монголчууд хуулийн дор амьдарч сурахад дээр өгүүлсэн хоёр муу зан буюу хуулийг сөрж эсэргүүцдэг араншин, мөн түүний үг үсгийг сөргөлдөгч этгээдээ дарах хэрэгслэл болгон хувиргадаг “увидас” хамгийн их садаа болж байна.
Ардчилал бол юун түрүүн хуулийн өмнө тэгш байх зарчим юм. Харин “социалист аж төрөх ёс”-ны хүрээнд иргэншлийн анхны сургуулиа эхэлсэн нүүдэлчин монголчуудын хувьд ийм зарчимд дасах амаргүй бас нэг шалтгаан буй. Энэ нь сүүлийн гурван зууны туршид хууль цааз үе үе чангаран, аажимдаа сульдсан шударга ёсыг сэргээгээд дахин амсхийдэг аятайгаар хүлээн авч дассан уламжлалтай холбоотой бэрхшээл юм. Монгол хэлнээ “Цаг төр хатуурах” гэсэн хэллэг бий агаад хууль цааз үе үе чангаран биелж эхлэх мөчлөгийг нэрлэдэг. Манжийн болон Зөвлөлтийн үед хууль цааз ийнхүү үе үе чангарч, үе үе амсхийж ирсэнд дассан монголчуудыг “Зөвхөн ногоон гэрлээр зам хөндлөн гарах сар” зохиож байгаад гайхах хэрэггүй…