Categories
мэдээ нийгэм

Нурах аюултай 41 барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

МХЕГ-аас ашиглалтын шаардлага хангаагүй, олон жил болж буй барилга байгууламжид хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Шалгалтын явцад төрийн өмчит 656 сургуулийн 242 нь аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгаа тухай дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, Гадаад хэлний дээд сургууль, ШУТИС-ийн II байр, МУИС-ийн “Г” байрны үйл ажиллагааг зогсоон, СУИС-ийн төв байранд засвар шинэчлэл хийх шаардлага тавьжээ. 686 цэцэрлэг уг шалгалтад хамрагдсанаас 251 нь ашиглалтын шаардлага хангаагүй, нийслэл, орон нутгийн 532 эмнэлгийн 161 нь эмчилгээ үйлчилгээ авч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 37, нийслэлд 12 байгууллага зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхэлж байжээ. Соёл урлагийн байгууллагын 401 барилга байгууламжаас 194 нь иргэдэд үйлчлэх боломжгүйг тогтоосон байна. Олон жил болсон, ашиглалтын хугацаа дууссан ДБЭТ (1950 он), УДЭТ (1958 он), ЦДБЭЧ (1937 он), Байгалийн түүхийн музей (1956 он), Спортын төв ордон (1958 он) үүнд багтжээ.

Мөн ашиглаж байгаа орон сууцны 3000 барилгын 260 нь олон жил болсон, ашиглалтын шаардлага хангахгүй байгааг тогтоож, нурах аюултай 41 барилгын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Олон хүнд эрсдэл учруулж болзошгүй Урт цагааны барилга, төмөр зам, сүүний үйлдвэрийн ажилчдын байрыг яаралтай засах шаардлагатай аж. Шалгалтад хамрагдсан сургуулийн 60, эмнэлгийн 40, үйлчилгээний байгууллагын 25, орон сууцны 15 хувь нь засвар үйлчилгээ хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *