Хоёр ч суудал нь суларсан УИХ-ыг нөхөх сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлсэн.
Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст өнөөдөр үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.
Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцоно.
Тодруулбал, эрх баригч намын Бага хурлын гишүүдийн 95 хувийн саналаар Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр батламжилсан юм. Харин Хэнтийн 18 дугаар тойрогт МАН-аас одоогийн Засаг дарга Ц.Идэрбат нэр дэвшихээр болсон.
Харин хоёр хуваагдаад буй Ардчилсан нам нөхөн сонгуульд ч тусдаа оролцох хүсэлт илгээсэн. Гэвч Сонгуулийн Ерөнхий хороо М.Тулгат даргатай АН-ыг бүртгэсэн юм. Тус намын ҮБХ хуралдаж 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгосон. Харин өмнөх сонгуулиар энэ тойрогт өрсөлдөөд ялагдсан Улсын баатар Э.Бат-Үүл Сонгинохайрханд өрсөлдөхөөр болсон.
2020 оны сонгуулиар парламентад суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийн хувьд Сонгинохайрханы 28 дугаар тойрогт ХҮН-ын УЗ-ийн дарга, эдийн засагч Б.Найдалааг дэвшүүлэхээр болсон юм. Харин Хэнтийн 18 дугаар тойргийг алгасаад буй юм.
Түүнчлэн парламентад суудалтай улс төрийн гурван хүчнээс гадна УИХ-ын гаднахь намуудаас хэд хэдэн улс төрч нэр дэвшинэ.
Аль тойрогт хэн нэр дэвшихийг дэлгэрүүлбэл:
18 дугаар тойрогт гурван нам, нэг бие даагч нэр дэвшинэ
- Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
- Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН
28 дугаар тойрогт найман нам, нэг эвсэл, нэг бие даагч нэр дэвшинэ
- Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
- “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
- Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ