Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны дээд түвшний хоёрдугаар хурал Буэнос-Айрес хотноо болж байна

Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрес хотноо энэ оны гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны Дээд түвшний хоёрдугаар хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хурлын үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ны өдөр эхэлж, нээлтэд Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макри, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны албаны дарга Хорхе Чедик нар оролцож, үг хэлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хурлын ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж буйг мэдэгдээд өнгөрсөн 40 жилийн хугацаанд хөгжил цэцэглэлтийн гадна хэнийг ч үл орхихын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн эрхэм үйл хэрэгт хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорил, бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг олоход Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны механизм бодит хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны албаны дарга Хорхе Чедиктэй уулзаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж болоод Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Энэ удаагийн хуралд нийт 193 орны 1500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэ дашрамд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа нь хөгжиж буй орнуудын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчин, техник, технологийн салбар хоорондын хамтын ажиллагааг хоёр тал, бүс нутгийн болон бүс нутаг хоорондын түвшинд хөгжүүлж, тэднийг хамтын хүчин чармайлтаар хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *